Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр маргааш тохионо. Уг өдөр Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Чингис хааны алтан сургаал, айлдвараас сонордуулан, төрийн тугийг цэнгүүлэх ёслол болох аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын түүх судлалыг дэмжих тухай зарлигтаа гарын үсэг зурах ёслол зохион байгуулахаар төлөвлөжээ. “Ерөнхийлөгчийн зарлигт Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг дэмжих, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг эмхэтгэн хэвлүүлэх, олон нийтийн түүхийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх цогц арга хэмжээг тусгана” гэж Төрийн тэргүүний боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал хэлэв.
Мөн өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол болно. Түүнчлэн “Чингис хаан” одонт эрхмүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Чансаа өндөр 128 бөхийн барилдааныг Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах нь.
Уг өдрийг тохиолдуулан МУИС-иас өнөөдөр “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулна. Энэ үеэр тус сургуулийн Түүхийн тэнхимийн профессор, доктор П.Дэлгэржаргал “Дэлхийг захирах бодлого”, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбат “Pax Mongolica” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх аж. Ташрамд, энэ сарын 4-нд Богд хааны ордон музейд тууль хайлах юм байна.