1972 оны зургаадугаар сарын 17-ны шөнө 24 настай Фрэнк Уиллс “Уотергейт” зочид буудлын хамгаалалтад ажиллаж байв. Долоо хоногт 80 ам.доллар авдаг энэ залуу хамгаалж буй объектоо эргэж явахдаа газар доорх гараашийн хаалганд наасан туузанд анхаарлаа хандуулаагүйсэн бол түүх өөр тийш эргэж болох байжээ.
Цэвэрлэгч мартчихаад явчхаж гэж бодоод Фрэнк уг тууз (скоч)-ыг аваад хаячихжээ. Цаг орчмын дараа буцаж ирээд нөгөө тууз хаалган дээр наалттай байхыг үзээд гайхав. Тэгээд цагдаа руу утасдаж. “Уотергейт” зочид буудлын зургаадугаар давхарт нь АНУ-ын АН-ын Үндэсний хороо байрлаж байснаас энэ мэдээлэлд цагдаа нар ажил хэрэгч хандсан байна. Ерөнхийлөгчийн сонгууль болтол хагас жил гаруйхан хугацаа үлдээд, сонгуулийн сурталчилгаа ид байлаа. Ричард Никсон сенатор Жон Кеннеди нарын авах саналын харьцаа бараг тэнцүү гэж үзэж байв. Сэжиг бүхий туузын талаар утасдахад хариу хэлсэн цагдаагийн ажилтан “юм уучихсан” байж. Тиймээс түрүүч Пол Липерийн ахалсан харуулын хэсэг рүү утасджээ. Тэд зочид буудал руу очиж зургаадугаар давхарт гарахад АН-ын штабын байрны хаалга онгорхой байв. Үндэсний хорооны эзэмшиж байсан 29 өрөөний 28-ыг нь шалгачхаад Липер нөхдийн хамт сүүлчийн өрөөнд орвол ажлын тусгай хувцастай, мэс засалчийн бээлий өмссөн, дунд эргэм насны таван хүн байлаа. Тэд ердөө дэгээ төмөр болон сонсох төрөөрөмжөөс өөр юмаар “зэвсэглээгүй” байсан тул эсэргүүцэл үзүүлэх гэсэнгүй. Хожим нь “Уотергейтийн тавал” гэх нэр авсан энэ таван хүн цагдаа нарын хэрэглэдэг харилцааны аппаратыг сонсох богино долгионы хүлээн авагч, фото хальстай 40 хуурцаг, 35 мм-ийн фото камер, шинэ 100-тын дэвсгэртээр 2300 ам.доллар авч явжээ. “Уотергейт”-ийн эсрэг талын “Motor lodge” зочид буудлын долоодугаар давхарт энэ тавын мэдээлэгч нь байсан аж.
Урьд нь пицца хүргэгчийн дүрээр скоч нааж явсан Жеймс Маккорд нь Никсоныг дахин Ерөнхийлөгчөөр сонгуулах хорооны аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан нь энэ таван хүнийг чухам хэн болохыг тогтоосны дараа тодорхой болжээ. Гэлээ ч БНН болон Цагаан ордон өрсөлдөгчийнхөө яриаг сонссон хэрэгт ямар ч хамаагүй гэж нотлоод байхад Никсоны засаг захиргааны өндөр албаны ажилтнууд болон Никсон өөрт нь ч итгэхгүй байх үндэслэл хэдэн долоо хоногийн туршид сэтгүүлчид, Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны мөрдөгч нар гээд ер хэнд ч байсангүй. Арваннэгдүгээр сарын 7-нд Ричард Никсон их илүүгээр Жорж Макговернийг ялж Ерөнхийлөгчийн суудлаа хадгалж үлдэв. “Washington post” сонины Карл Бернстайн, Боб Вудворд гэж хоёр сэтгүүлч яах аргагүй хулгай боллоо гэж эхнээс нь сэжиглээгүй бол Ричард Никсоны хувьд бүх юм багахан айдас хүрсэн, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Рон Зиглерийн нэрлэснээр “гуравдугаар сарын хулгай”-н тухай тэмдэглэсэн хэдэн мөр түүхийн лавлахад