“Балдорж” сан, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийнхан хамтран сэтгүүл зүйн шүүмжийн уралдааныг найм дахь удаагаа зохион байгууллаа. Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалын орон зайг төлөвшүүлэх, залуу судлаачдыг дэмжих, сэтгүүлчдийн бүтээлийг чамбайруулах, сургалтын онол, практиктай хослуулах зорилгоор уг уралдааныг 2017 оноос хойш тогтмол зохион байгуулж буй юм. Энэ удаагийн уралдаанд 12 судлаач бүтээлээ өрсөлдүүлсэн байна. Тэднээс гуравдугаар байрт шалгарсан, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнийн “Монголын олон улсын сэтгүүл зүй “мохоо” болсон уу” шүүмжийг уншигчдадаа хүргэе.
-“Өдрийн сонин”-ы жишээн дээр-
ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ
“Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглээг тандах нь” нэртэй судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс 2021 онд хийжээ. Судалгааг Улаанбаатар хотын есөн дүүрэг, орон нутгаас зургаан аймгийн төвөөс, мөн нь Дархан-Уул аймгаас түүвэрлэлтийн аргаар 1504 оролцогчийг хамруулж, тоон болон чанарын үр дүнг гаргаж танилцуулсан байна. Голлох үр дүнгээс дурдвал дунджаар оролцогчдын 60.3 хувь нь дэлхий дахины үйл явдлын мэдээ, мэдээллийг төрөлх хэлээрээ, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээс хүлээн авдаг хэмээн хариулсан юм. Давхардсан тоо хэдий ч 60 орчим хувь гэдэг нь бусад төрлийн мэдээлэлтэй харьцуулахад өндөр байв. Тухайлбал, кино, шоу, цэнгээнт мэдээллийн хэрэглээ 37.8, нийгмийн асуудал, амьдралын нөхцөл байдлын тухай контент 30.9, улс төр, эдийн засгийн мэдээлэл 18-20 хувьтай гэх мэтээр төрлүүдийг доош жагсаажээ. Дээрх ангиллыг насны бүлгээр хуваавал бага зэрэг өөр дүр зургууд харагдах боловч хамгийн өндөр хувьтай хүлээн авдаг мэдээллийн төрөл бол дэлхий дахины цаг үеийн үйл явдал юм.
Дэлхий дахины цаг үеийн мэдээ, мэдээлэл гэж юү вэ. Манай хэвлэл мэдээллийн практикт дээрх нэр томьёо нь “олон улсын мэдээ”, “дэлхийн мэдээ”, “гадаад мэдээ” зэргээр өөр өөрөөр нэрлэгдэж иржээ. Яг аль нь зөв нэршил болохыг хараахан тодорхойлоогүй өдий хүрсэн.
Энэ талаар сэтгүүл зүйн мэдээг тусгаж буй объектоор нь нэгдүгээрт, гадаад, хоёрдугаарт, дотоодын хэмээн хоёр ангилна гэснээс өөрөөр тодорхойлсон нь манай дотоодын сэтгүүл зүйн сурах бичгүүдэд үгүй.
Иймд гадаад мэдээг Монголын сэтгүүлчид өөрсдөө хэрхэн ойлгож, бичиж буйг тандаж үзэв. Түүхт МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн montsame.mn цахим хуудас руу орж үзвэл “Дэлхийн мэдээ” хэмээх ангилал буй. Харин энэ буланд мэдээ, материал орчуулан нийтэлдэг алба, нэгжээ “Гадаад мэдээний алба” гэж танилцуулгадаа бичжээ. Мөн мэдээллийн news.mn сайт мэдээний булангаа “Дэлхий” хэмээн категоричилдог бол gogo.mn “Дэлхийд” гэдэг. Medee.mn сайт мөнхүү булангаа “Гадаад мэдээ” гэдэг бол томоохон өргөн нэвтрүүлгийн телевизийн нэг NTV “Олон улсын мэдээ” хэмээн мэдээллийн хөтөлбөртөө багтаадаг байна.
Монголын олон улсын сэтгүүл зүйд хөрш орнуудын талаар хэрхэн тусгаж буй талаар МУИС-ийн багш, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ, МУБИС-ийн багш, доктор, дэд профессор С.Амартүвшин нарын хийсэн судалгааг энд онцлох нь зүйтэй. Судалгааны эхэнд тэд “Монголын олон улсын сэтгүүл зүй нь хөрш орнуудын талаарх мэдээллийг бодит үнэн, үндэсний эрх ашигт нийцүүлэн, прагматик хандлагаар хүргэх шаардлагатай. Үүний зэрэгцээ мэдээллийн сонголт, үнэлэлт нь хоёр хөршийн байр суурийг дэлхийн асуудлуудтай холбон тайлбарлах, үндэсний ашиг сонирхлоор шүүн тунгаахад чиглэгдэнэ” гэж бичжээ.
