Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл дархан цаазат Богдхан уулын Төр хурахын ам дахь ШШГЕГ-ын харьяа “Төр хур” амралт, сэргээн засах сувилалд ажиллан ялаа эдэлж байна. Цар тахлын хөл хорионы үед хэд хэдэн аж ахуйн нэгжийн удирдлага нүүрсээ вагонд ачуулж өмнөд хөрш рүү хилээр гаргахын тулд С.Батдөлд 28 000-86 000 ам.доллар буюу нийт 1.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль өгсөн байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны долоодугаар сарын 7-нд хэргийг хэлэлцэн түүнийг хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь долоон жил хасаж, нээлттэй дэглэмд 12 жил хорих ял оноосон юм. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан нийт 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар, юань, евро (9390 ширхэг юань буюу 274 287 000, 16 363 ширхэг ам.доллар буюу 5 431 297 683, 451 ширхэг евро буюу 198 006 000 төгрөг, мөнгөн дэвсгэрт 1 425 370 000, нийт 7 328 960 683 төгрөг)-г улсын орлого болгохоор болсон байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд ялыг нь 10 жил болгож багасган, бусад заалтыг хэвээр нь үлдээснээр С.Батдөл ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдлэх болсон билээ.
Тэгвэл хорих ангийн удирдлагаас С.Батдөлийг Богдхан уулын Төр хурахын ам дахь “Төр хур” амралт, сэргээн засах сувиллын газарт ажиллуулж ялыг нь эдлүүлэх санал НПГ-т удаа дараа хүргүүлж, эцэстээ зөвшөөрүүлэн тогооч, галчаар ял эдлүүлж буй гэх. Уг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198.2-т “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд хоёр жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 214.6-д “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно”, 217.1-т нь “Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хорих ялын 50-иас дээш хувийг эдэлсэн хоригдлыг харуул хамгаалалтгүй, 50-иас доош хувийг эдэлсэн хоригдлыг хорих ангийн өөрийн үйлдвэрлэл болон хорих ангиас гадуур прокурорын зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр харуул хамгаалалттай хөдөлмөрлүүлж болно” хэмээсэн. С.Батдөлийн тухайд хуулийн эдгээр заалтыг хангахгүй байсан учраас “Төр хур”-д ажиллуулах хорих ангийн удирдлагын саналыг НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийнхэн нэг бус удаа буцааж байж. Гэвч эцэстээ прокурорууд нь зөвшөөрснөөр өдгөө Төр хурахын ам дахь утаагүй, цэвэр агаартай бүсэд галч, тогооч зэрэг ажил хийж ял эдэлж буй юм.
Г.Орчлон