Умард Солонгосын 11 мянган цэрэг Украинд дайтахаар Орост ирээд бэлтгэл хийж байна гэж Украины Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов энэ сарын 18-нд мэдэгдэв. Өмнөд Солонгос ч үүнтэй дуугаа авалцан мөн өдөр энэ талаар мэдээллээ. “Оросын нутаг дэвсгэр рүү Умард Солонгосын олон мянган цэрэг хөдөлснийг хиймэл дагуул тэмдэглэж авчээ” хэмээн Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл хоёр хоногийн дараа тэмдэглэв. Украины Ерөнхийлөгчийн хэлснээр бол Умард Солонгос тус бүр нь 6000 хүнтэй хоёр бригад Орос руу явуулж, 23-ны өдөр Курскэд очих байв. Улмаар 27-28-нд байлдаан болж буй газар Умард Солонгосын цэрэг очсон байх болно гэж Украины тагнуулын байгууллага үзсэн юм.
Энэ талаар дэлхий одоо ид шуугьж байна. Ким Жөн Уны дэглэмийн түрэмгий байдал идэхжиж буй нь түүний гол ивээгч Хятадын санаанд нийцэхгүй байгаа гэнэ. Орос, Умард Солонгосын цэргийн салбар дахь хамтын ажиллагаа бүс нутаг дахь тэнцвэрийг алдагдуулахаас Бээжин ихээхэн болгоомжилж буй аж. Умард Солонгосын цэрэг Орост ирснийг Путин ч үгүйсгэсэнгүй. Москва, Пёньян хоёр ойртвол Солонгосын хойгийн тогтвортой байдал алдагдана. Москвагаас Пёньян илүү орчин цагийн цэргийн технологи, түүний дотор пуужин, цөмийн хөтөлбөр авбал бүс нутаг дахь зэвсгээр хөөцөлдөх явдлыг дэвэргэнэ гэж Хятадын шинжээч үзэв. Хүйтэн дайны үеийн ЗХУ, Умард Солонгос, Хятадын “умардын гурвалжин” Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын “өмнөдийн гурвалжин”-г сөрөн зогсож байсан үе давтагдахаас Бээжин бүхий л аргаар зайлсхийхийг хүсэж байна. БРИКС-ийн саяны дээд хэмжээний уулзалтын үеэр Си Зиньпин Украин дахь үйл явдлын тухай “гал дээр тос хийлгүй”, гурав дахь улсыг түүн рүү татан оруулахгүй байхын чухлыг онцлон мэдэгдлээ.
Умард Солонгосын цэргүүд одоохондоо юу юугүй Оросын талд ороод Украинтай тулалдчихаагүй байна. Гэхдээ л тэд Курскэд очоод байгаа нь тодорхой болов. Украины өндөр албаны хүний ярьснаар Умард Солонгосоос илгээсэн цэргүүдийг Ил-76 онгоцоор Оросын баруун нутагт байх нисэх онгоцны буудалд аваачсан, удалгүй байлдаан болж буй бүсэд хүргэх гэж байгаа аж.
Баримтаас үзвэл, өнгөрсөн оны наймдугаар сараас Пёньян өөрийн улсад үйлдвэрлэсэн 122 болон 152 мм-ийн калибр, “Hwasong-11” загварын 100 орчим пуужин, танк эсэргүүцэх “Bulsae-4” хэрэгсэл Орост нийлүүлжээ. Украины тагнуулын байгууллагын мэдээллээр сүүлийн үед Кремлийн цэргүүдийн ашиглаж буй зэвсгийн ердөө 30 хувь нь Оросын үйлдвэрийнх, 60 хувь нь Умард Солонгосынх, 10 хувь нь Ираных байжээ. Умард Солонгосын цэргүүдийг Кремль зэвсэг, дүрэмт хувцсаар хангаж, Оросын зүүн бүс нутгийн оршин суугчид болгож харагдуулах хуурамч биеийн байцаалт олгох болсныг Өмнөд Солонгосын олж авсан баримт нотолж байгаа гэнэ. Америкийн талын мэдээллээр бол Умард Солонгосын 3000 орчим цэрэг Владивосток, Усурийнск, Хабаровск, Благовешенскэд бэлтгэл хийжээ.
