Авто спортынхны ана мана өрсөлддөг, хамгийн олон үзэгчтэй “Мастер кросс” уралдаан тун удахгүй эхэлнэ. Монголын авто мастеруудын холбооны Удирдах зөвлөлөөс уг уралдааны дүрмийг шинэчлэн баталж, жокер тойргийн дүрэмд нарийвчлан хэдэн заалт оруулжээ. Тухайлбал, жокерын орох, гарах хаалганы болон хязгаарын гурван туг нь уралдааны замынхтай нэгэн ижил байна.
Хоёр тугийн голоор яваагүй, эсвэл хязгаарын тугийн дотуур явсан бол туг хаясанд тооцох аж. Туг хаясан бол тэр даруй залруулах үүрэгтэй. Хаясан буюу буруу тойрсон, гарсан тугаас цааш явж дараагийн тугт хүрсэн бол шууд хасагдана. Жокерын тойргийг замын маршрутыг эвдэж, туг алгасаж, урсгал сөрж тойрохыг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд уралдаанаас хасагдана. Жокер тойроогүй тамирчинд сүүлийн тойргийн анхааруулах туг үзүүлсний дараа орох хаалганы тугийг өнгөрвөл тойрог тойроогүйд тооцохоор болжээ.
“Мастер кросс” уралдааны дүрэмд ч зарим өөрчлөлт оруулав. Уг уралдааны хагас шигшээ гарааны II, III байр эзэлсэн тамирчинд олгодог улсын аваргын оноог гурав, нэг байсныг ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тав, гурав болгон нэмэхээр боллоо. Гарааны хүлээлгийн хугацааг 10 минут байхаар тогтоожээ. Техникийн сааталтай тамирчныг гараанд хүлээх хугацаа сүүлийн машин ирж зогссоноос хойш тоологдох аж. 10 минутад гарч ирээгүй бол тухайн тамирчныг хүлээлгүйгээр гарааг үргэлжлүүлнэ.
Түүнчлэн техникийн зөвлөгөөний хуралд хоцорсон, биечлэн суугаагүй тамирчныг торгож, арын эгнээнээс гараанд гаргадаг байсан. Тэгвэл одоо зохион байгуулагчдаас тогтоосон хугацаанд бүртгэлээ баталгаажуулаагүй тамирчин мөн адил дээрх торгуулийг хүлээхээр болжээ. Уралдаанд зориулалтын хувцасгүй оролцсон бол тухайн гараа бүрд арын эгнээ (торгуулийн эгнээ)-нээс гарна. Туг хаясан, орхисон тамирчны алдаагаа залруулах боломжит хугацааг дараагийн туг хүртэлх зайнд байхаар тусгасан. Уралдааны машин камергүй бол гараанд гаргахгүй аж.