Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг энэ өвлийн турш хааж, ирэх хавраас шинэчлэн барина гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн нь олон хүний эсэргүүцэлтэй тулгараад буй билээ. Тэгвэл уг гүүрийг энэ сарын 8-наас арванхоёрдугаар сарын 1 хүртэл хаахаар болсныг тус байгууллагаас өчигдөр мэдэгдэв. Энэ хугацаанд Зайсан орчмын бохир усны шугамыг шинээр татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх гэнэ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн үүний талаар “2022 онд Зайсангийн хос гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоогоор баруун талын шинэ гүүрний барилгын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээгээд байна. Харин хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барина. Хуучин гүүрний хөдөлгөөнийг ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл түр хааж, бохир усны шугам сүлжээ холбох ажил хийх юм. Үүний дараа хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрийг дахин хааж, буулгах юм” гэв.
Тус гүүрийг 1968 онд буюу 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. “Түүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан” гэж албаныхан иргэдийг “айлгах” болсон юм. Гэвч олон улсад бол нэг гүүрээ засаж, хүчитгээд хэдэн зуун жил ашигладаг жишиг байдгийг мэргэжлийн хүмүүс сануулсаар байна.