Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, бүрэлдэхүүнээ томилсноос хойш таван сар 15 хоног өнгөрч байна. Ийнхүү бүрэн эрх нь бүрдсэн цагаас л аливаа Засгийн газрын ажлын хоног гүйж эхэлдэг, явц, үр дүнгээ 100 дахь өдрөө танилцуулдаг уламжлал тогтсон. Тэгвэл МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан танхим өөрсдийн тусгай тоолол бий болгожээ. Үүний дагуу 100 дахь хоног нь энэ сарын 20-нд тохиосон аж. Өмнөх хоёр сарыг тэд зүгээр л “бэлтгэл үе” болгочхож байгаа юм. Засгийн газар ойгоо тохиолдуулан ээлжит бусаар хуралдаж, үйл ажиллагааны хөтөлбөр баталснаас хойш хэрхэн ажилласнаа хэлэлцэн, эдийн засгийн үзүүлэлтүүдийг ч эл өдрөөр тасалбар болгон ярилцсан гэнэ.
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-аар хоёронтоо хэлэлцэж, нийгмээрээ хянан шүүж байхад ч нэгдсэн чуулганы хуралдаандаа үзэгдээгүй, сэтгүүлчдийн байтугай УИХ-ын гишүүдийнхээ асуултад хариулалгүй нуугдсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт олон нийтийн өмнө ил гарч ирэв. Ингэхдээ эдийн засаг өсөж, бүх зүйл сайн сайхан болж, бүтэж байна гэсэн өөдрөг мэдээлэлтэй, иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашиг тараах “бэлэг”-тэй үзэгдэхээ мартсангүй. Гоё харагдана л гэж бодсон байх нь. Тэгвэл үнэндээ энэ Засгийн газар өнгөрсөн таван сар гаруйн хугацаанд юу хийсэн бэ.
Төсвийг бантагнуулсан нь
Хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа долоодугаар сарын 17-нд хийсэн юм. Үүгээр тэд 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж, хамтарсан Засгийн газрын гэрээ байгуулах талаар хэлэлцсэн байна. Мөн 100 хоног нь хэзээ болоход санаа тавьж, энэ хугацаанд эхлүүлэх төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлах ёстой гэжээ. Улмаар гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “хольж” боловсруулсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээнд гурван намын дарга наймдугаар сарын 12-нд гарын үсэг зурсан. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг удалгүй УИХ-аар батлав. Ирэх дөрвөн жилд хийх ажлаа төлөвлөж, тодорхойлох нь бүх л Засгийн газрын гүйцэтгэх ёстой эхний чухал ажил. Үүнийг хэрхэн зөв тооцоо, судалгаатай боловсруулснаас улс орны хөгжил хамаарах учиртай. Уг хөтөлбөрт бүсчилсэн болон хүний хөгжлийн, эдийн засгийн, хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүний дагуу аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын реформ зэрэг 14 мега төслийг ирэх дөрвөн жилд хамтран хэрэгжүүлэхээр болов.
Улсын ирэх оны төсвийг боловсруулж оруулж ирэх нь Засгийн газрын нэг чухал үүрэг байдаг. Таван сар гаруйн хугацаанд тэд нийт гурван удаа төсөвтэй холбоотой хууль өргөн барьсан юм. Эхнийх нь наймдугаар сард өргөн барьж батлуулсан 2024 оны төсвийн тодотгол. Удаах нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл. Үүн дээр өнгөрсөн дөрвөн сарын турш Засгийн газар нь ч, УИХ нь ч хэрхэн “ухнатах”-ыг бид бүгд харлаа. Төсвийг боловсруулахдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах нь мэдээж. Гэвч үүнд нь хэт хийсвэр, мөрөөдлийн жагсаалт их, тооцоо судалгаа багатай төсөл нэлээд багтсан. Ер нь Л.Оюун-Эрдэнэ их “өөдрөг” хүн. Сүүлийн дөрвөн жилд иргэдийн эдийн засгийн байдал эрс муудаж, дундаж давхарга хэмээх хэсэг нь ажилтай тулдаа л өртэй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн, арай ядан амьдарч байна. Харин Ерөнхий сайдын хувьд эдийн засаг жилээс жилд өсөөд л, валютын нөөц нэмэгдээд л амьдрал “цэцэглээд” байдаг юм. Гэвч тэр нь бодит амьдралд огт наалдахгүй байгаа. Ийм байхад л Засгийн газар ирэх онд эдийн засаг найман хувиар өснө, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ ч тогтвортой байна хэмээн төсөөлж төсвөө оруулж ирэв. 35.8 их наяд төгрөгийн зардалтай, тэр нь ДНБ-ийхээ 37 хувьтай тэнцсэн төсөв өргөн барьсан. Нөгөөх мега төслүүдийн эхлэлийн санхүүжилтийг үүнд багтаасан нь мэдээж. Үндэсний хиймэл дагуулын төслийг Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, зээлийн ашиглалтад нь 211.6 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан нь “мөрөөдлийн, хийсвэр” гэсэн шүүмжлэл дагуулав. Зураг төсөвгүй, магадлангүй, хуулийг нь баталсан учраас гэсэн тайлбартай халамжийн баахан зардлыг санхүүжүүлэхээр шийджээ. Энэ парламентад МАН, АН, ХҮН намын 118 гишүүнтэй бүдүүн бүлэг үүсэж, сөрөг хүчингүй болсон. Тиймээс тэдний оруулж ирсэн төсвийг олонхоороо хамгаалан баталсан юм.
