Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнгөрсөн сарын 28-нд Б/15 тоот тушаал гаргаж, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд түр томилжээ. Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар Д.Алтанхуяг МАН-ын жагсаалтын 31 дүгээрт бичигдсэн юм. Сонгуулийн үр дүнд тус намын жагсаалтаас эхний 18 нь парламентад сонгогдсон тул Д.Алтанхуяг УИХ-ын гишүүн болж чадаагүй билээ. Гэсэн ч тэрбээр мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү “ирэв”.
Монгол болон Япон, АНУ-ын театруудад ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж явсан балетчин гэдгээр нь Д.Алтанхуягийг олон нийт мэднэ. 2010 онд Монголын балетын хөгжил санг үүсгэн байгуулж, өдий хүртэл тэргүүнээр ажиллаж буй тэрбээр сүүлийн жилүүдэд эх орондоо амьдарч байгаа юм. Уг сангаараа дамжуулан сонгодог бүжгийн сургалт зохион байгуулах, олон улсын тоглолт, уралдааныг эх орондоо зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
ДБЭТ-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурав дахь захирлынхаа нүүрийг ийнхүү үзэж байна. Тодруулбал, тус театрын захирлаар багагүй хугацаанд ажилласан Ц.Төвшинтөгс 2023 оны долоодугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний оронд Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяаг түр томилох шийдвэрийг Соёлын сайд тухайн үед гаргаж байв. Улмаар энэ онд түүнийг “жинхэлсэн” ч уг албан тушаалдаа төдийлөн удсангүй.
Ташрамд дурдахад, тус театрын удирдлагуудын халаа сэлгээ нь голчлон уран бүтээлчдийн эсэргүүцлээс үүджээ. Тухайлбал, Ц.Төвшинтөгсийг уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудалд анхаараагүй, уран бүтээлийн чанарыг сайжруулах чиглэлээр ажиллаагүй зэрэг шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардаж байв. Б.Сарантуяагийн хувьд мэргэжлийн бус хүн гэдгээрээ уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан сурагтай байна.