Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, цэргийн жанжин, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Галдан бошгот хаан-380: Архивын баримтууд” үзэсгэлэн дэлгэлээ.
Эл үзэсгэлэнд Зүүнгарын Галдан бошготоос Оросын Цагаан хаанд илгээсэн захидал, Манжийн эсрэг хийсэн тэмцлийн түүхэнд холбогдох дурсгалуудыг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой аж. Мөн Оросын Эртний улсын архивт хадгалж буй, XVII зууны Монголын түүхэнд холбогдох баримтууд зэрэг түүхэн ховор нандин үзмэрийг олны хүртээл болгож байна.
Галдан бошгот хаан нь Манжийн түрэмгийллийн эсрэг шийдвэртэй тэмцэж, түрэмгийллийг нь сөрөн зогсох гол хүчийг толгойлж байсан цэргийн гарамгай жанжин гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн. Мөн хууль цааз, засаг захиргааг шинэчилж, монголчуудын эзэмшил нутгийг Дундад Ази, Дорнод Туркестан хүртэл тэлэн, төмөрлөгийн үйлдвэр байгуулжээ. Бас зэр зэвсэг, хуяг дуулга, сэлэм жадыг ихээр хийлгэн бэлтгүүлж, галт зэвсгийг Монголд анх удаа үйлдвэрлэсэн юм.
У.Сүрэн