Манжийн дарлалыг түлхэн унагаж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн өдөр энэ ням гарагт тохионо. 300 жил харийн дарлалд байсан монголчуудыг сэрээж, тусгаар тогтнох үйл хэрэгт оройлон оролцсон хүний нэг бол яах аргагүй Богд хаан. Социализмын үеийн, оросууд бичсэн түүх бичлэг, уран сайхны кинонд Богд хааныг муулж, сөргөөр харагдуулж байсан. Харин өдгөө түүний Монгол Улсын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг илүүтэй тодотгон гаргаж буй билээ. Өнөө цагт бид түүний үйл хэргийг бодитоор гаргаж ирэхийн сацуу эдэлж хэрэглэж байсан зүйлс, шүншигтэй газар орныг нь хайрлан хамгаалах ёстой юм. Тийм ч учраас Богд хааны ордон, лаврингийн газар, түүний хамгаалалтын бүсийн хилийн цэсийг нарийвчлан тогтоож, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр шат дараалсан ажлууд хийх нь чухал.
Гэтэл мөнгөний өмнө сөхөрдөг эрх мэдэлтнүүд Туул голын хойд эрэг дэх Богд хааны өвлийн ордны нутаг дэвсгэр буюу ордон музейн газраас хумслан компани, хувь хүнд олгосоор ирсэн юм. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар “Номуун гэрэл” төвд 5512, “Интернэйшнл медикал центр” ХХК-д 2010 оны мөн захирамжаар 1365, 2011 оны 539 дүгээр захирамжаар 1319, 2012 оны А/492 дугаар захирамжаар 15 993 ам метр газрыг “Вантрейд” ХХК-д олгосон байдаг. Сан хөмрөг, үзмэрээрээ хамгийн баялаг Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 2001 онд 5.7 га хэмжээгээр тогтоосон ч ийнхүү 2010-2012 оны хооронд их хэмжээний газар таслан авч аж ахуйн нэгжүүдэд олгосон юм. Уг газарт зарим аж ахуйн нэгж нь барилга барьж үйл ажиллагаа явуулж буй.
Богд хааны ордон музейн үе үеийн удирдлага алдсан газраа буцааж авах талаар шүүх, Төрийн тэргүүн, хариуцсан яам, агентлагт нь хандаж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Харин ч эсрэгээрээ, Богд хааны ордон музейн газраа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр алдахдаа тулсан юм. Харин Богд хааны ордон музейг газраа “дээрэмдүүлэхээс” Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид аварлаа. Энэ талаар уншигчдадаа дэлгэрүүлэн хүргэе.
“Вантрейд” компанитай эвлэрээгүй атал шүүх эвлэрлийн гэрээ баталчхаж
Богд хааны ордон музейн хойд талд, Чингисийн өргөн чөлөөний зам дагуу улаан хүрэн өнгөтэй хоёр барилга бий. Өөрөөр хэлбэл, “Вантрейд” ХХК-ийн эзэмшлийн 16 000 ам метр шахам газрын хэсэг талбайд АПУ ХК-ийн нэрийн барааны дэлгүүр бүхий хоёр объект үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар “Вантрейд” ХХК-д олгосон 15 993 ам метр талбай гэдэг нь Богд хааны ордон музейн зүүн болон хойд талын газрыг бүхэлд нь эзэмшихээр болж. Энэ их хэмжээний газрыг эзэмшигч “Вантрейд” ХХК бол АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Батсайханы эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, түүний хамаарал бүхий хүний удирддаг аж ахуйн нэгж.
Уг нь Богд хааны ордон музейн хойд талд анх 1999 онд хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн зориулалтаар барилга барьсан аж. Гэтэл явцын дунд хөгжмийн зэмсгийн бус, архи, пиво, ундаа худалддаг дэлгүүр ажиллуулах болсон юм. Түүгээр ч зогсохгүй нийтийн эзэмшлийн газрыг нь хашиж аваад байв. Үүнээс хойш Богд хааны ордон музейн хамгаалалтын бүс рүү дайрч, газрыг нь дээрэмдэх явдал гаарч, эхэнд дурдсан аж ахуйн нэгжүүд эмнэлэг, дэлгүүр, агуулах зэргээ барьж эхэлсэн юм. Тиймээс 2018 онд тус музейн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар шүүхийн бүхий л шатны үйл ажиллагаанд оролцсоор ирсэн байна.
