Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 113 жилийн ой өчигдөр тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, түүхэн үйл явдлыг олон нийтэд таниулах зорилготой цөөнгүй үйл ажиллагаа зохион байгуулсныг багцлан хүргэе.
Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан Г.Дагва, МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Ц.Цэвээн нарыг Гавьяат багш цолоор шагнав. Мөн нийслэлийн 86 дугаар сургуулийн ахмад багш С.Билэгмаа, МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх, доктор, дэд профессор Д.Түмэнжаргал нар ч Гавьяат багш цол хүртсэн юм. Түүнчлэн Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч Б.Шатарт Гавьяат хуульч цол хүртээлээ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Ж.Бат-Ирээдүйд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол олгов. Мөн Гэрлэх ёслолын ордны захирал, найруулагч М.Уянга, Монголын үндэсний музейн захирал Б.Сарантуяа нарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн. Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын хоккейн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, багш дасгалжуулагч, ОУХМ А.Мэргэн энгэрээ мялаалаа. Гардан тулааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ М.Баттүшигийг Гавьяат тамирчнаар тодруулав.
“Шажны хааны шүтээн” тусгай үзэсгэлэнг нээлээ
“Шажны хааны шүтээн” тусгай үзэсгэлэнг Богд хааны ордон музейд өчигдөр нээлээ. Одоогоос 113 жилийн өмнө Манжийн дарлалаас салж, Төрийн тэргүүнээр VIII Богд Жавзандамба хутагтыг залсан түүхтэй. Иймд тус музейгээс энэхүү өдрийн утга учрыг олон нийтэд ойлгуулах, VIII Богд Жавзандамба хутагтын гавьяаг таниулах зорилгоор эл үзэсгэлэнг дэглэжээ. Түүнчлэн түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг үзэсгэлэнгээс сонирхож болох аж. Тухайлбал, толгойн гоёл, ном, судар, эдлэл хэрэгслүүд нь үзэсгэлэнгийн үзвэрийн нэгээхэн хэсэг болжээ. “Шажны хааны шүтээн”-ийг ирэх сарын 5 хүртэл олны хүртээл болгох юм. Мөн түүхэн ойн өдрийн ёслолын үйл ажиллагааны хүрээнд Богд хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд мандал өргөв. Цэцэг өргөх ёслолд Богд хааны ордон музейн ажилтнууд, Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, түүхч, эрдэмтэн судлаачид оролцлоо.
1948 оны үеийн монголчуудын аж амьдралыг өгүүлэв
“Дайны дараах монгол орон, өдрийн тэмдэглэл, гэрэл зурагт 1948 он” номын нээлт өчигдөр боллоо. Уг бүтээлд ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны академийн Түүх-угсаатны зүйн шинжилгээний ангийн Угсаатны зүйн отрядын удирдагч К.В.Вяткинагийн Монголд 1948-1949 оны үед хийсэн хээрийн судалгааны ажлынх нь талаар өгүүлжээ. Түүний өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд Оросын ШУА-ийн Хүн судлал, угсаатны зүйн музейд хадгалсныг ийнхүү бүтээл болгосон байна. Тэрбээр багаасаа монголчуудтай ойр дотно өсжээ. Тиймээс монголчуудын аж амьдралыг судалсан аж.
А.Үүл