АНУ-д байгаа баримт, мэдээллээс үзвэл, Украины зэвсэгт хүчнийг хил орчмын эзлэгдээд байгаа Оросын газар нутгаас хөөн гаргах Оросын армийн сөрөг довтолгоонд Умард Солонгосын цэргүүд оролцох нь нэгэнт тодорхой болсон байна. Даваа гараг (энэ сарын 28) болоход Пёньяны 5000 цэрэг Курскэд очсон байх болно гэж Украины нэрээ нууцлахыг хүссэн хариуцлагатай албан тушаалтан мэдэгдсэн гэнэ. Украин, Оросын зөрчилдөж байгаа бүс нутаг руу цэргээсээ илгээсэн тухай чимээ шуугианд Умард Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд Ким Чон Гю өгсөн тайлбартаа “Ийм боломж байгаа бол тэр нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд тохирно” гэж өгүүлсжээ. Тэгвэл НҮБ дахь Умард Солонгосын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ил Ха Ким Орос руу цэргээ илгээсэн гэх мэдээллийг үгүйсгээд ийн нотлох гэж оролдох нь АНУ болон түүний холбоотнуудын “бохир гүжирдлэг” гэж хэлсэн юм. Түүний бодлоор Киевт бүх төрлийн зэвсэг нийлүүлэх замаар Украины зөрчил тэмцлийг сунжруулах, өөрийн үйлдсэн гэмт хэргээ далдлах гэсэн Вашингтоны хийгээд түүний түншүүдийн оролдлого аж.
Оросын газар нутагт холын тусгалтай пуужингаар цохилт өгөх зөвшөөрөл авахад нь л ийм мэдээлэл Украинд хэрэгтэй байгаа юм гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко үзэж байна. “Орост очоод байгаа Умард Солонгосын цэргүүд тус бүрт Кремль нэг сард 2000 ам.доллар буюу өөрийн иргэдийн нэг жилийн дундаж цалингаас илүүг өгнө” гэж Сөүл мэдэгдлээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Ким Ен Хен “Умардын цэргийг Орос ердөө л “сумны бай” болгож ашиглана. Ким Жөн Ун цэргүүдээ хууль бус дайнд худалдаж орхилоо” гэжээ. Ким Жөн Ун өөрийн үйлдлээ Украины түрэмгийллийг зогсооход нь Орост тусалж буй юм хэмээн зөвтгөж болох юм гэж Ослогийн их сургуулийн профессор Владимир Тихонов “France Press”-ийн сэтгүүлчид ярьсан байх юм. Түүний үзэж буйгаар, Орос өөрийн цэргээ тэргүүн шугам руу явуулах боломжтой болохын тулд Умард Солонгосын цэргийг ард талд үүрэг гүйцэтгүүлэх хувилбар байж бас болох аж. Гурав дахь улсыг оролцуулах нь Украин дахь байдалд хэрхэн нөлөөлөхийг Орос харах гэж байх магадлалтай гэж үзэх шинжээч ч бас цөөнгүй байна. Цөмийн зэвсгийн хөтөлбөрийнхөө улмаас хатуу хоригт орчихоод байгаа Пёньян Оросоос үлэмж хэмжээний нефть болон бусад бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байж болохыг зарим шинжээч үгүйсгэсэнгүй. Өнгөрсөн онд Орост зэвсэг худалдаж Умард Солонгос 540 сая ам.доллар олжээ.
