126 гишүүнтэй анхны парламентад аймгийн Засаг дарга байсан таван хүн сонгогдсон билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-д нэр дэвших хамгийн боломжит “гүүр” бол аймгийн Засаг даргын алба гэдэг. Энэ ч утгаараа орон нутгийн сонгуулийн дараа ялсан намын доторх уг албан тушаалын төлөөх өрсөлдөөн ширүүсдэг. Шинээр бүрдсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид эдүгээ Засаг дарга нараа тодруулж бараг дуусав. Засаг дарга нарт нэр дэвшигчид хэн нь хэн бэ гэдгийг бид өнгөрсөн лхагва гаргийн дугаартаа эхнээс нь 10-ыг нь танилцуулсан. Энэ удаа Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод, Төв, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарын тухай мэдээллийг хүргэе. Ташрамд дурдахад, үлдсэн гурван аймаг буюу Хөвсгөл, Булган, Говьсүмбэрийн ИТХ хуралдаагүй, Засаг дарга нараа тодруулаагүй байна.
Засаг даргад нэр дэвшигчдийн дунд сайн нь ч, саар нь ч бий аж. Тухайлбал, “засаг ноёд”-ын дотор газрын наймаачин, тендерчин, улс төрийн өндөр албан тушаалтнуудын “гар хөл”, цүнх баригчид цөөнгүй байгааг, бүр цаашлаад гэмт хэрэгт шалгагдаж буй нэгэн ч багтсаныг иргэд шүүмжилсээр буй юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.6-д заасны дагуу аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналыг авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжилснаар Засаг даргыг томилох юм.
Ховд аймгийг АН-ын М.Амарсанаа захирна
Тус аймгийн ИТХ-д АН 27, МАН 14 суудал авсан билээ. Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад АН-аас М.Амарсанааг нэр дэвшүүлэв. Нээлттэй хураасан саналын дүнгээр түүнийг Засаг даргаар томилуулахыг дэмжжээ.
М.Амарсанаа аймгийн ИТХ-д гурав дахиа сонгогдож буй бөгөөд 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай аж. ИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр тэрбээр “Цаашид орон нутгийнхаа үйлдвэр, үйлчилгээний салбар болон бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Түүх, соёл, гадаад харилцааны салбарын хөгжлийг шат ахиулж, төсөв, хөрөнгө оруулалтыг ил тод нээлттэй болгоход онцгой анхаарч ажиллана” гэсэн амлалт өгчээ.
Увсын “унаган” төлөөлөгч дэвшлээ
Увс аймгийнхан Засаг даргаараа С.Батжаргалыг томилуулахаар уламжилжээ. Өнгөрсөн сарын 17-нд төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын даргад П.Баттулга, аймгийн Засаг даргад С.Батжаргал нарыг нэр дэвшүүлсэн аж. Төлөөлөгчдийн олонх нь тэднийг дэмжсэн байна. Тодруулбал, тус аймгийн ИТХ-д МАН 18, АН 15, бие даагч хоёр суудал авсан бөгөөд Засаг даргад МАН-аас С.Батжаргалыг, АН-аас Д.Цэндсүрэнг нэр дэвшүүлэхэд таван хувийн зөрүүтэйгээр Засаг дарга тодорчээ.
С.Батжаргал нь 1982 онд Увс аймгийн Улаангомд төрсөн, нягтлан бодогч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагуудад 22 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр 2016-2020 онд аймгийн ЗДТГ-ын дарга, 2020 оноос ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Ташрамд дурдахад, тэрбээр 2020 оноос аймгийн МАН-ын хорооны даргын албыг хашиж буй.
Дорнодчууд “нутгийн хүү”-гээ дэмжив
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Ш.Ёлыг Засаг даргад дэвшүүлэхээр санал нэгдлээ. МАН 20, АН 14, ХҮН нэг суудалтай тус аймгийнхан “нутгийн хүү”-гээ ийн дэмжив. Тэрбээр, 1988-1998 онд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургууль, 1999-2003 онд ШУТИС-ийг төгсөж, 2009-2011 онд Удирдлагын академи, ШУТИС-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2003-2006 онд “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨҮГ-т диспетчер, хүний нөөцийн менежер, 2006-2012 онд “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дарга, 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй юм.