Эндээс үзэхэд, олон улсын мэдээ, сурвалжилга, дэлхийн мэдээ, гадаад мэдээ хэмээх үгсийг практикт хэрэглэхэд хатуу тогтсон нэр томьёо байдаггүй. Нөхцөл байдлаас шалтгаалан тэдгээрийг ихэвчлэн сольж хэрэглэдэг нь олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харагдана. Харин “Монголын олон улсын сэтгүүл зүй” хэмээн тодорхойлж судалгаа хийсэн нь эрдмийн орчинд энэ нэр томьёог жигдэлсэн хэрэг болох нь МУИС, МУБИС-ийн хоёр профессорын хамтарсан судалгаагаар нотлогдож байна.
Ерөнхийдөө гадаадын болон олон улсын харилцааны талаар мэдээлэх тухайд авч үзэн судлах нь түгээмэл бөгөөд энэ төрлийн мэдээний зорилго нь дэлхийн хэмжээнд болж буй үйл явдал, хөгжлийн талаар үнэн зөв, цаг алдалгүй, хэрэгцээтэй мэдээллийг үзэгчдэд хүргэх тухай сэтгүүл зүйн ойлголт юм. Энэ талаар сэтгүүлч Л.Болормаа агсан хэвлэл мэдээллийн менежментийн тухай номдоо бичихдээ “Нэгдүгээр нүүрэнд гадаад мэдээ заавал тавих (ялангуяа Орос, Хятадын тухай)” хэмээснээс гадна “Гадаад мэдээ нь “Нью-Йорк таймс”-ын нэр хүндийн нэг гол хэсэг нь болдог” гэж дурдаж байв. Тэгэхээр үзэгч, уншигчид гадаадын буюу олон улсын үйл явдлын мэдээлэл чухлаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд ч энэ төрлийн мэдээллийг тогтмол уншигч, үзэгчдэдээ хүргэх нь нэгэнт тогтсон дэг жаяг ажээ.
“ӨДРИЙН СОНИН”-Ы НЭГЭН НЭГЭН ЖИШЭЭ
“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаараа хэвлэснээс хойш 26 дахь жилтэйгээ золгож буй. Өдгөө 7400 гаруй дугаар гаргаад байна. “Бидний тухай” булангаас нь харахад энэ редакц “2000, 2002, 2003, 2005, 2013, 2015, 2018, 2021, 2022 оны “Шилдэг сонин”, 2016, 2018 оны “Шилдгийн шилдэг сонин” болж байжээ. “Өдрийн сонин”-ы редакцын нэгэн туршлагыг энд дурдъя.
АНУ-ын Нью-Йорк хотод 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө 09.14 цагт Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг онгоц барьцаалсан алан хядагчид мөргөсөн. Энэ үед Улаанбаатар хотод есдүгээр сарын 11-ний 21.14 цаг болж байв.
Дэлхийг донсолгосон энэ үйл явдлын мөчид “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид сониноо хэвлэлд хэдийн шилжүүлчхээд байсан. Гэвч ийм чухал мэдээллийг хэвлэл эхний нүүрэндээ бичихгүй өнгөрнө гэдэг байж боломгүй хэрэг билээ. Ингээд шөнө дунд редакц хэвлэгдсэн сонинуудаа яаралтай эргүүлэн татаж, эхний нүүрэн дэх агуулгаа сольж, халдлагын талаар мэдээлэн, дахин хэвлэжээ. Харин хэвлэлтээс татсан өнөөх сонины нэгэн дугаарыг өдгөө “Өдрийн сонин” редакцын хурлын өрөөнийхөө хананд дурсгал болгон үлдээсэн байдаг. Тухайн үед өдөр тутмын томоохон “Өнөөдөр” болон “Монголын мэдээ”-гийнхэн “Өдрийн сонин” шиг шөнө дунд сонины эхний нүүрээ сольж хэвлэж завдаагүй тул үйл явдлыг дараа өдөр нь буюу есдүгээр сарын 13-нд мэдээлжээ. “Өнөөдөр” сонины хувьд бүр ч том алдаа гаргасан нь халдлага гарсан тэр өдөр АНУ-ын ногоон картын талаар бичсэн эхний нүүр бүхий дугаар хэвлэсэн байдаг аж. Энэ талаар нэрт сэтгүүлч Л.Болормаа агсан бичихдээ “Яг л талийгаачийг доромжилж байгаа юм шиг “хоёр өндөр”-ийн зурагтай АНУ-ын ногоон картын талаар бичсэн байсан. Бид уучилж боломгүй алдаа гаргасан” хэмээн “Даашинзтай сурвалжилгууд” номдоо бичсэн байдаг.
