Нийслэлийн хамгийн том байгууллага нь ИТХ. Хотод ямар ажлууд хэрэгжүүлэх, төсвийг хаана, хэрхэн хуваарилах зэрэг бидний амьдралд ойр шийдвэрүүдийг ИТХ-ын төлөөлөгчид эцэслэн баталдаг хуультай. Нийслэлийн Засаг даргын хувьд зөвхөн санал гаргаад, түүнийгээ ИТХ-аар батлуулж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Хотын дарга үүргээ хэр зэрэг биелүүлж, төсөв буюу татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа, эсэхэд хяналт тавих эрх бас ИТХ-ын төлөөлөгчдөд ногддог. Гэвч Улаанбаатарт өдгөө Засаг дарга нь нийслэлийн ИТХ-ынхаа толгойд нь гарч, төлөөлөгчдийг гарынхаа аясаар хөдөлгөдөг гаж тогтолцоо үүсчхээд байна.
“Парламентад гоё шийдвэр, шийдэл яриад л байдаг. Гэтэл тэдгээрийг яг газар дээр нь хэрэгжүүлэх ёстой засаглал нь алдагдчихсан. ИТХ-ын төлөөлөгчид нь бүгдээрээ Засаг даргынхаа цэрэг болчихсон. Засаг даргадаа хяналт тавьдаг хүн алга. Иргэдээ төлөөлөн дуугардаг нэг ч хүн байхгүй” гэж Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, өдгөө Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Оюунгэрэл хэлсэн удаатай. Энэ нь нийслэл дэх засаглалын хямралыг товч бөгөөд тодорхой, маш ойлгомжтойгоор дүгнэсэн хэрэг.
Юу ярихаа хүртэл Х.Нямбаатараар заалгана
“З.Төмөртөмөө төлөөлөгч бордюрын талаар хэвлэлд ярьсан байна билээ. Улаанбаатар хот нэг ч ширхэг бордюр худалдан аваагүй шүү” гэж хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-ын хуралдааны үеэр нэлээд ширүүн, дээрэнгүй өнгө аясаар хэлэв. Танхим суусанд төлөөлөгч З.Төмөртөмөө сандарсан шинжтэй “Би тэгж яриагүй” гэж яаран хариулах нь тэр. Ингээд бордюрын талаар хэвлэлд ярьсан “этгээд”-ийг хайх эрэл хуралдааны танхимд маш богино хугацаанд өрнөөд, АН-ын таван төлөөлөгчийн нэг Б.Эрдэнэсүх гол “буруутан” болж таарлаа. Нийслэлийн Засаг дарга сурсан зангаараа сүртэй гэгч нь “Б.Эрдэнэсүх ээ, нийслэл нэг ширхэг ч бордюр аваагүй” гэснээр дээрх яриа намжив. Ердөө тав хүрэхгүй минутын дотор болж өнгөрсөн эл үйл явдал нь төлөөлөгчид аль хэдийн хотын даргын эрхшээлд орсныг маш тод илэрхийлнэ.
Уг нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хотын дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй. Тэр ч бүү хэл, Засаг даргыг огцруулах саналыг ч Ерөнхий сайдад тавьж болно. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.7-д “...хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих”, 35.1.15-д “Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих”, 38.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн” гэж заасан нь бий.
Гэвч одоогийн нөхцөл байдлыг харвал төлөөлөгчид хяналт, шаардлага тавих бус, харин өөрсдөө л хотын даргаар удирдуулдаг, цагдуулдаг болж, ажил, үүргийн хуваарь нь 180 градус эргэчхээд байна. Төлөөлөгчдийн хэвлэлд юу ярихыг нь хүртэл хотын дарга зааж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх буюу Үндсэн хуулиар олгосон эрхэд хүртэл халдаж чадаж байна шүү дээ.