бичигдээд л өнгөрөх байсан биз. Чухам тэд л Никсоныг “булшлагч” болсон байна. “Уотергейт”-ийн хэрэгт ямар үүрэг гүйцэтгэснээ ХМТ-ны хоёрдугаар хүн Марк Фелт 2005 онд л хүлээн зөвшөөрсөн юм. “Уотергейтийн тавал”-ыг Цагаан ордонтой холбоотой болгосон анхны сэжүүр нь Кубийн цагаач Мартинесийн тэмдэглэлийн дэвтэрт бичээстэй үлдсэн Ерөнхийлөгчийн дотоод бодлогын зөвлөхийн утасны дугаар байдаг. Мөр Цагаан ордон руу хөтлөөд байгааг Фелтээс Боб Вудворд мэдсэн байна. Яриа чагнагчид АН-ынхны талаар мэдээлэл хайж байж. Мэдээж тухайн үеийнхээ ханшаар багагүй мөнгөний төлөө л дөө. Бернард Баркерын дансанд Никсоны сонгуулийн штабаас 25 мянган ам.доллар шилжиж орсныг ХМТ-ныхон олоод мэдчихсэн юм. Гэхдээ л сонгуульд Никсон ялахад энэ бүхэн саад болоогүй. 1972 оны гуравдугаар сараас өмнө АНУ-ын ерөнхий прокуророор ажиллаж байгаад Никсоны сонгуулийн кампанийг удирдах болсон Жон Митчелл рүү мөрдөн шалгах ажиллагаа иртэл Ерөнхийлөгч болон түүний орчин тойрныхны толгой дээр үүл хуралдаагүй байснаа үүний дараа л “Уотергейтийн хэрэг” гэгч эрчээ авч эхэлжээ.
Өрсөлдөгчийнхөө нууцыг ямар ч аргаар хамаагүй мэдэх бодол БНН-ын хамгийн дээд түвшний толгойд орж иржээ. Санаачлагч нь Никсоны сонгуулийг зохион байгуулах хорооны санхүүгийн гол зөвлөх Гордон Лидди байлаа. Тэрбээр төлөвлөгөөгөө 1972 оны нэгдүгээр сарын 27-нд Сонгууль зохион байгуулах хорооны орлогч дарга болон тухайн үед ерөнхий прокурор байсан Жон Митчелл, Ерөнхийлөгчийн зөвлөх Жон Дин нарт танилцуулжээ. Ажиллагааг Лидди удирдаж, Тагнуулын төв газар (ТТГ)-ын ажилтан байсан Жеймс Маккорд, Ховард Хант, Дин нар түүнд туслав. Энэ хэргийг эхний шатанд нь мөрдөж байсан прокурор Жеймс Нил 1972 оны зургаадугаар сарын 23-нд Цагаан ордонд Никсон, Тамгын газрын дарга нарын хооронд болсон ярианы бичлэгийг олж авчээ.
Ричард Никсон чухам ямар үед нь сэжиг авсныг бүү мэд, ямар ч байсан энэ хэрэг илэрвэл өөрт нь хийгээд БНН-д нь ямар аюултай юм болохыг тэр маш хурдан ухаараад мөрдөн шалгах ажилд саад хийхийг оролдож эхлэв. Өөрөө болон туслагчдын аль нь ч тагнах, чагнах ажилд огт хамаагүй хэмээн олон түмэнд мэдээлэл хийгээд байлаа. Никсон худлаа ярьсаар олон түмнийг төөрөгдүүлж орхив. ХМТ-ны ажилд саад хийхийг Никсон ТТГ-ын захирал Ричард Хэлмсээс шаардав. Тангарагтны шүүх “нөгөө тав”-ыг болон Ховард Хант, Гордон Лидди нарыг чагнах, тагнах тухай хуулийг зөрчсөн буруутай гэж үзлээ. “Уотергейт” зочид буудалд нэвтэрсэн нь “гуравдугаар зэргийн хулгай” төдий үйлдэл биш, улс төрийн тагнуулын ажиллагаа байж гэж ХМТ үзэв.
Энэ хэргийн нэг онцлог нь 1973 оны гуравдугаар сард “Уотергейтийн тавал”-ыг шүүн хэлэлцсэний дараа мөрдөн шалгах ажиллагааг зогсоогоогүй төдийгүй улам өргөжүүлсэн явдал юм. Ричард Никсон Засгийн газар нь энэ хэрэгтэй холбоотой болохыг туслагчдынхаа хамт үгүйсгэсээр байв.
