Манай улс парламентын засаглалтай. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана, төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэсэн Үндсэн хуулийн заалттай. Хууль мэргэжилтнүүдийн судалгаа, олон нийтийн хэлэлцүүлэг, баримт нотолгоотой, үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байж гэмээнэ цоорхойгүй, хийдэл, давхардалгүй батлагдах ёстой. УИХ худал хуурмаг, алдаатай мэдээлэлд тулгуурлан хууль батлах аваас хуудуутай шийдвэр гарч, үр дагаврыг иргэд, олон нийт нуруундаа үүрнэ гэсэн үг. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин чуулганы хуралдааны үеэр “Сайд нар парламентад худлаа яриад байна” гэж шүүмжилсэн удаатай. Тэрбээр мөн “УИХ-ыг мэдээллээр хангаж ажилладаг хоёр суваг бий. Нэг нь гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар. Нөгөө нь УИХ-ын дэргэдэх байгууллагууд болон Тамгын газар” гэсэн. Гэвч дээрх субъектүүд УИХ-ыг баталгаатай мэдээллээр хангаж чаддаг уу, хуурмаг мэдээлэл өгдөг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Өнөөдөр бидний өмнө тулгамдсан гол асуудал нь агаар, орчны бохирдол. Үүнийг тойрсон үйл явдлууд өрнөж байна. Эцэст нь нэг шийдвэр гарах л байх. Гол нь худал хуурмаг, алдаатай мэдээлэлд үндэслэн хуудуутай шийдвэр бүү гаргаасай. Худал мэдээлэлд үндэслэн хуудуутай шийдвэр гаргах магадлал бий. Манай сонины пүрэв гаргийн дугаар дахь “Нийслэл дэх суурин харуулууд агаарын чанарын үзүүлэлтийг ташаа мэдээлж байна” нийтлэлээрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд харьяалагддаг, өдөр тутмын үйл ажиллагааг нь ЦУОШГ хариуцдаг Улаанбаатар хот дахь 19 суурин харуул агаарын чанарын индексийг ташаа мэдээлдэг болохыг олон нийтэд хүргэсэн. Тухайлбал, ЦУОШГ-ын хариуцдаг agaar.m сайт Зуун айл орчмын агаарын чанарын индексийг 226 гэж мэдээлж байхад нэг өдөр, нэг цаг минутад АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн “AirNow” сайт 667 гэж мэдээлж байна. Олон улсын байгууллагын хэмжигч төхөөрөмжид итгэж шийдвэр гаргах уу, өөрсдийн суурин харуулуудын “бага бохирдолтой” мэдээлэлд итгэх үү. Индекс хоорондын зөрүү нь 441 нэгж гээд бод доо. Амьдралаас зөрүүтэй тасархай шийдвэр гарна шүү.
Б.Баярмагнай