Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны Erasmus хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх зорилготой үндэсний хэмжээний төслийг эхлүүлж буйг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Европын гурав, Монгол Улсын таван их сургууль болон гурван байгууллага хамтран оролцох аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монгол Улсын их сургуулийн зүүн бүсийн сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, “Хангай” олон улсын дээд сургууль, “Дархан” дээд сургууль, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Брашовын Трансильвани их сургууль, Палермогийн их сургууль, Итали улсын Палермо хотод байрладаг ашгийн бус байгууллага болох CESIE төслийг хэрэгжүүлэх юм байна. Төслийн ерөнхий зохицуулагчаар “Отгонтэнгэр” их сургуулийнхан ажиллах гэнэ. Үүний хүрээнд ногоон хэлэлцээр ба дижитал хөтөлбөрт нийцүүлэн үндэсний бодлоготой уялдуулан “Багшийн боловсролын 2027-2032 оны стратеги” боловсруулах юм байна. Мөн багш нарыг мэргэжлийн хувьд тасралтгүй хөгжүүлэх туршлагыг нутагшуулах гэнэ.
Ч.Болор