Үүгээрээ “Өдрийн сонин”-ыхны хэвлэсэн эхний нүүрний материалуудыг харвал, халдлагын тухай мэдээг “Америк руу гэнэт довтоллоо” хэмээн гарчиглаж, онгоц мөргөсөн хоёр цамхаг, Жорж Буш, Осама бен Ладены зургийг эвлүүлж тавьжээ. Мөн сэтгүүлч Ж.Гангаа агсан эхний нүүрний доод буланд улс төрч Э.Бат-Үүлээс товч тодруулга, яриа авч хэвлэсэн нь цаг үеэ мэдэрсэн тодруулга байв. Э.Бат-Үүл “Манай ашиг сонирхолд хүнд гарз тохиолдлоо” хэмээн ярьжээ.
“ӨДРИЙН СОНИН” БА БУСАД ХЭВЛЭЛ 2004-2014 ОНД
“Монголын олон улсын сэтгүүл зүй нь хөрш орнуудын талаарх мэдээллийг бодит үнэн, үндэсний эрх ашигт нийцүүлэн, прагматик хандлагаар хүргэх шаардлагатай” тухай эхэнд өгүүлсэнтэй холбоотойгоор энэ хэсгийг авч үзье. Хөрш орнуудын тухайд манай хэвлэлүүд 2000 оноос хойш хэрхэн бичиж ирэв?
Хэвлэлийн хүрээлэнгээс 2010 онд “Монголын зарим хэвлэлд 2000, 2010 онд нийтэлсэн ОХУ, БНХАУ-ын тухай нийтлэлийн харьцуулсан судалгаа”-г хийсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн шүүмж хөгжүүлэх нэгэн төслийн хүрээнд хийсэн ажил бөгөөд шүүмжлэлт дискурс анализ аргаар судалсан аж. 2000-аад онд манай өдөр тутмын хэвлэлүүдээр (өдөр тутмын сонинуудаас гадна “шар сонинууд”-аас “Сэрүүлэг”-ийг судалсан байдаг) ОХУ-ын Ерөннхийлөгч Владимир Путиний дүр төрхийг хэрхэн тодорхойлсон бэ? Энэ асуултад дараах имиж бүхий түлхүүр үгсийг судалгаанаас харж болно. Тухайлбал, “Путин бол дэлхийн нөлөө бүхий улс төрч”, “Путин энэрэнгүй, авьяаслаг хүн”, “Путин жүдогийн сурах бичиг зохиожээ”, “Путин Монголын Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай” зэрэг тодорхойлсон өнцгүүд тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харагдана.
Харин арван жилийн дараа энэ байдал нэлээд өөрчлөгдөж, бид “ах нар”-таа шүүмжлэлтэй ханддаг болжээ. Мөн Путинтэй холбоотой материал илт цөөрсөн байна. Энэ нь Владимир Путин Төрийн тэргүүнээс бууж, Дмитрий Медведев Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбоотой. Гэхдээ Путин энэ үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан тул цөөн хэдий ч мэдээ, нийтлэл гарч байв. Гэхдээ ихэнх нь шүүмжлэлт өнцгөөр бичигджээ. Тухайлбал, Путиний улс төрийн шийдвэр, улаан буудайн экспортын татварын дарамт Монгол шиг хараат улсуудад хүнд цохилт болж байгаа тухай өдөр тутмын сониныхон бичиж байж. Ингэхдээ “Монгол Улс дахин Путиний хиймэл дагуул улс болно гэж “Уолл стрийт” бичиж байна”, “Төмөр замд техникээ шахах гэв”, “Оросууд хориг тавилаа”, “Төмөр замчдын дунд “домбоо” хэмээгддэг орос дарга” гэх мэт шүүмжлэл харагдана.