Үүний араас өрнөсөн олон үйл явдлыг уншигчид санаж байгаа. Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж, УИХ хүлээн авч, хуулиудыг хүчингүй болгож, түүхэнд анх удаа Засгийн газар ирэх оны төсвийг хоёр дахиа боловсруулж, парламентаар дахин хэлэлцсэн. Үргүй зардлаа 2.3 их наяд төгрөгөөр танаж, орлого, зарлагыг 33.5 их наядаар тэнцүүлэн алдагдалгүй болгож батлав. Цаг хугацаа их алдаж, дараагийн шатны өөрөө удирдах байгууллагуудын ажлыг ч уялаа. Эхний үүрэгт ажлаа хамтарсан Засгийн газар иймэрхүү байдалтай гүйцэтгэжээ.
1990-ээд он руу ухрав
Сүүлийн 30 жилийн турш хүлээгдэж буй эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулах ажлыг хамтарсан Засгийн газар урагшлуулахаар төлөвлөсөн. 14 мега төсөлд нь дотоодын сэргээгдэх эрчим хүчний эдгээр станцыг барих ажил багтаад буй юм. Хамтарч Засгийн газар байгуулсны нэг зорилго нь эдгээр төслийг урагшлуулж, ажил хэрэг болгох. Хэрэгжүүлж чадвал үнэхээр чухал ажил мөн. Тиймээс хамтарсан Засгийн газар дээрх зорилгынхоо хүрээнд Эрчим хүчний үндэсний хороо байгуулаад байна. Уг хороог Шадар сайд Т.Доржханд тэргүүлж, богино, дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Эрх баригчид сүүлийн 30 жилийн турш ард түмэнд таалагдаж, санал авах муйхар зорилгын хүрээнд энэ салбарын зах зээлийн үнийг хүчээр барьж, татаас өгсөөр ирсэн. Үнэ чөлөөлөх талаар байнга ярьдаг ч тэгж зүрхлэх, бухимдсан иргэдийн саналыг алдахаас айсаар ирсэн юм. Үр дүнд нь тус салбарын өр, алдагдал хуримтлагдаж, 350 тэрбум төгрөгт хүрчхээд буй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газар цахилгааны үнийг нэмсэн. Үе үеийн Засгийн газрын бурууг иргэд ийнхүү үүрч эхлээд байна. Уг нь эл алдагдлыг нөхөх олон боломж, үргүй зардлаас хэмнэх арга зам тэдэнд байсан. Мөн ирэх оны улсын төсөвт Эрчим хүчний үндэсний хорооны олон нийтийн ажлын зардалд найман тэрбум төгрөг төсөвлөж оруулж ирээд Т.Доржханд сайд баригдсан юм. Алдааг олж засах гэхээсээ илүү өөрсдийн өнцгөөс хийх пиартаа ийм их мөнгө зарцуулах гэж байсан нь илчлэгдсэн тул хассан.
Өнөөдөр Монгол Улсад цахилгааны нийлүүлэлт хангалтгүй, ачааллаа дийлэхгүй болж, өдөр бүр хязгаарлалт хийж байна. Хүүхдүүд лааны гэрэлд хичээлээ хийдэг 1990 оны эхэн үеийн нөхцөл байдал давтагдав. Шинэ жилийн баяраа тэмдэглэж байтал цахилгаан тасарсан тухай хөгжилтэй гэмээр ч, үнэндээ эмгэнэлтэй бичлэгүүд нийгмийн сүлжээнд нэлээд цацагдлаа. Гэтэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэж бүтэл муутайхан эр “Нар гарахгүй, салхигүй байхад би яах юм” гэсэн тайлбар хэлээд сууж байна. Манай улс ОХУ-аас цахилгааны хараат. Тэнд улс төр, эдийн засгийн нөхцөл үүсэж буй, бас манай улсад нийлүүлэх цахилгаанаа хязгаарлах, усан цахилгаан станцууд бариулахгүй байх “хор найруулах”-аас эхлээд гадаад нөлөө, бэрхшээл Засгийн газарт бий. Гэхдээ тусгаар улсын зангараг зааж, асуудалтай нүүр тулан, гацаасан дээрх станцуудыг бариад дотоодын хэрэгцээгээ хангах эхлэлийг тавих зориг бас хэрэгтэй. Хийх хүнд арга нь олддог. Гэвч пиарын зардлаас мөнгө “хусах”, нар, салхи руу буруугаа чихэхээс өөр зүйлд манай сайд нарын чадамж хүрэхгүй байна. Ерөнхий сайд нь ч иргэдээсээ нуугдаж, эх оронд нь болж бүтэхгүй байгаа бүхнийг харахгүй нүдээ таглачхаад, зөвхөн сайн тоон дээр төвлөрч явна. Байгуулагдаад хагас жил шахам боллоо, одоо өнөөх хөтөлбөрөө нэрлэсэн шигээ зоригтой, хурдтай, гэхдээ судалгаа тооцоотой ажиллавал яасан юм бэ. Эс тэгвээс энэ Засгийн газрыг огцруулах нь цаг хугацааны асуудал болно. Дараагийн Ерөнхий сайдын нэрс дуулдаж, зарим нь өөрийгөө санал болгоод эхэлсэн байна лээ. Чадахгүй бол чаддагт нь ажлаа өгөх сонголт бас бийг мартаж болохгүй.