Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирэх сарын 5-нд тохиох Дэлхийн болон Монголын багш нарын өдрөөр ажил хаях болсноо өчигдөр мэдэгдэв. Багш нарын аж амьдрал, нийгмийн баталгаа болсон цалинг нь нэмэгдүүлэх, сурах, сургах орчин, нөхцөлийг сайжруулахыг төрөөс шаардаж уг арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тэдгээрийн төлөөлөл, нийслэлийн 141 дүгээр дунд сургуулийн багш, Үйлдвэрчний хорооны дарга Д.Отгонбилэг “Манай сургууль “Нарны хороолол”-д байрладаг. Тухайн хорооллын хүүхдүүдийг харьяаллын дагуу хүлээн авч, сургах үүрэгтэй. 2018 онд 960 сурагч хичээллэх хүчин чадалтайгаар байгуулсан. Гэтэл одоо 4400 орчим сурагчтай. Тиймээс гурван ээлжээр хичээллэж байгаа. 1-5 дугаар ангийнхан түрээсийн байранд суралцаж байна. Барилгын компаниас байр түрээсэлсэн. Нэгдүгээр ангийн 10 бүлэгтэй. Нэг анги 50-55 сурагчтай. Багш нар ийм нөхцөлд хичээл заах гэж зүдэрч, бие, сэтгэлээр ядарч байна. Гэтэл цалин нь амьдралд хүрэлцдэггүй. Тиймээс бид Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж буй тэмцлийг дэмжиж байна. Энэ холбоо нийт 160 орчим гишүүн байгууллагатай, 50 гаруй мянган багшийг эгнээндээ нэгтгэсэн. Ажил хаялтыг хугацаагүй зарлана гэсэн. Санал нэг байна” гэлээ.
Холбооны дэд тэргүүн Т.Мөнхтуяа “Бид багш нарын дуу хоолой болж явна. Багш нарын цалин хүрэлцэхгүй, бүгд өрнөөс өрний хооронд амьдардаг. Энэ тухай төр, засагт дуулгаж, нөхцөл байдлыг сайжруулахыг шаарддаг, одоо ч шаардсаар байна. Ажил хаях сургаар БШУЯ-ны нэгэн газрын дарга намайг “Монголын багш нарыг турхирлаа” гэсэн. Намайг юу ч гэж хэлж болно. Багш нарын тэмцлийг бол харин хэн ч зогсоож чадахгүй” гэв. Ажил хаялтыг орон даяар өрнүүлэх бөгөөд нийслэлээс гэхэд30 гаруй сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэгдэхээ илэрхийлсэн аж.