“Өв тээгч Монгол” төслийг санаачлагч Т.Анандатай ярилцлаа. Тус төслийн хүрээнд бүтээсэн баримтат киног тун удахгүй олон нийтэд хүргэх гэж буй юм.
-“Өв тээгч Монгол” төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юү. Яагаад энэ төслийг санаачлан хэрэгжүүлж, баримтат кино хийхээр шийдэв?
-Би хүүхэд насаа өвөө, эмээтэйгээ өнгөрүүлсэн. Өвөө, эмээгийн хүүхэд л дээ. Өвөө минь Өвөрхангай аймагт Занабазарын болон “Оньс” музейг үүсгэн байгуулсан, өв тээгч хүн. Бас нийтлэл бичиж, сийлбэр хийдэг олон талын авьяастай байсан. Эмээ минь номын сангийн эрхлэгчээр ажиллаж байв. Маш хөдөлмөрч, өв уламжлал, зан заншлаа хадгалан уламжлуулсан хүмүүсийн дэргэд өсөж торнисны хувьд би ч бас залгамж халаагаа бэлдэх ёстой гэж боддог юм. Энэ төслийг оюун санаандаа таван жил боловсруулж, төлөвлөж, төсөөлж байж хэрэгжүүллээ. Тиймээс хамгийн чадвартай баг, хамт олныг бүрдүүлж, гайхалтай зургууд авсан. Өвөг дээдсийнхээ үлдээсэн нүүдэлчин ахуй соёлоо орчин цагтай уялдуулан, техник, технологийн дэвшилтэй хослуулж, түгээн дэлгэрүүлэхээр шийдсэн юм. Ингэхдээ Монгол орны эрс тэс уур амьсгал, дөрвөн улирлын онцлогийг харуулахыг зорилоо. Бид байгаль, цаг уур, геополитикийн хувьд маш өндөр ач холбогдолтой газарт амьдарч байна шүү дээ. Тиймээс нүүдэлчин ахуй соёлоо бид өдөр тутмын амьдралдаа зайлшгүй “шингээх” ёстой. Үүний тулд эрт үеэс уламжлагдан ирсэн ёс заншил, нүүдэлчдийн соёл, таван хошуу малын ашиг тус буюу сүү, цагаан идээ, мах, яс зэрэг нь Монголд ургадаг олон төрлийн эмийн ургамалтай хэрхэн зохицдогийг харуулахыг зорьсон. Дэлхий нийт эрүүл, эко бүхэн рүү тэмүүлж буй энэ үед өв уламжлал, бий биелгээ, хоол хүнс, нүүдэлчдийн соёлоо алдагдаагүйг харуулахыг хичээлээ.
-Таныг хоолны соёл түгээгч гэж олон нийт мэддэг шүү дээ. Тэгэхээр “Өв тээгч Монгол” төслийн нэрийг сонсоод олон хүн угсаатны хоол зүйн соёл, уламжлалтай холбоотой гэж бодсон байх?
-21 аймгийн зах хязгаар, 13 үндэстэн ястны өлгий нутаг Ховд аймгаас зургаа авч эхэлсэн. Дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан Торгоны замын эхлэлийг тавьсан гэдэг. Ингэхдээ Цайны их замын суурийг ч тавьсан. Тиймээс Цайны замын үргэлжлэл болсон нутгийг сонгосон юм. Манайхан сүүлийн үед дэлхий рүү тэмүүлэх болж. Тиймээс эх орноо ямар сайхан өв соёлтойг үзүүлэхийг хүслээ. Киноны эхний таван ангид тухайн нутаг орны онцлог төдийгүй малаас гарч буй ашиг шимтэй бүтээгдэхүүнүүдийг хослуулсан, тамир тэтгэж, ядаргаа тайлах таван төрлийн цай хийсэн. Бид чөмөг царцам хүйтэнд, галбын халуун говьд ч амьдарч чадаж байна. Энэ нь нүүдэлчин ахуй соёлоос үлдсэн үндэсний идээ ундаатай л холбоотой. Тиймээс уламжлагдан ирсэн идээ ундааны соёлыг орхигдуулахыг хүсээгүй. Гэхдээ энэ нь зөвхөн угсаатны хоолны соёлыг түгээх тухай асуудал биш. Бид тухайн нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, бас бий биелгээ гээд л өв соёлоо таниулах боломжтой бүхнийг баримтат кинондоо оруулсан.
