“AFC challenge league”-ийн зүүн бүсийн тоглолтууд Улаанбаатарт өрнөж байна. Е хэсэгт тоглох Камбож улсын лигийн аваргууд хүрэлцэн ирж, хэсгийн баг бүрдэв. Хэсгээс хоёр баг цааш шалгарч, нөгөө хэсгийн багуудтай учраа таарах бөгөөд Ази тивийн клубийн түвшний олон улсын аяллаа үргэлжлүүлэх юм.
Монголын хөл бөмбөгийн холбоо Азийн клубийн түвшний олон улсын тоглолтыг хүлээн авахаар ажиллаж, нээлтийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Талбайн эзэн “СП фалконс”-ынхон 2023-2024 оны улирлын Камбожийн лигийн аварга “Преа хан свэй риенг” клубийнхэнтэй хоёр дахь тоглолтоо өрнүүлж, 1:0-ээр хожигдов.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын хөл бөмбөгийн холбооны шүүгч Б.Мөнх-Оргил, Х.Энхжин нар БНСУ-ын S академийн шүүгчидтэй туршлага солилцоод иржээ. Азийн хөл бөмбөгийн холбооны төдийгүй гишүүн холбоод шүүгчдээ академичилсан хэлбэрээр бэлдэж эхэлсний нэг жишээ нь тус академи. Сургалтыг БНСУ-ын шүүгчийн хэлтсийн удирдах албан тушаалтнуудаас гадна ОУХБХ, АХБХ-ны сургагч багш нар удирдан явуулсан байна.