БНСУ-ын цэргийн тагнуулын ажилтнуудыг өнгөрсөн сарын сүүлчээр Монгол Улсад баривчилж, эх оронд нь албадан буцаасан талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн нь олны анхааралд өртөв.
Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын хоёр албан тушаалтан Улаанбаатар дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамныхантай холбоо тогтоохоор Монголд ирээд байхад нь Монголын тагнуулын ажилтнууд саатуулсан гэх мэдээллийг БНСУ-ын “N news” цахим хуудсанд нийтэлжээ. Мөн орон нутгийн мэдээлэгч буюу дундын зуучлагчаар Монголын төрийн албан хаагч ажиллаж байсан, түүнтэй уулзах үеэр нь Монголын тагнуулын байгууллага холбогдох баримтуудыг бэхжүүлсэн. Монголд жуулчлах визээр аялсан тагнуулын ажилтнуудыг ямар ч зорилгогүйгээр төрийн албан хаагчидтай байнга уулзаж буйг Монголын тагнуулынхан тогтоож, баривчилсан хэмээн мэдээлсэн байв.
Энэ талаар баттай эх сурвалжуудаас тодруулахад “Өнгөрсөн сарын сүүлчээр ийм явдал болсон нь үнэн. Онц чухал нууцтай холбоотой асуудал учраас энэ талаар ямар нэгэн зүйл ярьж болохгүй” гэсэн хариулт өглөө.