2000-аад онд Хятадтай холбоотой мэдээллийг сонинууд ихэвчлэн төвийг сахисан өнгө аястай бичиж байв. Цөөн тохиолдолд Хятад, Монголын оролцоо бүхий бизнес, уул уурхайн компанитай холбоотой зөрчил, гэмт хэрэг, буруу үйлдлийг шүүмжлэн бичжээ. Энэ байдал 2010-аад оноос нэлээд эрчимжсэн байна. Тухайлбал, “Өдрийн сонин”-ы 2010 оны ¹242 дугаарт “Хятадууд хоёр монгол залууг зодож, машинаар чирч алжээ” гэсэн мэдээллийг дэлгэрэнгүй сурвалжилсан бөгөөд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт жонш олборлодог, Хятадын хөрөнгө оруулалттай “Эжүмэн” компанийн эзэн Жан үйлдсэн тухай бичжээ. Мөн хятад хүний авлигач, шунахай, зальтай, худлаа ярьдаг, хууран мэхэлдэг, хүн зоддог, хүний амь хохироодог дүр төрх зонхилж байв. Үүний жишээ нь, “Айраг сумд хүн дайрсан хятад иргэний хэрэг хэрэгсэхгүй болох нь ээ” (“Өдрийн сонин”, 2010.10.09), “Монголын нүүрс, Хятадын шохоорхол” (“Өнөөдөр” сонин, 2010.09.06), “Хятадын “Лейшон ресурс” манай АМГ-ынхны толгойг эргүүлж дөнгөв” (“Өглөөний сонин” 2010.10.26) зэрэг нийтлэлээс харж болно.
“ДЭЛХИЙ МЭДЭЭ”-НЭЭС ТОВЧ МЭДЭЭ ТИЙШ
Монголын өдөр тутмын сонинууд сүүлийн жилүүдэд захиалагчийн тоо багассан, хүний нөөцийн дутагдалд орсон зэрэг шалтгаанаар цөөн хуудастай хэвлэгдэх болжээ. “Өдрийн сонин” бас энэ бэрхшээлийг тойрсонгүй. Энэ оны эхний хагас жилийн дугааруудыг харахад хамгийн багадаа найм, ихдээ 16 нүүртэй хэвлэсэн бөгөөд “Дэлхийн мэдээ”-ний булан нэг л нүүрээр хязгаарлагдах болов. Мөн энэ булангийн мэдээ, нийтлэлүүд ч хэт товч болжээ. Тухайлбал, “Өдрийн сонин”-ы гуравдугаар сарын дугаарт Хятадын тухай нэг л мэдээ нийтлэгдсэн бөгөөд энэ нь “Шяоми” компани цахилгаан машин борлуулж эхэлсэн тухай гарчиггүй, товч мэдээ байв.
“Өдрийн сонин”-ы дэлхийн мэдээний булан ихэвчлэн есдүгээр нүүрэнд байрладаг. Мөн ихэнх тохиолдолд энэ нүүрэнд тендерийн зар байршуулдаг тул гадаад мэдээний зай талбай улам багасжээ. Гарчиг бүхий мэдээ нэг л орох бөгөөд нэлэнхүйдээ товч мэдээний нүүр болсон байна. Мэдээний агуулгуудаас харахад АНУ, Украины тухай мэдээлэх нь түгээмэл. Харин Хятадын талаар мэдээлэх нь цөөн байв. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамнаас нийтлүүлсэн байж болзошгүй нэгэн материал гуравдугаар сарын 7-нд хэвлэгджээ. Түүнийг “Хамтын ажиллагаа” хэмээх нүүрэнд хэвлэсэн нь ойлгомжгүй байв. Энэхүү материал нь Хятадын ардын төрөөр зөвлөлдөх зөвлөлийн 14 дүгээр их хурлын тухай сурталчилсан агуулгатай байлаа.
“Өдрийн сонин” дотор нүүрээ ихэвчлэн хараар хэвлэдэг боловч энэ удаад зөвхөн энэ мэдээний нүүрийг өнгөтөөр хэвлэсэн бөгөөд “Синьхуа” агентлагаас авсан гэрэл зургуудын хамт нийтэлсэн нь хачирхалтай. Мөн мэдээний төгсгөлд орчуулагчийн нэрийг тавиагүй, “төлбөртэй нийтлэв”, эсвэл “редакцын бус агуулга” хэмээн бичээгүй байсныг үзвэл далд сурталчилгааны агуулга болохыг уншигчдадаа хэлэхээс татгалзсан редакцын шийдвэр мэт ойлгогдоно.