Түүнчлэн аливаа зүйлд харах өнцөг чухал шүү дээ. Хүн ямар нэг зүйлийн гоё сайхныг эхлээд харчхаад, дараа нь доторхыг нь ухаж ойлгохыг хичээдэг. Тиймээс бид харагдах байдал имиж бүрдүүлэлтдээ ч сайтар анхаарсан. Өмссөн дээл хувцас, эдлэл, хэрэглэл бүр дахин давтагдашгүй. Бид дахин давтагдашгүй онцлогтой, өвлөн уламжлагдсан соёлтой хүмүүс. Өв тээгч болно гэхээс илүүтэй эрт үеэс уламжлагдсан соёлоо үр хойчдоо дамжуулан үлдээх нь чухал. Өв соёл бол үндэсний дархлаа шүү дээ.
-Төсөл хэрэгжүүлж, баримтат кино бүтээхэд нэлээд судалгаа шаардсан байх. Баримтат киноныхоо эхний ангиудыг Ховд аймгаас бэлтгэсэн юм байна. Цаашид 21 аймгаа тойрно гэсэн үг үү?
-Бид баримтат киногоо монгол туургатны хэмжээнд хийх төлөвлөгөөтэй. “Дэлхийн дайдад цацагдсан атга шагай шиг” гээд дууны үг хүртэл бий шүү дээ. Үндэсний өв соёлын дээж бүтээгдэхүүнүүд дэлхийн хаана ч хүний бодисын болилцоог тэтгэх шидтэй. Он гарснаас хойш “Өв тээгч Монгол” баримтат киногоо хийхээр Ховд аймаг руу долоон удаа явжээ. Тухайн аймгийн байгаль, цаг уурын онцлог, өв соёлтой танилцах шаардлагатай учраас нийт 21 мянга гаруй км зам туулсан. Би бараг л тэндээ амьдарсан. Баримтат кино тийм ч амар хийчих зүйл биш. Жишээлбэл, 1000 тэмээний зураг авъя гэхэд Ховд аймгийн аль сум нь илүү олон тэмээтэй вэ гэдгээс эхлээд нэгбүрчлэн судлах шаардлагатай болдог. Бас Ховдын сумууд хоорондоо их хол зайтай. Тэгэхээр өдөрт 400-500 км явж зургаа авдаг байсан. Ер нь нэлээд их хүч хөдөлмөр, хөрөнгө шаардсан бүтээл боллоо.
-Баримтат киногоо олон улсын наадмуудад өрсөлдүүлнэ гэж сонссон.
-Эхний таван ангиа олон улсын хэмжээний кино наадмуудад өрсөлдүүлэхээр сойж байна. Хийсэн бүтээлдээ эзэн нь байж хаа хүрэхийг нь үзэх ёстой гэж боддог. Тун удахгүй та бүхэндээ сайхан мэдээ дуулгана гэж найдаж байгаа.
-“Өв тээгч Монгол”-ыг хэзээ монгол үзэгчдэдээ хүргэх вэ?
-Энэ сарын эхний долоо хоногоос өргөн дэлгэцийн хэд хэдэн сувгаар цацагдана. Мөн “Солонгон ааштын увидас” цахим хуудсаараа олны хүртээл болгоно. Ингэснээр гадаадад буй монголчууд ч үзэх боломжтой.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу бол?
-Улирал солигдож буй учир бид өвлийн зураг авч эхлэхээр төлөвлөж байна. Хөвсгөлийн тайгад зураг авахаар зорьж буй. Ховдод таван ангит киноны зураг авах амаргүй байлаа. 40 градусын халуунд дээл хувцсаа бүрэн өмсөөд, аргалын цогон дээр үдийн халуунд цай чанадаг байсан. Ховд аймаг тарвас, шумуул, шуурга гурваараа алдартай гэлцдэг нь үнэн юм билээ. Хавар нь шуурга, зун нь шумуул, намар нь тарвас гээд л бүгдийг нь үзлээ. Тухайлбал, бурхны цэцэг буюу бүлбүү байдаг ганц нуураас зураг авсан. Тэнд бараг л дөрвөн цаг зогслоо. Киноноос үзвэл ингэж зогсох нь маш гоё харагдана. Гэвч тэр хооронд би маш их шумуулд хазуулсан.
У.Цэцэгсүрэн