Сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Ган үзэг-2024” наадам өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг наадмын “Сонины шилдэг сэтгүүлч” төрөлд “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон тэргүүлэв. Мөн манай сонины Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны тоймч Ч.Болортуяагийн “Амсхийх завгүй ажилгүйчүүд” нийтлэл “Сонины шилдэг бүтээл” төрөлд шилдгээр шалгарч, “Ган үзэг” цом хүртлээ.
Сэтгүүлч Г.Цолмон энэ онд бичсэн “НҮБ-ын хүнсийг тээвэрлэж байсан агаарын тээвэрлэгчийн тусгай зөвшөөрлийг ИНЕГ-ынхан юуны учир цуцлав”, “Чанаргүй гэж дүгнэсэн эм, бүтээгдэхүүнийг худалдаж байгаа, эсэхийг хянах байгууллага алга”, “Угаасан мөнгөө усан завь болгосон нь наад захын жишээ”, “Арбитрт ялагдсан “Алтайн хүдэр”-ийн уурхайд хэн эзэн суух вэ”, “Хот тохижуулах чиглэлээр зарласан тендерүүд авлигачдыг өөгшүүлдэг”, “Барилга, байгууламж хүлээн авах нэрээр “гар харж” сурсан Улсын комиссынхон”, “МУИС өмчөө эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр алдсаар байх уу”, “Хууль, шүүхийнхэнд хүчрэгддэггүй “Петрочайна дачин Тамсаг”-ийг хэрхэх вэ”, “БХЯ цэргийнх үү, иргэний чиг үүргийнх үү” зэрэг эрэн сурвалжлах, хууль эрх зүйн чиглэлийн нийтлэлээрээ шилдэг сэтгүүлчээр шалгарсан юм.
Тэрбээр 2003 оноос одоог хүртэл 21 жилийн турш “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албанд сурвалжлагч, 2013 оноос хойш албаны даргаар ажиллаж байна. “Өнөөдөр” сонинд ажиллах хугацаандаа тэрбээр эрэн сурвалжлах чиглэлээр олон мэдээ, мэдээлэл, ярилцлага, сурвалжилга, тойм бичиж, сониныхоо шилдэг бичлэгийн шагналаас гадна мэргэжлийн байгууллагуудын шагналыг удаа дараа хүртэж байсан манай шилдэг ажилтан, туршлагатай сэтгүүлч юм.
Сэтгүүлч Ч.Болортуяа “Амсхийх завгүй ажилгүйчүүд” нийтлэлдээ асрахуйн эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх, бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүнийг асарч буй хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэн, ажил хийх боломж, нөхцөлөөр хангах зэрэг асуудлыг хөндсөн билээ. Ч.Болортуяа нь хэвлэл мэдээллийн салбарт 2009, “Өнөөдөр” сонины Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албанд сурвалжлагч, тоймчоор 2014 оноос хойш одоо хүртэл 10 жилийн турш ажиллаж буй туршлагатай сэтгүүлч юм.
У.Цэцэг