2018 оны тавдугаар сараас Богд хааны ордон музейн эзэмшил газрыг “дээрэмдсэн”-тэй холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлж, хариуцагчаар нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албыг татаж. Зарга мэдүүлэгч нь “Вантрейд” ХХК байв. Тус компанийнхан 2020 оны нэгдүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулснаа захиргааны хэргийн шүүхээр батлуулж. Энэ гэрээг Богд хааны ордон музейн удирдлага өөрсдөдөө ашигтай шийдвэр гарсан хэмээн бат итгэж явсан байгаа юм. Гэтэл эндүү бодол гэдэг нь цаг хугацааны явцад тодорхой болжээ. Энэ талаар Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “2020 оны нэгдүгээр сарын 29-нд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүхийн тогтоол гарч, Богд хааны ордон музейн талд бүрэн шийдвэрлэсэн хэмээн ойлгож явав. Миний бие утга зохиолын ажилтан мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээрээ ахисан шатны зэрэг хамгаалсан учир монгол хэлээр бичсэн аливаа эхийг зөв ухаж ойлгодог хэмээн боддог. Тиймдээ ч хэд дахин уншаад үл ойлгож байсан учир өмгөөлөгчөөсөө ахин дахин тодруулахад “Эвлэрлийг батлаагүй, гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаж тогтоол гаргах ёсгүй учир уг тогтоолыг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан гэж ойлгож болно” гэсэн. Иймд өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч бид бүгд шүүхийн маргааныг манай талд бүрэн шийдвэрлэсэн хэмээн нэг утгаар ойлгож, уг маргаантай байсан 16 000 ам метр газар Богд хааны ордон музейдээ эргэн ирсэн гэж бат итгэж явсаар жил орчим болоход газар чөлөөлж өгөөгүй” хэмээсэн байв.
Гэтэл “Вантрейд” ХХК-ийнхан эзэмшиж буй газартаа гэрчилгээ гаргуулж авсан гэх мэдээлэл Соёлын яаманд ирснээр Богд хааны ордон музейн удирдлагад шүүх рүү гүйх ажил дахин ундрах нь тэр. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийнхэн гуравдагч этгээд болох Богд хааны ордон музейнхний төлөөллийг оролцуулалгүйгээр нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Вантрейд”-ийнхнийг байлцуулан шүүх хурлыг хийж, тус музейнхнийг зөвшөөрсөн мэтээр тэмдэглэл үйлдэн “Эвлэрлийн гэрээ” гэгчийг байгуулсан нь тодорхой болсон аж.
“Соёлын өвийг хамгаалах үүргээ ухамсарлан 6594 ам метр талбайг буцаан өгсөн”
“Вантрейд” ХХК-ийнхан захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбартаа “Манай компанид Засаг даргын 2008 оны долоодугаар сарын 18-ны 279 дүгээр захирамжаар Богд хааны ордон музейн ард 16 000 ам метр талбайг эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийг 2017 оны арванхоёрдугаар сарын 01-нд А/920 дугаар захирамжаар сунгасан. Тус газарт манай компанийн хууль ёсны өмчлөлийн Ү-22060044515, Ү-2206004516 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө байрладаг. Нийслэлийн Засаг дарга манай газар эзэмших эрхийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Эдгээр захирамж гарахаас өмнө болон гарсны дараа ч манай компанид албан ёсоор мэдэгдээгүй, тайлбар өгөх, оролцох боломж олгоогүй.
“Вантрейд” ХХК-ийн хувьд түүх соёлоо хүндэтгэн, дээдлэх хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн суурь, түүний орчны 9406 ам метр талбай бүхий газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрхтэй хэвээр үлдэх нь бидний хүсэл зорилгод бүрэн нийцнэ” хэмээсэн байгаа юм.
Ингээд Богд хааны ордон музейнхнийг оролцуулаагүй шүүх хурлаас баталсан эвлэрлийн гэрээний дагуу 6500 гаруй ам метр газрыг “Вантрейд” ХХК-ийнхан нийтийн эзэмшилд буцаан өгсөн аж. “Түүх соёлын дурсгалт газар, соёлын өвийг хамгаалах үүргийг ухамсарлан 16 000 ам метр эзэмшил газраас 6594-ийг нь нийтийн эзэмшилд буцаан өгч байгааг нийслэлийн Засаг дарга нааштайгаар хүлээн авч, “Вантрейд” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн суурь, түүний орчны 9406 ам метр талбай бүхий газрыг эзэмших эрхтэй хэвээр үлдээхээр болжээ. “Вантрейд” ХХК-ийнхан авч үлдсэн 9406 ам метр газартаа зөвхөн нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд зориулсан, Богд хааны ордон музей орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижуулан ажиллахаар шийдвэрлээд байгаа” гэсэн тайлбар шүүхэд гаргаж байв.
Богд хааны ордон музейнхний төдийгүй иргэдийн эсэргүүцлийг үндэслэн 6594 ам метр газар буюу Өвлийн ордны зүүн талын талбайг нийтийн эзэмшилд буцаан өгснөөр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолбор байгуулсан юм. Харин үлдсэн 9406 га талбайгаа өөрсдийнхөө хэлсэнчлэн түүх соёлоо хүндэтгэн дээдлэх хүрээнд тохижуулсан зүйлгүй, автомашины төлбөртэй зогсоол ажиллуулж байгааг зураг дээрээс уншигч та харж буй биз ээ.
Түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэж дүгнэв
Монголд дагнасан буюу захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаа явуулаад 20 жилийг үдэж байна. Тус шүүх хамгийн анх өнөөгийн нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд үйл ажиллагаа явуулж, олны анхаарал татсан, сонгуулийн маргааны хэрэг шийдвэрлэсэн нь эхний зарга ч байсан биз. УИХ-ын, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан З.Энхболд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхээр хэлэлцсэн олны анхаарал татсан анхдагч нь гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Түүнээс хойш Захиргааны хэргийн шүүхүүд 28 000 гаруй хэрэг маргаан шийдвэрлэжээ. Энэ хугацаанд шийдвэрлэсэн нийт хэрэг, маргааны 25 хувийг газар эзэмших эрх олгохтой холбоотой нэхэмжлэл эзэлсэн бөгөөд бүх хэргийн 33 хувьд нь нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх юм. Мэдээж шүүхээр шийдвэрлэсэн хэрэг, маргаанд ялсан тал нь баяртай, ялагдсан тал нь гомдолтой үлддэг нь жам. Гэхдээ Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч нар соёлын өвийг хамгаалах талд зогсож чадсан нь бурхны шашин шүтдэг хийгээд түүх соёлдоо хайртай олон хүний талархлыг хүлээсэн гэхэд хилсдэхгүй.
Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйл хэрэгт оройлон оролцсон Богд хааны амьдран сууж байсан ордон, түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг хамгаалан олон нийтэд таниулж байдаг музейн эзэмшлийн газрын маргаан ч захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд багтаж буй. Тус музейн удирдлага, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчид энэ оны аравдугаар сарын 28-нд хэргийг хянан хэлэлцээд түүх, соёлын өвийн хамгаалалтад нэн ашигтай шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхээс “Вантрейд” ХХК-д ашигтайгаар шийдвэрлээд байсан шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосноор Богд хааны ордон музейнхэн газраа эзэмших эрхээ сэргээлгэж чадав. Тодруулбал, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай 1994 оны хуулийн 16.6-д “Эртний хот, суурингийн үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь 0.1-3 км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг үндэслэн 2001 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолын нэг дэх заалтаар Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоож, хоёр дахь заалтад “хамгаалалтын бүсэд түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байх”-ыг Засгийн газраас тогтоож нийслэлийн Засаг даргад даалгажээ. Соёлын өвийг хамгаалах тухай 2014 оны хуулийн 3.1.7-д түүх соёлын дурсгалт газар гэдгийг тухайн хуулийн тавдугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг хэлэхээр тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 13.1.12-т түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газарт хамгаалалтын бүс тогтоох, өөрчлөх, цуцлах эрх Засгийн газарт хамаарахаар хуульчилсан. Үүнээс гадна мөн хуулийн 38 дугаар зүйлд “түүх, соёлын дурсгалт газар, түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулах”, 43.1.6-д “Хамгаалалтын бүсэд шинээр барилга байгууламж барих”-ыг хориглосон байна. Гэтэл Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах, соёлын өвийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтан болох нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актаар Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор тогтоосон Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд “цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлж, үйл ажиллагаа явуулах боломжийг гуравдагч этгээдэд олгосон нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ. Энэ нь хэдийгээр нэхэмжлэгч Богд хааны ордон музей болон гуравдагч этгээд “Вантрейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн маргаан боловч угтаа нэхэмжлэгчийн субъектив эрхийн цаана Монгол Улсын түүх, соёлын дурсгалт газар, түүний орчны бүсийг хамгаалах, ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн үлдээх зэрэг нийтийн эрх ашиг шууд хөндөгдөж байна. Иймээс энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дээрх хууль зүйн зохицуулалтаар гуравдагч этгээдийн эрхээс давуу хамгаалалттай байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд “Вантрейд” ХХК-ийн газар нь бүхэлдээ хамгаалалтын бүстэй давхацсан” гэж дүгнэсэн атлаа түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулах үйл ажиллагаа явуулаагүй, хамгаалалтын дэглэм тогтоохоос өмнө тохижилтын ажил эхэлсэн, нийслэлийн Засаг даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмших эрх олгосон зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь буруу, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар тогтоосон хориг болон Засгийн газрын тогтоолын зорилго, түүний үйлчлэх хүрээг анхаараагүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон юм.
Гэхдээ “Вантрейд” ХХК нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу газар эзэмшиж байх үедээ барьсан үл хөдлөх хөрөнгө, зарцуулсан хөрөнгөтэй холбоотой асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалахад энэхүү тогтоол саад болохгүй гэсэн шийдвэр гаргав.
“Вантрейд” ХХК-ийн эзэмшлээс газраа чөлөөлүүлэх арга хэмжээ авах, эсэхийг Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатараас тодруулахад “Бид холбогдох байгууллагад газраа чөлөөлүүлэх талаар хүсэлтээ гаргасан. Гэхдээ шүүхээс тухайн газарт барьсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ойлгомжгүй шийдвэр гаргасан учраас хэрхэхийг нь харах л үлдээд байна” гэсэн юм.