Засаглалын хямралын цаад тал
Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. Өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд нийслэлд МАН олонх болж 40 суудлыг нь эзлээд буй билээ. Тэдний талаас илүү буюу 22 нь “давхар дээл”-тэй. УИХ-ын гишүүн сайдын албан тушаал давхар хашдаг шиг холион бантан нийслэлд ч байдаг гэсэн үг. Тэр битгий хэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын баг бүхэлдээ ИТХ-ын төлөөлөгч. Жишээ нь, хотын даргын орлогч Т.Даваадалай, А.Амартүвшин нарыг энд дурдаж болно. Мөн хотын ерөнхий менежерээр саяхан томилогдсон Ч.Батзориг бас төлөөлөгч. Түүнчлэн хотын даргын гурван зөвлөх нийслэлийн ИТХ-д бий. Үүнээс гадна Багануур, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй гэсэн зургаан дүүргийн Засаг дарга ч “давхар дээлтэй”.
Цаашлаад нийслэлийн харьяа газар, агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар зэргийг удирддаг, эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлд нь ажилладаг төлөөлөгч ч цөөнгүй бий. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн захирал Ж.Сандагсүрэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мягмар, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Ч.Мэндбаяр гэх мэтээр эл жагсаалт хөвөрнө. Нийслэлийн өмчит байгууллага болох Соёлын төв өргөөний захирал Л.Ариунтуяа ч ИТХ-ын төлөөлөгч. Нийслэлийн харьяа газар, агентлаг, орон нутгийн өмчит байгууллагын тоо 40-өөс давдаг гэх юм билээ. Тэгэхээр хотын даргын төлөөлөгчдөд бэлэглэх албан тушаал мундахгүй их гэсэн үг.
“Давхар дээл”-ийн нөлөө
Улаанбаатар хотын трамвайн анхны төслийн удирдагчаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжинг томилсон гэх сураг ажиг өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр “урсаад” л өнгөрлөө. Төлөөлөгч энэ тухай мэдээллийг үгүйсгээгүйг бодоход оргүй биш биз ээ. Бас нийслэлийн харьяа Авто тээврийн бүртгэл, хяналтын төв гэсэн шинэ нэгж байгуулах шийдвэрийг нийслэлийн ИТХ батлаад байна. Дахиад л нэг даргын албан тушаал бий болно. Ийм маягаар элдэв байгууллага бий болгоод, төсвийн хөрөнгийг үрэн таран хийхийн зэрэгцээ “давхар дээлтэй” төлөөлөгч төрүүлдэг. Улмаар нийслэлийн ИТХ дахь хотын даргын “цэрэг”-ийн тоо нэмэгддэг байх нь. Өнгөрсөн дөрвөн жилд ч хотын парламент дахь МАН-ын бүлгийн 35 гишүүний олонх нь давхар албан тушаалтай байв. Жишээ нь, найман төлөөлөгч дүүргийн Засаг даргаар ажилласан. Түүнчлэн 10 гаруй төлөөлөгч нийслэлийн өмчит байгууллага, харьяа газар, агентлаг зэргийг удирдаж байлаа.
Дээрх жишээнүүд бол зөвхөн хэн нэгэн нь давхар албан тушаал хашихаар хязгаарлагдах асуудал биш. Харин түүнээс ч ноцтой үр дагавартай. Учир нь ард түмнийг төлөөлнө гэж сонгогдсон төлөөлөгчид энэ мэт албан тушаал аваад чимээгүй болдог. Ард нь засаглалын хямрал нүүрлэж, төсвийн хулгай үргэлжилдэг сөрөг талтай. Тодруулбал, төлөөлөгчдийг дуугүй болгох, амыг нь хамхихын тулд хотын дарга албан тушаал бэлэглэж, улмаар нийслэлийн ИТХ-ын хүчийг сулруулж, цаашлаад ардчилсан тогтолцоонд ч аюул учруулж байна.
Төсөв хүртэл хаалттай
Иргэдийн саналыг авсны үндсэн дээр ИТХ-д “очсон” учраас төлөөлөгчид олон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах учиртай. Ардчиллын суурь зарчим нь олон ургальч үзэл. Тиймээс хуралдааны танхим нь ч хэлэлцүүлэг, мэтгэлцээний талбар байх ёстой. Хэн байлаа ч бусдынхаа үг, үзэл бодлыг сонсож, шийдвэр гаргахдаа нийтийн эрх ашгийг чухалчлах шаардлагатай. Гэтэл энэ зарчим нийслэлийн ИТХ-д хэдийн алдагдаад, хотын даргын оруулж ирсэн санал болгоныг нь “ногоон гэрэл”-ээр баталж, хуралдааны танхимд санал, шүүмжлэл ч өрнөхөө больчхов.
