Улсын хэмжээнд 1998 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг нэгтгэсэн “Монгол-98” нэгдлийн 2024 оны спортын наадам энэ сарын 26-27-нд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Спортын таван төрөлт тэмцээнд 20 аймаг, нэг дүүргийн нийт 21 багийн 1000 орчим тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг “Дархан-98”-ын тамирчид эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Төрөл тус бүрээс эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг танилцуулъя. Шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Орхон аймгийн 1998 оны төгсөгч Х.Тэмүүжин түрүүлсэн бол, эмэгтэйчүүдээс Төв аймгийн О.Мөнхтуяа тэргүүн байрт шалгарсан юм. Ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, 1998 оны төгсөгч Д.Нямбат тэргүүн байрт шалгарсан байна. Харин эмэгтэйчүүдийнхэд Говь-Алтайн С.Гэрэлмаа түрүүлжээ. Дартсын тэмцээнийг холимог багийн төрлөөр зохион байгуулахад Завхан аймгийн 1998 төгсөгчид түрүүлсэн аж.
Волейболын эрэгтэйчүүдийг Хэнтий аймгийн 1998 оны төгсөгчид манлайлав. Ингэснээр тус аймгийнхан гурван жил дараалан эл төрлийн аваргаар шалгарч буй юм. Увс, Архангайнхан удаах байруудыг эзэлсэн бол эмэгтэйчүүдээс Орхон аймгийнхан түрүүлж, Говь-Алтай, Дундговийнхон мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Шилдэг эрэгтэй тоглогчоор Хэнтий аймгийн Бэрх тосгоны 1998 оны төгсөгч, олон улсын хэмжээний мастер Т.Отгонтөгс, эмэгтэй тамирчдаас Орхон аймгийн н.Болор-Эрдэнэ шалгарчээ. Сагсан бөмбөгийн эрэгтэй багийнхныг Дархан-Уул аймгийн 1998 оны төгсөгчид тэргүүлж, Увс, Дорноговийнхон мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Эмэгтэйчүүдээс мөн л Дархан-Уулынхан түрүүлж, Увс, Говьсүмбэрийнхэн удаах байруудын шагналыг хүртлээ. Энэ төрлийн шилдэг тоглогчоор Увсын 1998 оны төгсөгч н.Жаргалсайхан, эмэгтэй тоглогчоор Дархан-Уулын н.Сарангэрэл шалгарсан байна. Энэ үеэр шилдэг хөгжөөн дэмжигчдийг шалгаруулахад Хөвсгөл аймгийн 1998 оны төгсөгчид тэргүүлжээ.