Шведийн археологич, уран барималч Оскар Нильсон 17-р зуунд Польшид оршуулсан “цус сорогч охин”-ы царай төрхийг сэргээн бүтээжээ. Энэ тухай Торун дахь Коперникийн их сургууль мэдээлэв.
Тус сургуулийн цахим хуудаст бичсэнээр уран барималч “цус сорогч охин”-ы царай төрхийг нөхөн сэргээх ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ.
Тэрээр гавлын ясны 3D хэвлэсэн хуулбар дээр янз бүрийн урттай тавтай зүү нааж, түүний тусламжтайгаар нүүрний анатомийн цэгүүдийн эд эсийн зузааныг тодорхойлжээ. Уран барималч тавтай зүүн дээр тусгай шавраар хийсэн булчингуудыг хийсэн байна. Дараа нь үрчлээс, нүхжилт, нүүрний хэлбэр, гэмтлийн сорви зэргийг харгалзан арьс, эдийг дуурайлган, бусад давхарга болон нүдний алимыг байрлуулжээ. Хамгийн сүүлд бий болсон баримлыг силиконд дүрж, үс, сормуус, хөмсөг суулгажээ.
Тус сургуулийн археологичид 2022 онд Польшийн баруун хойд хэсэгт орших Быдгощ хотын ойролцоох Пьен тосгоны оршуулгын газраас 17-р зуунд амьдарч, 18-20 насандаа нас барсан охины араг ясыг илрүүлжээ. Түүний хүзүүнд хадуур зүүж, нэг хөлийнх нь хуруунд цоож бэхэлсэн байв. Эрдэмтдийн үзэж байгаагаар, тухайн үеийн уламжлалын дагуу талийгаачийн сүнсийг цус сорогчоос хамгаалан ийнхүү оршуулдаг байжээ.