Баян-Өлгийд Е.Зангарын нэрийг дэвшүүлжээ
Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооноос ИТХ-ын анхдугаар хуралдааныг өнгөрсөн сарын 28, 29-нд хийв. Хуралдаанд АН-ын 23, МАН-ын 18 төлөөлөгч оролцох ёстой ч МАН-ын бүлэг тодорхойгүй шалтгаанаар хуралдаа оролцоогүй аж. Сонгуулийн хорооны дарга А.Серикболат “МАН-ын бүлэгт хуралдааны хугацаа заасан албан бичиг илгээсэн. Хэд хэдэн удаа утсаар ч мэдэгдсэн. Хариу өгөөгүй. Аймгийн ИТХ дахь олонхын бүлэг хуралдаанаа эхлүүлэх эрхтэй” гэж мэдэгдсэн. Ингээд хамгийн ахмад төлөөлөгч Х.Батырбек хуралдааныг даргалж, 56.9 хувийн ирцтэйгээр ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг тодруулжээ.
Засаг даргад АН-аас Е.Зангарын нэрийг дэвшүүлэв. Намынхан нь түүнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Тэрбээр 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн, Улсын багшийн дээд сургууль, Намын дээд сургуулийг төгссөн, багш мэргэжилтэй аж. 1991-1994 онд аймгийн Залуучууд, спорт хорооны даргын орлогч, 1992 оноос “Самал” компанийн захирал, 2001-2007 онд аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, 2007-2011 онд АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2016 онд Гаалийн газрын орлогч дарга, 2016-2020 онд АН-ын даргаар, мөн 2016-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.
Завханчууд Г.Өнөрбаярыг улираав
Тус аймгийн ИТХ-д МАН 19, АН 15, бие даагч нэг суудал авсан билээ. Тэд анхны хуралдаанаа хийж, Засаг даргаа тодруулаад буй нь энэ. МАН-ын бүлгээс Г.Өнөрбаярыг, АН-ын бүлгээс Б.Төрмөнхийг нэр дэвшүүлж, санал хураахад төлөөлөгчдийн 57.1 хувь нь Г.Өнөрбаярыг дэмжжээ. Түүнийг 2023 оны зургаадугаар сард Завхан аймгийн Засаг даргаар томилсон бөгөөд ажлаа ийнхүү үргэлжлүүлэхээр болжээ.
Г.Өнөрбаяр нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын I дунд сургуулийг 1997 онд төгсөөд, МУИС-д элсэн суралцжээ. 2001 онд их сургуулиа төгсөөд, үргэлжлүүлэн МУИС-д цагийн болон дагалдан, үндсэн багшаар 2009 он хүртэл ажилласан аж.
Энэ хугацаанд Г.Өнөрбаяр Гадаад харилцааны болон Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга хийгээд амжжээ. Өөрөөр хэлбэл, түүний улс төрийн замнал нь 2009 оноос эхэлж, тухайлбал, 2009-2012 онд Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх, 2013-2016 онд УИХ-ын Тамгын газар, МАН-ын бүлэгт зөвлөх, ажлын албаны дарга, 2016-2023 оны дөрөвдүгээр сар хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
МАН хуралдааныг орхиж, АН Засаг даргыг тодруулав
Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өнгөрсөн сарын 29-нд 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Тус аймгийн ИТХ-д АН, МАН нэгхэн суудлын зөрүүтэй байгаа. Тодруулбал, АН 21, МАН 20 суудал авсан. Аймаг болон сумын ИТХ-д давхар нэр дэвшсэн АН-ын хоёр төлөөлөгчийг хуралдаанаас хасаж, 39 хүний бүрэлдэхүүнтэй хуралдах саналыг МАН-ын бүлгээс тавьсан юм билээ. Уг саналын хариуд АН-ын дарга Л.Төмөрчөдөр “Хууль зөрчсөн бол шүүхэд гомдол гаргах хэрэгтэй. Шүүхийн шийдвэр ч гараагүй байхад хуралд суухаар ирсэн төлөөлөгчдийг хөөж болохгүй, оролцуулах нь зөв” хэмээсэн. Улмаар хурлаас завсарлага авах гэсэн МАН-ынхны хүсэлтийг хурал даргалагч хүлээж аваагүй. Дуулиан шуугиан болж МАН-ын бүлгийнхэн ИТХ-ын анхны хуралдаанаа орхин гарсан байдаг. Ингэснээр хуралдаан 21 төлөөлөгчтэйгөөр буюу 52.5 хувийн ирцтэй үргэлжилж, ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэрсийг тодруулж, Ерөнхий сайдад уламжилсан билээ. АН-ын төлөөлөгчид Засаг даргад намын дарга (аймгийн), Сэргэлэн сумаас сонгогдсон Л.Төмөрчөдөрийг дэвшүүлсэн юм. Аймгийнхаа АН-ын даргаар ажиллаж буй түүнийг Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч байснаар нь мэдэх хүн цөөнгүй биз ээ.