Төлөөлөгчид хотын даргын “дохиур”-аар ажилладгийн жишээ нийслэлийн ирэх оны төсөв хэлэлцэн батлах үйл явцаас тод харагдлаа. Улаанбаатарт ирэх жил авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмнэ. Ялангуяа авто зам ашигласны төлбөрийг маш өндөр дүнгээр буюу тав дахин өсгөх төсвийг хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-аар батлуулчхаад буй. Хотын удирдлага иргэдийн халаас руу гараа илүү гүн дүрээд байхад л татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хяналт тавих ёстой ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэр битгий хэл, хаалттай хуралдаад төсөв баталж чадах хэмжээнд хүртлээ хотын даргыг давруулсныг бид харлаа. Ингээд ч зогссонгүй нэг төсвийг нь хоёр ч удаа батлах хэмжээний өгөөмөр сэтгэл төлөөлөгчдөөс гарч байна.
Тодруулбал, эхний удаад энэ сарын 4-нд нийслэлийн ИТХ хотын төсвийг хаалттай хэлэлцэн баталсан. Улсын төсөв хэлэлцээгүй байхад нийслэлийнхийг баталсан нь шаардлага хангаагүй бололтой. Энэ сарын 25-нд төлөөлөгчид дахиад л нийслэлийн төсвийг хэлэлцэн баталжээ. Юу гээчийн будилааныг тэд хутгаад байгаа юм, бүү мэд.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь ч төсвөө бүрэн уншиж танилцсан, эсэх нь эргэлзээтэй. Яадаг ч байсан, ер нь юу ч гэж бичсэн батлах нь ойлгомжтой болохоор унших шаардлага ч тэдэнд байдаггүй хэрэг үү. Нөгөөтээгүүр, төсвийн төслийг ч олон нийтэд дорвитой танилцуулсангүй. Жишээ нь, дээр дурдсан хоёр төрлийн татварыг нэмэх гэж буйг иргэд төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр л мэдсэн юм. Ингээд олон нийт эсэргүүцэж, шүүмжилсэн ч хотын дарга Х.Нямбаатар огт тоогоогүй. Төлөөлөгчид ч анхаараагүй. Өмнө нь иргэдээс хөрөнгө оруулалтын санал авдаг байсныг тэд санаж буй байх. Гэтэл эл зарчим алдагдаад удлаа.
АН-ынхан уг нь цөөдөхгүй
Хотын дарга нийслэлийн ИТХ-д хаан мэт дураараа авирлаж байхад цөөнх болсон АН-ын таван төлөөлөгчийн дуу нь ч гарахгүй юм. Өнгөрсөн дөрвөн жилд ХҮН намын гуравхан төлөөлөгч маш идэвхтэй ажиллаж, бугшмал олон асуудлыг илрүүлж байснаас АН-ынхан суралцвал яасан юм бэ. Ногооны автобусны “хулгай”-г ХҮН намынхан анх илчилж байв. Ойрын жишээ дурдвал, УИХ-ын 126 гишүүнээс дөнгөж дөрөвхөн нь улсын төсвийн булхайг илчилж, улмаар Ерөнхийлөгч хориг тавих хүртэлх хэмжээний нөлөө үзүүлж чадлаа. Ийм учраас нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн таван төлөөлөгч уг нь цөөдөхгүй.
Гэвч нийслэлийн ИТХ одоо сөрөг хүчингүй мэт л байна. Дарга А.Баяр нь сайжруулсан түлшийг хянан шалгах гэх сүртэй нэртэй ажлын хэсгийг 15 төлөөлөгчийг оролцуулан байгуулах шийдвэрийг саяхан гаргасан. Үүний дагуу тэд түлшний үйлдвэрээр нэг хэсэг л “зочиллоо”. Тэд өөрсдийгөө сурталчилж, олон нийтэд жаахан харагдаад л өнгөрснөөс өөр үр дүнгүй. Уг нь тэд болохгүй бүтэхгүй зүйлийг эсэргүүцэж, иргэдийнхээ эрх ашгийн төлөө хотын даргын коммунист үйлдлүүдийг таслан зогсоох учиртай юм сан.
М.Оч