1973 оны арваннэгдүгээр сарын 17-нд Флоридад болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр “Би хууран мэхлэгч биш” гэсэн алдарт үгээ хэлэв. Чагнах, тагнах ажиллагаанд Цагаан ордны өндөр албан тушаалтнууд оролцсоныг хөдөлбөргүй нотолсоны дараа 1973 оны дөрөвдүгээр сарын 30-нд дотоод бодлогын зөвлөх Жон Эрлихман, Тамгын газрын дарга Боб Хэлдеман нарыг огцрохыг Никсон шаардав. Ерөнхий прокурор болон Жон Дин нарыг ч халж орхив. “Уотергейтийн хэрэг”-ийг хэрхэн намжаах талаар Ерөнхийлөгч Никсонтой лав 35 удаа ярилцаж байснаа энэхүү Жон Дин хожим нь мөрдөгч нарт ярьсан байдаг юм. Конгрессын хоёр танхим мөрдөн шалгах ажил хийж, дүнг нь хэлэлцсэн Сенатын хорооны хуралдааныг тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 7-нд орон даяар дамжуулахад 85 хувь нь зурагттай байсан америкчууд ядаж нэг удаагийн хуралдааныг нь үзээ биз. Энэ үеэр Никсон болон Тамгын газарт нь айхавтар төвөг учрав. Кеннеди, Жонсон нар Зууван танхимд болсон зарим уулзалт, зөвлөгөөнийг бичиж авдаг байсан бол Ричард Никсон 1971 оны хавраас эхлэн унтлагын өрөөнөөс бусад газар болсон үйл явдлыг бүгдийг нь бичүүлдэг болж. Энэ бичлэгийг сонсохыг мөрдөгчид хүссэн ч Цагаан ордон зөвшөөрсөнгүй. Тусгай прокурор Арчибальд Кокс шаардаад байдаг. Тиймээс түүнийг халахыг ерөнхий прокурор Ричардсоноос Ерөнхийлөгч шаардтал нөгөөх нь үүний оронд өөрөө огцорсон нь дээр гэжээ. Арай гэж гурав дахь удаагаа хүчилж байж шинэ ерөнхий прокурор Роберт Боркоор чигээрээ зантай Коксыг сая нэг юм халуулав.
Бичлэгийн төлөө Цагаан ордонд болсон тулаанд Никсоны Тамгын газар ялагдлаа. Бичлэгийг цаасан дээр буулгасан 1200 гаруй хуудас материалыг олон түмний сонорт хүргэв. “Уотергейтийн хэрэг”-ийг мөрдөхөд Цагаан ордон, Ричард Никсон өөрөө биечлэн бүх талаар саад хийж байсан нь бүхэнд илэрхий боллоо.
Ерөнхийлөгчийн байдал эрс муудаж, огцруулахыг шаардсан дуу хоолой өдөр өнгөрөх тусам чангарч байв. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, эсэх тухай яриа 1974 оны хоёрдугаар сард Конгресст анх удаа сонсогдов. Үнэний шүүхэд саад хийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгресст хүндэтгэлгүй хандсан гэсэн гурван үндэслэлээр Никсонд хариуцлага тооцох дүгнэлтэд хүрсэн байна. 1972 оны зургаадугаар сарын 23-нд Зууван танхимд Никсон, Хэлдеман нарын хооронд болсон, урьд нь хүмүүсийн сонорт хүрээгүй байсан ярианы бичлэгийг наймдугаар сарын 5-нд хэвлэлд гаргачхсан нь Никсонд эцсийн цохилт болжээ. “Уотергейтийн хэрэг”-т өөрийн оролцоог Ерөнхийлөгч үгүйсгээд, туслагчдаа түүнд оролцсон тухай 1973 оны гуравдугаар сарын 21-нд л анх удаа дуулсан гэж нотолсны маргааш нь тэр ХМТ-ны мөрдөн байцаах ажиллагаанд нь хэрхэн саад хийх талаар тухайн үед ярилцсан аж. Ерөнхийлөгч хоёр жил гаруй хугацаанд ард түмэндээ, туслагч нартаа, өмгөөлөгчдөдөө ч худлаа хэлж байсныг олны сонорт хүргэсэн бичлэг нотолчхов. Энэ бичлэг Ричард Никсоныг улс төрчийнх нь хувьд устгаж орхих нь тэр. Түүнийг албан тушаалаас нь огцруулах санал хураахаар төлөвлөж буйгаа Төлөөлөгчдийн танхимын спикер, БНН-ын Жон Роудс зарлалаа. Наймдугаар сарын 7-ны шөнө Ричард Никсон Зууван танхимд Сенатор Барри Голдуотер, Сенат дахь бүгд найрамдахчуудын удирдагч Хью Скотт, Роудс нартай уулзав. Дээд танхим өөрийнх нь эсрэг байгаа, 100 сенаторын ердөө 15 нь л түүний төлөө саналаа өгөх болов уу хэмээн тэд Никсонд хэлэв. Шившигтэйгээр огцрох явдалтай нүүр тулгарах болсноо ойлгосон Ричард Никсон маргааш орой нь телевизээр ард түмэндээ хандаж “Би хэзээ ч хулчгар байгаагүй. Бүрэн эрхээ дуусахаас өмнө суудлаа орхих нь миний төрөлх чанарт харшилж буй ч Ерөнхийлөгчийн хувьд би Америкийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих ёстой. Тиймээс маргааш үдэд Ерөнхийлөгчийн суудлаа орхино” гэж хэлсэн байна. Наймдугаар сарын 9-ний өглөө Никсон гэргий, гэр бүлийнхнийхээ хамт Цагаан ордны ажилтнуудтай салах ёс хийгээд нисдэг тэргэнд суун Эндрюст байх Агаарын цэргийн хүчний баазыг зорив.
