Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр болжээ. Ингэснээр Бан Ги Мүн нь “Чингис хаан” одон хүртэж буй хоёр дахь гадаадын иргэн болох нь. Одонг Монгол бахархлын өдрөөр буюу ирэх сарын 2-нд Төрийн ордонд гардуулна. Үүнээс өмнө АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд “Чингис хаан” одон хүртэж байсан билээ.
Бан Ги Мүн нь Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэл гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавихад онцгой хувь нэмэр оруулсан аж. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарт өргөжүүлж, Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, монгол, солонгос хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байна.
Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж буй төр засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмэр зэргийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг ажлыг мөн эрчимжүүлсэн аж.
М.Гэгээ