Энэхүү мэдээ нь “Өдрийн сонин”-ы цахим сан болох dnn.mn сайтад мөн нийтлэгджээ. Харин “Өдрийн сонин”-ы болон dnn.mn сайтын фэйсбүүк хуудсанд нийтлэгдээгүй нь хачирхалтай, хайгаад олсонгүй.
Иймд “Өдрийн сонин”-ы мэдээ, мэдээлэлд хийсэн бичил судалгаагаа өргөжүүлж, тус сонины dnn.mn сайтаас нарийвчилсан хайлт хийж үзэв. Ингэхдээ “хятад” OR “хятадын” site:dnn.mn гэсэн гүүглийн хайлтын оновчлолыг ашиглав. Ингэж нарийвчилж хайснаар тухайн сайтад буй дээрх хоёр түлхүүр үгээр нийтлэгдсэн бүх мэдээ, нийтлэл гарч ирэв.
Хугацааг нь сүүлийн нэг жилээр тохируулж хайвал 467 илэрц олдлоо. Үүнээс хамгийн түрүүнд гарч ирсэн 15 мэдээ, нийтлэлийн гарчгийг жагсааж үзүүлье.
Мэдээ, нийтлэлүүдийн дийлэнх нь төвийг сахисан байх бөгөөд шүүмжилсэн өнгө аяс бүхий мэдээ нийтлэл байсангүй. Сөрөг өнгө аяс бүхий мэдээллийн нь агуулгын хувьд гэмт хэрэг, зөрчил, хямралын тухай учраас энэ ангилалд оров. Тухайн, мэдээллийг орж уншвал мөн л төвийг сахисан өнгө аястай байлаа. Эндээс харахад “Өдрийн сонин”-ы dnn.mn сайтын ихэнх мэдээ албаны өнгө аястай, тодорхой нэг газраас нийлүүлсэн мэт харагдаж байна.
ДҮГНЭЛТ
“Хятад улсын төрийн хэвлэл мэдээллийг олон улсын түвшинд хүргэх ерөнхий төлөвлөгөө 2009-2020” хэмээх баримт бичгийг тус улс 2009 онд гаргаж, тус салбарт зургаан тэрбум орчим ам.долларын 19 санхүүжилт олгохоо зарласан талаар судлаачид бичиж байна. Баримт бичгийг бодлогын түвшинд авч үзвэл “Хэвлэл мэдээллийн гадагш гарах” стратегийг “造船出海” (“Өөрийн завиа бүтээж (үйлдвэрлэж) далайд гарах”), “借船出海” (“Завь зээлж далайд гарах”) гэсэн хоёр арга замаар хэрэгжүүлж байгаа аж. “Өөрийн завиар” явах стратеги нь тус улсын дэлхийг хамарсан хэвлэл мэдээллийн сүлжээ байгуулж түүгээрээ мэдээлэл дамжуулах арга юм. Ингэхдээ “Синьхуа” агентлаг, Хятадын төв телевиз, Хятадын Олон улсын радио, “Хятадын өдрийн сонин”/“Глобал таймс” сонины санхүүжилт өсөж, үйл ажиллагаагаа тэлэх бодлого баримталж байна.
Харин “Завь зээлж далайд гарах” (借船出海) нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан мэдээлэл дамжуулах арга зам. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах, мэдээлэл хуваалцах ба бусад түншлэлийн гэрээ байгуулах үйл ажиллагааг ийнхүү нэрлэжээ. Үүнд CCTV гадаадын 70 орчим хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох гэрээтэй. Мөн “Хятадын өдрийн сонин”-оос АНУ-ын “Вашингтон пост”, “Лос Анжелес таймс”, “Daily telegraph” зэрэг сонинд сар бүр нэмэлт нийтлэл гаргадаг тухай судалгаа гарчээ.
Эндээс үзвэл “хамтын ажиллагааны хүрээнд” нэрээр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан мэдээлэл дамжуулах, суртал нэвтрүүлэг хийх явдал түгээмэл болж буй юм.
Хууль зөрчөөгүй бол хамтын ажиллагаа гэдэг аль ч салбарт байж болох харилцаа. Мөн хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд харшлаагүй бол сурталчилгаа явуулах нь ч зүйн хэрэг. Гагцхүү хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 9.1-т зааснаар “Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээс татгалзана”, “Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана” хэмээх зарчмыг мөрдөх ёстой юм. Хэрэв тэгээгүй бол энэ нь сэтгүүл зүйн үйл ажиллагааг буруугаар ашиглаж буй хэрэг болно.