Өмнөд хөршийн Жоушань хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон Азийн зургаа дахь удаагийн АШТ-ий 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголоос “Мон-Алтиус” багийнхан мөнгөн медаль хүртэж, дэлхийн оюутны ДАШТ-д оролцох урилга хүлээн авсан. Олон улсын оюутны спортын холбооны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Шиамен хотод ирэх сарын 22-нд эхэлнэ.
Гурав хоног үргэлжлэх тус тэмцээнд тивийн урьдчилсан тэмцээнээс шалгарсан шилдэг 12 баг урилгаар оролцох юм. Тус тэмцээнийг 2016 онд анх зохион байгуулахад манай улсын баг алт, мөнгөн медальтай ирсэн билээ. Энэ удаагийн тэмцээн уламжлал ёсоор Шиамен хотын Хуачиао их сургуульд болох юм. Оюутны ДАШТ-д өрсөлдөх Монголын багийг Гавьяат дасгалжуулагч С.Тулга ахална.