УИХ-аар хэлэлцэж буй асуудлаар Үндэсний эвслээс байр сууриа илэрхийлж, мэдээлэл өгсөн юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Цөмийн энергийн тухай хуулийн төслийг манай нам дэмжихээр шийдсэн. Гэхдээ уран олборлох, Францын Засгийн газрын гэрээ хэлэлцээр болон хамтран ажиллах төсөл, хөтөлбөр гээд анхаарах хэд хэдэн асуудал бий. Одоогоос 15 жилийн өмнө Оюунтолгойн гэрээг баталсан. Үүнтэй холбоотой улс төрийн олон асуудал үүссэн. Олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах нь чухал. “Оюунтолгой” төсөл дээр гарсан алдаа шиг, авлига, хээл хахуулийн асуудал гаргахгүйн төлөө итгэж, түүнийг бид дэмжсэн. Мөн 2025 оны улсын төсвийг анхаарах шаардлагатай. Шинэ парламент бүрдсэний анхны төсвийг хэлэлцэх гэж байна. Иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө УИХ-ын гишүүд ажиллах ёстой.
Төсөвт уламжлалт байдлаар хандвал улс орон элгээрээ хэвтэнэ. Өнгөрсөн жилийн улсын зарлага 20 их наяд байсан. Харин энэ онд 30 их наяд болсон. Халамж, татвар, нийгмийн даатгалын шимтгэл буурахгүй юм байна. Эдийн засгийн идэвхтэй хүн ам агшиж байгаа. Өнгөрсөн хугацаанд 8200 аж ахуйн нэгж үүдээ барьж, 26 000 гаруй хүн ажилгүй болжээ. Сүүлийн хоёр жилд 13 мянга гаруй залуус эх орноосоо дайжиж, харьд ажиллаж байна. Хүн амд эзлэх ахмад настны хувь нэмэгдсээр. Үргүй, тэвчиж болох зардал маш их. Боловсролын зээлийн сангийн төсвийг эрс нэмэгдүүлж, үйл ажиллагааны журмыг эргэж харъя. Эдийн засгийн голлох салбарт боловсон хүчнээ бэлдмээр байна. Цөмийн энергийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин байхгүй” гэв.
Ч.Туяа