Явган хүнд зориулсан хэд хэдэн гүүрэн гарц нийслэлд бий. Тэдгээрийг ихэвчлэн иргэд олноор зорчдог хэсэгт байгуулсан билээ. Гол үүрэг нь иргэдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж бүрдүүлэх юм. Гэвч Улаанбаатарт стандартын дагуу барьсан гүүрэн гарц байна уу гэдэг нь эргэлзээтэй. Бодит байдалд иргэд гүүрэн гарцаар бус, автомашинуудын дундуур сүлжилдэн гарсан хэвээр л байна. Учир нь гүүрэн гарцуудын ихэнхийнх нь шат хэтэрхий эгц, өндөр. Бас цахилгаан шат нь ажилладаггүй. Тиймээс бага насны хүүхдээ дагуулсан, эсвэл ахмад настан, тэргэнцэртэй хүмүүст гүүрэн гарц бараг хаалттай гэхэд болно. Уг нь цахилгаан шат байдаг ч ихэнх тохиолдолд хаалган дээр нь “Цахилгаан шат ажиллахгүй” гэсэн бичиг наачихдаг. Бас шатны гишгүүрийг нь зориулалтын бус материалаар хийсэн учраас өвлийн улиралд хөлдөн гулсуур шиг болчихдог. Уг асуудлыг шийдэж, өөрчилж буй эсэхийг тодруулахын тулд Хан-Уул дүүргийн соёлын төв, 120 мянгат, Зуун айл, Сансарын шатахуун түгээх станц, “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэд барьсан гүүрэн гарцуудын нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Шат нь гулсуур болжээ
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын гүүрэн гарц руу очиход шатан дээр нь цас, мөс хэдийн тогтож хөлдөөд, гулсуур шиг болжээ. Хэд хоногийн өмнө нийслэлд бороо, цас орсонтой холбоотойгоор ийн хөлдсөн бололтой. Уг нь эл гарц хоёр талдаа цахилгаан шаттай. Гэвч тэр бүр ажилладаггүй юм байна. Тиймээс иргэдийн олонх нь “каток” болсон явган шатаар нь өгсөж, уруудахаас зайлсхийж, автомашинуудын дундуур сүлжихээ илүүд үзэж байлаа. Ингэж авто замын дундуур “туучих” иргэдэд унтууцах жолооч ч цөөнгүй аж. Олонх нь дуут дохиогоо хангинуулан “Гарцаараа гараач” хэмээн хашхирна. Тус гүүрэн гарцаар залуус гарахад асуудалгүй ч ахмад настнуудад бол “Гималайн нуруу” мэт санагддаг гэнэ. Учир нь шатны гишгүүр хэтэрхий эгц. Бас гишгүүр хоорондын зай нь хол. Материал нь өвөл хөлдөж, халтирдаг юм байна. Угаасаа ч ийм өндөр шатаар хөл муутай, таяг тулсан, хүүхдийн тэрэг түрсэн хүмүүс битгий хэл, залуус ч явахад хүндрэлтэй гэмээр.
Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хэд хэдэн асар тус гүүрэн гарцын хоёр талд бий. Худалдаа эрхлэгчдээс эл гарцаар хэр олон хүн зам гардаг, ямар асуудал түгээмэл тохиолддог талаар тодруулахад “Өдөрт хэдэн зуун хүн үүгээр өгсөж, урууддаг. Гэхдээ олонх нь 45-аас доош насныхан. Ахимаг насны, хүүхэдтэй хүмүүс үүгээр гарч чаддаггүй юм. Учир нь гүүрэн гарцын шат хэтэрхий өндөр, бас өвөл халтирдаг. Шат нь өндөр учраас ахмад настнууд тэр бүр дээш өгсөж чадахгүй. Өгсчихлөө гэхэд уруудахад хэцүү, толгой нь эргэдэг гэдэг. Түүнчлэн цахилгаан шат нь сүүлийн жилүүдэд огт ажиллаагүй” гэв.
Бидний дараагийн очсон газар бол Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг, олны хэлж заншсанаар 19-ийн үйлчилгээний төвийн автобусны буудлын гэх гүүрэн гарц. Цахилгаан шат нь ч бас ажилладаггүй юм байна. Мөн шалных нь бүрээс зарим хэсэгтээ хууларч, ховхроод дэгэн догонтой болжээ. Авто замынх нь дундуур хашлагатай, явган хүний гарц хол учраас иргэдийн олонх нь эл гүүрээр гардаг аж. Тиймээс хөгшин, залуугүй л аахилж уухилан “мацах” дүр зургийг эндээс харж болно.
Огцом шаттай учир унаж, гэмтэх аюултай
Баянзүрх дүүргийн нутаг дахь Токиогийн гудамж буюу олны хэлж заншсанаар Сансарын шатахуун түгээх станцын хойд талын замын явган хүний гүүрэн гарц нь металл бүтэцтэй, шилэн фасадтай. “Бөмбөгөр” худалдааны төвийнхтэй харьцуулахад тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай. Энэ талаар нэгэн иргэн “Тэргэнцэртэй хүн явах боломжтой налуу замтай. Гэвч энэ нь цас орж, гадаа хүйтрэхээр мөсөн гулгуур шиг болчихдог. Тэгэхээр мөстсөн шатаар өгсөж, уруудахдаа хөгшин, залуугүй л биеэ чангалаад зүтгэх шаардлагатай болдог” гэсэн юм. Харин Зуун айлын гүүрэн гарцын шатны гадаргуу нь барьцалддаг материалтай учраас халтирдаггүй гэнэ. Гэвч бас л огцом өндөр шаттай учир хүн унаж гэмтэх аюултай. Тэр тусмаа өвлийн улиралд халтиргаатай үед ахмад настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс явахад маш хүндрэлтэй байдгийг иргэд хэлэв.
