Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй, үйлдвэрийн бүсэд 7596, нийт 88 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлэв. Нийслэлийн айл өрхүүд халаалтын улиралд ойролцоогоор 700 мянга орчим тонн түлш хэрэглэдэг юм байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн гурван маршрутаар явуулдаг аж. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван эргэлтээр түлш тээвэрлэж буй гэнэ. Нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллаж байна.
Ташрамд дурдахад, “Тавантолгой түлш” компанийн төвийн бүсийн үйлдвэр нь жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Халаалтын улиралд хоёр шугамаа ажиллуулж, хоногт дунджаар 600-800 тонн түлш үйлдвэрлэдэг аж. Зүүн бүсийн үйлдвэр нь мөн л жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор гурван шугам ажиллуулж, хоногт 2100-2300 тонн түлш үйлдвэрлэж буй гэнэ.