Өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын ээлжит чуулганы эхэнд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм. Хархорум хотын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвлийн түншлэлээр гүйцэтгэж, дэд бүтцийн зардлыг нь улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын байгууллагын санхүүжилтээр шийдэхээр төлөвлөж буйг Монгол Улсын сайд Н.Учрал дурдлаа. Эл ажилтай холбоотойгоор Орхоны хөндийд археологи, антропологийн судалгааг ул суурьтай хийх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа илэрхийлэв. Ажлын хэсгийн гишүүд үүний хариуд “ЮНЕСКО-д бүртгүүлсэн дэлхийн соёлын өвийн газартай хот байгуулах байршлыг давхцуулалгүй сонгож, Засгийн газрын тусгай хэрэгцээнд авсан” гэлээ. Хотын ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар боловсруулж, 26.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Түүнчлэн Австрали, Араб, Болгар, Турк, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улс түүх, археологийн олдворыг сэргээх, шинэ хотын эрчим хүч, инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, орон сууцын төслүүдэд хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэнэ. Энэ ажилтай холбоотой хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр харьяалах байнгын хороонд шилжүүлэв.
Энэ өдрийн чуулганаар дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад чухал нөлөөтэй хэд хэдэн хууль, тогтоолын төслийг УИХ-аас баталсан юм. Тодруулбал, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хууль болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийж, хуралдаанд оролцогчдын олонхын саналаар батлав.
Н.Мишээл