Ерөнхийлөгчийн үүргийг Дэд Ерөнхийлөгч Жеральд Форд гүйцэтгэх боллоо. Яг нэг сарын дараа, есдүгээр сарын 8-нд тэрбээр Ричард Никсоныг Ерөнхийлөгч байхдаа үйлдсэн бүх хэргээс нь цагаатгасан шийдвэрт гарын үсэг зурав. Форд ард түмэндээ хандахдаа, ийн өршөөл үзүүлж буй нь АНУ-ын үндэсний эрх ашигт нийцэж байгаа юм гээд “Уотергейтийн хэрэг”-ийг “Бид бүгд өөрийн үүргийг гүйцэтгэсэн Америкийн эмгэнэлт явдал” гэж нэрлэсэн байна. Ричард Никсон 1994 онд өөд болтлоо өөрийгөө юунд ч буруугүй гэж үзсээр байсан гэдэг. Харин түүнд өршөөл үзүүлсэнд америкчууд янз бүрээр хандсан юм. Тухайлбал, 1976 оны сонгуульд Форд ялагдсан шалтгааныг зарим нь энэ шийдвэртэй нь холбож байв.
Энэ шуугиан тарьсан хэрэг явдлын ард “Уотергетийн тавал” яах гэж АН-ын сонгуулийн штабт хулгайгаар нэвтэрсэн юм бэ гэх гол асуулт хариултгүй үлдсэн байдаг.
Жон Эрихман 1979 онд Жеймс Маккордтой Сиэтл хотын нисэх онгоцны буудал дээр тааралдаад энэ тухай түүнээс лавлахад “Бид одоо хүртэл үүнийг мэддэггүй юм шүү дээ” гэж хариулсан гэдэг.
Өнгөрсөн хагас зууны хугацаанд энэ талаар хэд хэдэн гол үндэслэл дэвшүүлж иржээ. Ардчилагчдынхны санаа бодлыг мэдэхийн тулд сонсох төхөөрөмж ашиглах гэсэн бүгд найрамдахчуудын сонирхогчийн түвшинд хийсэн бүтэлгүй оролдлого байжээ гэх нэг таамаглал байна. Цагаан ордонд Никсоны үед ялангуяа сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор өрсөлдөгчдийнхөө төлөвлөгөөнөөс ёстой “сүнсээ зайлтал” айх уур амьсгалтай байсан аж. Никсоны гурван туслахаас “Уотергейтийн хэрэг”-т оролцсон Гордон Лидди нь ХМТ-нд, Ховард Хант нь ТТГ-т ажиллаж байсан нь гайхах юм биш. АН санхүүгийн зөрчил, хормой хотны шинжтэй үйлчилгээ, хилийн чанадаас хууль бусаар санхүүгийн дэмжлэг авсан гэх гурван асуудлаар өдөж сэдсэн материал олж авах гэсэн хүмүүс Никсоны дэргэдийн өндөр албаныхны дотор цөөнгүй байжээ.
Ардчилагчид хийгээд Фидель Кастрогийн хоорондын хэлхээ холбооны талаарх мэдээллийг хайж байсан гэдэгт куба хүмүүс эргэлзэхгүй байв. Гэтэл 1968 оны сонгуулийн үеэр Ричард Никсоны штаб Грекийн хар хурандаа нараас хагас сая ам.доллар авсан нь “Кубийн мөр”-ийг шалгаж байх явцад илэрхий болсон байна. Энэ мөнгө тухайн үедээ Никсоны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Р.Жаргалант