Казань хотод болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хэвлэлийнхэнтэй уулзахдаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгос цэргээ илгээсэн гэх мэдээллийг анх удаа тайлбарласан юм. Тэрбээр тэднийг Орост ирснийг үгүйсгээгүй ч зорилгыг нь тодруулалгүй орхижээ. Америкийн NBC телевизийн сурвалжлагч Умард Солонгосын цэргүүд Орост юу хийж байгаа юм бэ. Тэд ирсэн нь зөрчил тэмцлийн хүрээг тэлэх юм биш үү гэж асуухад В.Путин Оросын үйлдэл дайныг шатлан өргөжүүлэхэд хүргээгүй гээд, 2014 онд Украинд болсон “төрийн эргэлт”-ийн асуудлыг бас хөндөж, Украины армийг зэвсэглэж байлдахад нь тусалж байна хэмээн Өрнөдийн орнуудыг буруутгажээ. Энэ зун хоёр тал гарын үсэг зурсан “стратегийн түншлэлийн тухай Умард Солонгостой байгуулсан гэрээг Путин энд дурдсан байна. Аль нэгний нь эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд харилцан туслах талаар түүнд тусгасан юм байна. Энэ заалтын хүрээнд яаж ажиллах нь бидний хэрэг гэхээс илүүг Путин хэлсэнгүй. “Коммерсант”-ын сурвалжлагч Андрей Колесников Украин дахь дайныг зогсооход бэлэн эсэхийг сонирхоход Путин энхийн яриа хэлэлцээ хийх хувилбаруудыг авч үзэхэд бэлэн, тэгэхдээ бий болоод байгаа бодит байдлаас хамаарч хандана гэсэн агуулгатай товчхон хариулт өгчээ.
Украин дахь тэмцэл бусад улстай Оросын тогтоосон харилцааг ихээхэн өөрчилсөн. Финланд, Швед улс Оросын түрэмгийллээс аюулгүй байдлаа хамгаалахын тулд олон арван жил төвийг сахисан байр сууринаасаа татгалзаж НАТО-д элсэв. Оросын улс төрийн ойрын холбоотон Минск Москватай улам сүжрэв. Хятад улс эрчим хүчний эх үүсвэрийн гол худалдан авагч, Оросын эдийн засгийн гол түнш нь боллоо. Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж, хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд Орос юм юмаар дутагдах болсон нөхцөлд Путин Умард Солонгосыг туслах хүсэлтэй, тусалж чадах цөөн улсын нэг гэж харах болов. Өнгөрсөн зунаас Умард Солонгосын шошготой зэвсэг байлдааны талбарт украин цэргүүдэд тааралдах болсон байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны үзэж буйгаар 2023 оны наймдугаар сараас Орос руу Умард Солонгосын 13 мянган чингэлэг зэвсэг, тэдгээрийг оросууд ашиглаж чаддаг болоход нь туслах офицер, техникчдийг явуулжээ. Зэвсгийг нь Украинд хэрэглэх нь Пёньянд практик ач холбогдолтой юм. Орчин цагийн зөрчил тэмцэлд ялангуяа агаараас эсэргүүцэн хамгаалах Өмнөдийн системийн эсрэг зэвсгийг нь хэрхэн ашиглаж буйг Умард Солонгосын мэргэжилтнүүд нүдээрээ харж, үр дүнг нь ажиглаж байдаг аж. Зэвсгийн наймаа нь Орос, Умард Солонгосын хоорондын худалдааны бусад харилцааг хязгаарлаж сулруулжээ. Умард Солонгос цэргүүдээ Орос руу явуулж байна гэх мэдээлэлтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Тхэ Ель “Бид үүний эсрэг юу хийх хувилбаруудаа боловсруулж байна. Энэ нь Оросын хариу үйлдэл, Умард Солонгос оронд нь юу авч, Оросыг ямар хэмжээгээр дэмжих вэ гэдгээс хамаарна. Бид гар хумхиж суухгүй ч эцсийн эцэст өөрийн аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй” гэж хэлсэн байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооны дарга Маик Тернер Умард Солонгос Орос руу цэрэг явуулсан нь нотлогдвол түүний эсрэг шуурхай арга хэмжээ авах боломжийг алдахгүй гэсэн байр суурь илэрхийлэв.