Говь-Алтайн тендерийг “түүдэг” гэх Г.Чинбатыг батламжлах уу
Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Чинбатыг Говь-Алтай аймгийнхан албан ёсоор батламжлуулах хүсэлт гаргалаа. Аймгийн ИТХ-д АН 18, МАН 11 суудал авсан. Тэгвэл АН-ын бүлгээс Г.Чинбатыг нэр дэвшүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн олонх нь түүнийг дэмжсэн байна. Тэрбээр 2024 оны долоодугаар сараас аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй.
Говь-Алтай аймаг нь өрсөлдөх чадварын үзүүлэлтээр сүүлийн дөрвөн жилд сүүл мушгижээ. Нэмээд, Г.Чинбатын эхнэрийн 100 хувийн өмч “Аксу алтай” компани нь гэхэд л Говь-Алтайн бүх тендерийг “түүдэг” гэж нутгийн зарим иргэн ярих юм билээ. Тус компанийнхан Бугат сумд спорт заал, соёлын төв, Алтай хотод бохирын шугам сүлжээ, сургуулийн өргөтгөлийн барилга барих тендерт шалгарч байжээ. Г.Чинбатыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч байхад нь, бүр өөрийнх нь сонгогдсон Бугат сумын бүтээн байгуулалтын ажлуудыг эхнэрийнх нь компани хийсэн гэхээр хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй гэж харддаг аж. Г.Чинбатыг хамаарал бүхий компаниараа төрийн албанд байхдаа тендер авч, мөн бетон зуурмагийн үйлдвэрлэл зөвшөөрөлгүй явуулж, хууль бус олборлолт хийдэг иргэдэд захиалга өгч, авдаг гэх үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлтийг ч гаргаад байгаа гэнэ. Эл шалтгаанаас болсон уу, түүний Засаг даргын эрхийг Ерөнхий сайд батламжлахгүй, хойшлуулаад байгаа сурагтай.
Улсын наадмын даваа “наймаалцагч”
Өмнөговь аймгийн ИТХ-д МАН 21, АН 13, ХҮН нэг суудал авсан. Төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа өнгөрсөн сарын 24-нд хийж, Засаг даргад Н.Энхбатыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр 2012 оноос хойш аймгийн ИТХ-д ийн дөрөв дэхээ сонгогдож буй юм байна. Өдгөө 39 настай тэрбээр ХААИС-ийг эдийн засаг, бизнесийн менежментээр төгсөж, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 2014-2015 онд Британид хэлний бэлтгэл, 2018 онд БНСУ-ын Сөүл хотод “Күүкмин” улс төрийн сургуульд төрийн удирдлагын менежментээр тус тус мэргэжил дээшлүүлсэн гэж намтартаа бичсэн байна. 2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, 2023 оноос ИТХ-ын даргын албыг хашжээ.
Н.Энхбат Засаг даргын орлогч байхдаа улсын баяр наадмын бөхийн барилдааны даваа наймаалцсан хэрэгт нэр нь холбогдож, утсаар ярьж буй бичлэг нь нийгмийн сүлжээнд цацагдсан билээ. Үүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаад өнгөрч байв. Ташрамд дурдахад, Н.Энхбат нь ХААН банкны Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар 2010-2020 он хүртэл 10 жил ажилласан нь намтарт нь үлджээ.