ОХУ-ын Буриадын Эрхүү хотод энэ сарын 4-7-нд зохион байгуулах олон улсын оюутны сагсан бөмбөгийн тэмцээнд дасгалжуулагч М.Амаржаргалын удирдлагад ШУТИС-ийн “Шаркс” баг оролцоно. Тус баг нь оюутны универсиад наадам, лиг, УАШТ-д тус бүр дараалж таван удаа түрүүлсэн. Олон улсын оюутны сагсан бөмбөгийн тэмцээн их, дээд сургуулиудынх нь спорт зааланд, хагас шигшээ, шигшээ тоглолт “Труд” спортын төв ордонд болох юм. Монголын тамирчдыг үндэсний Эрхүүгийн шинжлэх ухаан, техникийн их сургуулиас хүлээн авч, хариуцан ажиллахаар болжээ.
Тэмцээнд ОХУ-ын муж, хотуудын баг тамирчдаас гадна БНХАУ, Төв Азийн орнуудын шилдэг баг өрсөлдөх нь. Тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд довтлон тоглогчоор Л.Сумьяабазар, А.Адьяа, Б.Лхагвадорж, Б.Мөнх-Ундрах, Т.Одхүү, төвийн байрлалд Б.Санчирболд, Г.Үнэнтөгс, А.Мөнгөнчөдөр хамгаалан тоглогчоор Б.Баттүшиг, Э.Цэрэнням, И.Эрдэнэбаяр, Т.Тэмүүлэн нар тоглохоор бэлтгэлээ базааж байна. Манай тамирчид маргааш хойд хөршийг зорино.