Сонгинохайрхан бол нийслэлийн хамгийн олон хүн амтай, хөл хөдөлгөөн нэн ихтэй дүүргүүдийн нэг. Эл дүүрэгт байрладаг “Хархорин” захын хойно явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц бий. Хэдэн арван жилийн нүүр үзсэн эл гарцыг зориулалтаар нь бараг л ашигладаггүй гэхэд хилсдэхгүй. Учир нь үүнээс 500 орчим метрийн зайд явган хүний гарц бий. Тиймээс захаас бараа, бүтээгдэхүүн авсан хүмүүсийн олонх нь шатаар өгсөж, уруудахаас төвөгшөөн, явган хүний гарц руу зүглэдэг аж. Зарим нь нааш цааш холхихоос төвөгшөөн, авто замын дундуур жишим ч үгүй гарчихдаг юм. Үүнээс үүдэн энэ хэсэгт зам, тээврийн осол цөөнгүй гардгийг албаныхан нь ч хэлдэг. Гүүрэн гарцын дотогш орвол хуучирч муудсан хана, хэзээ цэвэрлэсэн бол гэмээр бохир орчин угтана. Бас шохой нь хууларч, ховхорсон таазыг нь харахад сүүлийн жилүүдэд огт засаагүй, “гаргуунд нь хаясан” гэлтэй. Эл гарцын дотор гутал засвар, алт, мөнгөний дархан, оёдол зэрэг худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалттай 15 орчим лангуу бий. Үйлчилгээ эрхлэгчдээс уг гүүрэн гарцаар өдөрт хэр олон хүн гардгийг лавлахад “Ихэнхдээ гутал, цагаа засуулах гэсэн хүмүүс л орж ирдэг. Түүнээс биш гарцаар гарах гэж яваа хүн маш ховор” гэсэн юм.
120 мянгатынх л хэвийн ажиллаж байна
120 мянгатын гүүрэн гарц нь битүү дээвэртэй. Цас, бороо орох үед халтиргаа гулгаа үүсэх магадлал бага гэдгээрээ давуу талтай. Бас одоогоор цахилгаан шат нь цагийн хязгаартайгаар ажиллаж буй нийслэл дэх цор ганц гүүрэн гарц. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнууд төвөггүй үйлчлүүлэх боломжтой. Гэхдээ цахилгаан шатаар гарахын тулд нэлээд хүлээх хэрэгтэй гэнэ. Учир нь эл цахилгаан шатаар 1000 кг буюу нэг дор 10 орчим хүн л үйлчлүүлэх даацтай юм. Цахилгаан шат ажиллаж буй нь сайшаалтай боловч зорилтот хэрэглэгчдэдээ хүрч чадахгүй, бэлгэ тэмдэг төдий хэвээр байгааг тэргэнцэртэй иргэд онцолж байлаа. Уг нь ийм шат тэргэнцэртэй, хүүхдийн тэрэг түрсэн хүн, ахмад настан, эсвэл хүнд зүйл өргөж яваа хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготойг бүгд л мэднэ. Гэтэл цахилгаан шатных нь босго гэхэд л долоон см орчмын өндөр. Тиймээс тэргэнцэртэй иргэд шатаар өгсөх нь битгий хэл, цахилгаан шатных нь босгыг хэн нэгний туслалцаагүйгээр давах боломжгүй юм байна. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан аливаа барилга байгууламжийн орц, гарцын өндөр 2.5 см-ээс ихгүй байх ёстой ч үүнийг мөрддөггүй аж.
Өвлийн цагийн хуваарьтаа шилжсэн гэв
Жил бүр шахам нийслэлийн түгжрэлийг бууруулна гэх нэрээр нүхэн болон гүүрэн гарцын тоог нэмсээр л байгаа. Гэвч тэдгээрийнх нь цахилгаан шат өвлийн улиралд “ээлжийн амралтаа” авчихдаг уламжлалтай. Мөн шат нь стандартын шаардлага хангадаггүй, халтирдаг гэх мэт олон асуудал бий. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгуулалтын хэлтсийнхнээс тодруулахад “19-ийн үйлчилгээний төв, 120 мянгат, Зуун айл, “Бөмбөгөр” худалдааны төвийн зэрэг гүүрэн гарцын ашиглалтыг “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрынхан хариуцдаг. Харин хууларсан шатны гишгүүр зэргийг өнгөрсөн жил шинэчилсэн” гэсэн юм.
Харин “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрынхнаас цахилгаан шатууд яагаад ажиллахгүй байгааг лавлахад “Бидний хариуцдаг дөрвөн гүүрэн гарцын цахилгаан шат хэвийн ажиллаж байгаа. Өвлийн цагийн хуваарьтаа шилжсэн учраас 09.00-20.00 цагт ажиллуулж буй. Энэ үед л та очиж таарсан байх. Гүүрэн гарцын стандарт гэж бий. Тухайлбал, хасах таваас нэмэх 40 градус хүртэл гүүрэн гарцыг ашиглаж болно. Гэтэл манайд өвөлдөө -30 градус хүртэл хүйтэрдэг. Үүнээс үүдэн өмнөх жилүүдэд гүүрэн гарцын цахилгаан шатыг тодорхой хугацаагаар ажиллуулдаггүй байсан юм. Харин өнгөрсөн жилээс бид халаагуур суурилуулсан. Тиймээс өвөл ч ажиллах боломжтой” гэв. Уг нь эл дөрвөн гүүрэн гарцаас нэгийнх нь л цахилгаан шат ажиллаж байсан. Гэтэл албаныхан нь бүгд хэвийн ажиллаж байгаа гэх хариулт өгч иргэдийг төөрөгдүүлсээр байна.
У.Цэцэгсүрэн