Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа Хүний эрхийн багц хуулиудын дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж буй. Тус хууль нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх, эрх чөлөөг хамгаалан зохицуулах үүрэг бүхий өндөр хүлээлттэй. Гэвч олон жилийн турш гацаанд байж ирсэн тул энэ удаад томоохон ач холбогдол өгч, батлуулахын төлөө ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр ирсэн. Тиймдээ ч хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн баталж, Ахлагчаар нь ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ажиллаж байна.
Хамаарал бүхий салбар бүрийн төлөөллийг багтаасан Ажлын хэсгээс өчигдөр /2024.10.30/ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, удирдах ажилтнуудад танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагаас 50 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн бол Ажлын хэсгийн гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, яамнаас 20 орчим оролцогч хамрагдлаа.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь анх 1998 онд батлагдаж, хэвлэн нийтлэх эрхийг хангахтай холбоотой үндсэн суурь харилцааг зохицуулж ирсэн бол орчин үед сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарч буй. Улмаар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, олон улсын хүний эрхийн байгууллагуудаас баримталж буй зарчим, улс орнуудын хэрэгжүүлсэн туршлага зэргийг харгалзан шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан ба нийт 6 бүлэг, 18 зүйлтэй.
Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх, сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах эрх, зориуд санаатайгаар худал мэдээлэл тараах болон мэргэжлийн алдаа гэх хоёр ойлголтыг зааглах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцуудын ил тод байдал зэрэг зохицуулалтуудыг тус хуулийн төсөлд голчлон тусгасан” гэж онцоллоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Өнөөдрийн танилцуулсан төсөл нь анхны хувилбар учраас дараа дараагийн хэлэлцүүлгийн явцад сэтгүүлчид идэвхтэй оролцож, саналуудаа тусгаснаар илүү тодорхой, сайн боловсруулагдсан хуулийн төсөл болно гэж бодож байна. Энэ хуулийн төслийг салбараараа хэлэлцэж, санал нэгдэж, хүлээн зөвшөөрч, батлуулах хүртэл ажиллана” гэдгээ илэрхийлэв.
Түүнчлэн салбарын хууль, эрх зүйн орчинд анхаарал хандуулж, олон жил хүлээгдэж буй хуулийн төслийг боловсруулах үйл явцад манлайлан оролцож, хэлэлцүүлгийн туршид биечлэн хариулт өгч ажил хэрэгчээр хандаж буйд нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад талархалтай байгаагаа зарим оролцогчдын зүгээс илэрхийлсэн. Сайдын хувьд хэвлэл мэдээллийн салбар дахь удирдах ажилтнууд, сэтгүүлчид, судлаач-төр-иргэний нийгмийн төлөөллийн нийт 3 удаагийн хэлэлцүүлэгт биечлэн оролцоно гэдгээ мөн мэдэгдсэн. Хууль батлагдвал Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөө сайжруулахад нэг том алхам урагшлах хүлээлт буй юм.