Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сарын үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаарх асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь 2023 оны аравдугаар сарын 27-нд тавьсан уг асуулгадаа, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх төслийн ажлын явц, өнөөдрийг хүртэл хойшилсоор байгаагийн шалтгаан, Камбож Улсын компани урьдчилсан байдлаар шалгарсан гэх мэдээлэл үнэн эсэх, станцыг хэзээ бүрэн хүлээн авах, түүнээс гарах үр өгөөж зэргийг тодрууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дээрх асуулгад хариулахдаа, үндсэндээ 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто” ХК-ийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” ХК-ийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон талаар дурдаад, 2020 онд “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-г байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлсэн гэлээ. Станцын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2020 оны арван хоёрдугаар сард баталж, 2023 оны тавдугаар сард шинэчилсэн байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 2021 онд хийсэн бөгөөд станц барих Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 90.23 га газрын гэрчилгээг 2021 онд авч, түүнээс хойш төлбөрийг зохих ёсоор төлж буй. Харин 2023 онд Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраар баталгаажуулалт хийлгэжээ. Мөн Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээ, 167 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс дайран өнгөрөх Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Станцын барилга байгууламж барих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг 2021-2022 онд хийж гүйцэтгэн, Галба-Өөш долоодын говийн сав газар, Наймдайн хөндий, Загийн усны хоолойн ордуудаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай ус хэрэглэх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байна. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан байна. 2023 оны зургадугаар сард зарласан уг тендерт хоёр оролцогч санал ирүүлсэн нь, нэгдүгээрт, Камбожийн Хаант Улсын “Mitime International” компани, хоёрдугаарт, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл байжээ. Тендерийн хороо “Mitime International” компанийг шалгаруулсан боловч “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгчээ. Гэвч тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсон байна.