Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Улс төрд төдийлөн танигдаагүй ч уул уурхай, бизнесийн салбар, уяачдын дунд нэр зүс, байр сууриа хэдийн олсон нэгэн бол УИХ-ын гишүүн Д.Батбаяр. Тэрбээр ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд V тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсоноор парламентын гишүүн юм. Түүний хувьд улс төрийнх нь замнал харьцангуй богино бөгөөд өмнө нь төрд ямар нэгэн албан тушаал хашиж, сонгуульт ажилд оролцож байгаагүй нэгэн. Тиймээс анхны 126 гишүүнтэй парламент дахь “шинэ дүр”-үүдийн нэгээр нэрлэж болно.
Д.Батбаяр Улаанбаатарын уугуул. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлага, олон улсын худалдааны чиглэлээр дотоодын их, дээд сургуулиудад суралцаж мэргэжил дээшлүүлсэн. 2008 оноос эхлэн барилга, уул уурхайн төслүүдэд удирдагч, менежерээр ажиллаж байгаад 2016 оноос энэ жилийн сонгуульд нэр дэвших хүртлээ “Монгол чех металл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашжээ. Мөн Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн зохицуулагчаар хоёр жил орчмын хугацаанд ажилласан байна. Түүний удирдаж байсан “Монгол чех металл” компани нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 20 орчим жил үйл ажиллагаа явуулж буй бөгөөд өнгөрсөн онд Төв аймгийн нутаг дахь Чулуут цагаан дэлийн уурхайд хайлуур жонш баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулсан аж. Тус компанийн эцсийн өмчлөгч, одоогийн удирдлага нь түүний аав Б.Далай.
Д.Батбаярыг морины хорхойтнууд, уяачид андахгүй. Тэрбээр удам дамжсан, алдарт уяач. Аав Б.Далай нь Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач юм. Тэрбээр 8.8 тэрбумаар үнэлэгдэх, хурдан удмын 110 адуутай гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгасан байдаг. Нийт хөрөнгийнх нь үнэлгээ 14.1 тэрбум төгрөг. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг хөрөнгө чинээгээр нь эрэмбэлэхэд Д.Батбаяр Д.Өнөрболор, С.Амарсайхан нарын дараа 15 дугаар байрт жагссан. Энэ нь түүнийг хэр бэл бэнчинтэй нэгэн болохыг батална.
Сонгуульд нэр дэвшихдээ “Үр ашигтай үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэж, хараат бус эдийн засгийн орчин бүрдүүлэх”-ийн төлөө ажиллахыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өдгөө тэрбээр Аж үйлдвэржилтийн бодлогын болон Төрийн байгуулалтын, Төсвийн байнгын хорооны гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байна. Д.Батбаяр шинэ парламентын “тоолуур” гүйж эхэлснээс хойших богино хугацаанд төсвийн хяналт, аж үйлдвэржилт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлж ирсэн. Улс төрд битүү морь гэгдэж буй тэрбээр хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд ирэх жилүүдэд юу хийж, ямар дүрээр нийгэм, олон нийтийн дунд “тодрох”-ыг таашгүй.
Н.Мишээл