Аравдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө зарим аймагт хур тунадас орсноос орон нутгийн замд халтиргаа гулгаа ихсээд буйг онцгой байдлын болон цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Өчигдрийн 08.00 цагийн байдлаар Баян-Өлгий, Хөвсгөл, Хэнтийн баруун, Архангай, Завханы өмнөд, Баянхонгорын хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 0.1-13 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтов. Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг сумд 13, Байдрагт 11 см цасан бүрхүүл тогтсон нь тухайн өдрийнхөө хамгийн өндөр үзүүлэлт болсныг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Баянхонгорын Галуут, Төв аймгийн Мөнгөнморьтод долоо, Завханы Цагаанчулуутад зургаа, бусад нутагт тав хүртэлх см зузаан цас оржээ.
Үүний улмаас зарим байршлын авто замд халтиргаа гулгаа үүссэнийг “Зам, тээврийн хөгжлийн төв”-өөс жолооч, зорчигчдод сэрэмжлүүлсэн юм. Тухайлбал, өчигдрийн байдлаар Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаанаас Баруун-Урт, Чойбалсан, Баян-уул хүрэх чиглэлд хөдөлгөөн саадгүй үргэлжилж байсан ч зарим хэсэгт нь халтиргаа ихтэй, цасан хялмаа, бүрхүүл тогтсон, авто замын засвар, арчлалт хариуцсан орон нутгийн компаниуд үзлэг, шалгалт тогтмол хийж буйг дээрх газраас мэдээлсэн. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замд ч халтиргаа ихтэй, огцом эргэлттэй уулзваруудад осол гарах эрсдэл нэмэгдсэнийг жолооч нар олон нийтийн сүлжээнд бичиж, сэрэмжлүүлсэн.