Эрчим хүчний үндэсний хорооны гишүүд өчигдөр мэдээлэл хийж, тус салбарын реформыг цахилгаан, дулааны үнэ нэмснээр эхлүүлж буйгаа зарлалаа. Шадар сайд Т.Доржханд “Бид түүхэндээ анх удаа парламентын реформ хийж чадсан. Харин одоо тулгамдаад удсан, ужгирсан асуудлуудад тогтолцооны реформ хийх замаар томоохон бүтээн байгуулалтуудаа урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байна. Бидний хийх хамгийн эхний суурь реформ бол эрчим хүчнийх. Үүнийг зөвхөн үнэ тариф өөрчлөх төдий бус, цогц асуудал гэж ойлгох хэрэгтэй” гэж иргэд, олон нийтэд баахан учирлав. Үүний араас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбарт санхүүгийн болон техникийн хосолсон хямрал нүүрлэсэн. Реформ хийхээс аргагүйд хүрсэн” гэж хүч нэмсэн юм. Ингээд Засгийн газар, УИХ-ын гишүүд сүүлийн сар гаруйн турш ярьж, иргэдийг талцуулан маргалдуулж, “хямраасан” шийдвэрээ албан ёсоор баталгаажууллаа.
Тэд “Цахилгааны үнийг нэмж бус, чөлөөлж реформ хийнэ” хэмээн удаа дараа мэдэгдсэн ч төрийн оролцоог хязгаарлаж, зах зээлийн зарчмаар тариф тогтоохыг зорьсонгүй. Эрчим хүчний салбарын хямрал, доголдол туйлдаа хүрснийг харуулсан өнгөрсөн он жилүүдэд, 2023-2024 оны өвөл, хаврын тэг зогсолтын үеэр таг дуугүй, дүлий дүмбэ байсан улс төрчид парламентын сонгууль дуусангуут, иргэдийн санал чухал бус болсон үед айдгаа авдартаа хийлээ гэсэн шиг ийнхүү авирлаж буй нь тохуурхаж байгаа үйлдэл гэлтэй. Тэгээд дүн өвөл, цахилгаан, дулаанаас хамгийн хамааралтай үед “эр зориг” нэрийн дор иргэдийнхээ нуруун дээр ачаа нэмэх болсон нь дэндүү харгис шийдвэр юм.
Эрчим хүчний салбарт реформ хийх цаг нь болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Үнийг нь өртөгт нийцүүлэн тогтоох шаардлага ч бий. Гэхдээ яг өнөөгийн энэ хөл, толгой нь алдагдчихсан, тогтолцоо нь тэр чигтээ гажуудчихсан нөхцөлд суурь асуудлаа “оношлох”-ын оронд үнэ тарифаар “оролдож” буй нь нь алдагдлаа нөхөх гэсэн зорилготой л гэж харагдаж байна. Энэ шийдвэр иргэдэд л хамгийн хүнд тусна. Цахилгаан, дулааны үнийн өсөлтийг дагаад хэрэглээний бараа, үйлчилгээний өртөг ч нэмэгдэнэ. Иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар улам л дордоно л гэсэн үг. Өдрийг аргацаан амь зууж буй иргэд буюу хүн амын 30 хувьд энэ шийдвэр ямар хүнд тусахыг төсөөлж байна уу. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж яваа дундаж давхарга буюу хүн амын бараг 60 хувьд ямар ачаа үүрүүлэх гэж байгааг тооцоолсон уу. Төсвийн орлогыг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүд үнийн дарамтаас болж хаалгаа барихад хүрвэл эрхэм сайд, дарга нарт хамаагүй гэж ойлгож болох уу. Инфляц, татварын дарамт өндөр манайх шиг оронд суурь үнэтэй холбоотой аливаа асуудалд эрх баригчид хянуур хандаж, олон талаас нь бодож шийдвэр гаргах учиртай юм.
“Цахилгаан, дулааны үнийг хэдэн төгрөгөөр нэмэх талаарх нарийвчилсан мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооноос удахгүй өгнө” гэж Б.Чойжилсүрэн сайд өчигдөр хэлсэн. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг асуудлаар хуралдаж байгааг мэдээлсэн ч сонины дугаар шилжих мөчид тодорхой болсон зүйлгүй, таг чиг байв. Яг үнэндээ тэд үнэ нэмэхтэй холбоотой тооцооллоо хэдийн хийчихсэн л байгаа. Гагцхүү олон нийтийн хэл ам, шүүмжлэлээс болгоомжилсондоо л хэдэн өдрийн өмнөөс нийгмийн сэтгэл зүйг тандан, янз бүрийн мэдээлэл цацан “судалсан”-ы эцэст өөрсдөө ийнхүү “жүжгийн тайз”-нд гарч ирсэн нь энэ. Магадгүй иргэд, олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөхгүйгээр маргаашаас цахилгаан, дулааны үнийг шинэчилсэн тарифаар тооцож эхлэхийг ч үгүйсгэхгүй. Ингэвэл эрчим хүчний чадлын дутагдлаас бус, эдийн засгийн чадамжгүйгээсээ болоод олон айл энэ өвөл хөлдөх байх шүү, харалган улс төрчид өө.
Н.Мишээл