Нэг удаагийн тариур хэрэглэхэд хүндрэлтэй болсон талаар зарим эмнэлэг, айл гэрт ч яриа болж байна. Тарилгыг өвчин намдаагч шингэнээр найруулах, эмчлүүлэгчийн биед хийхийн алинд ч тариурын ажиллагаа муу байна гэх эмч, мэргэжилтэн ч цөөнгүй бий. Юуны өмнө өрхийн зарим эмнэлгийн удирдлагатай холбогдлоо. “Учрахуй” төвийн дарга Г.Батхишиг “Манайх тариураа “Айвико” болон “Ази фарм”-аас авдаг. Асуудал гардаггүй” гэлээ.
“Угтахуй” төвийн дарга Ө.Батчимэг “Бид сүүлийн жилүүдэд тариурыг “Цомбо” эм ханган нийлүүлэх байгууллагаас авч байгаа. Зүгээр л байдаг даа” хэмээв. Чанарын шаардлага хангахгүй тариур байгаа, эсэхийг сураглаж явтал мэдрэлийн “Энхмэнд” эмнэлгийн эмч “Харин тийм ээ. Зарим нь чанаргүй байх болсон шүү” гэв.
Үүнийг туршиж үзэхээр шийдэн, “Монос” эмийн сангийн Төмөр зам дахь, “Гранд плаза”-гийн урд байдаг салбараас таван гр-ын тариур авч, хэрэглэж үзлээ. Поршень нь гулгахдаа тун тааруу аж. Нэлээд хүч гаргаж шахахад өнөөх поршень гэнэт хөдлөөд соруулсан шингэнийхээ багагүй хувийг зүүний үзүүрээр алдчихав. Ийм болохоор сувилагч нар, иргэд гомдоллох нь аргагүй биз. Тариур авсан эмийн санд хандаж түүнийг хаанаас нийлүүлдгийг асуухад ажилтан нь “Гайгүй л байдаг даа. Манайх БНСУ-аас оруулж ирдэг гэсэн” хэмээв.
Ажиллагаа тааруу байна гэдэг нь мэргэжлийн, стандартын бус бүтээгдэхүүн гэсэн үг. Цаашлаад эрүүл ахуй, аюулгүй байдлыг нь хангаагүй ч байх магадлалтай юм бил үү. Хэрвээ эрүүл ахуйн шаардлага хангаж чадахгүй бол хэчнээн их аюул дагуулах нь ойлгомжтой. Уг асуудлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт хандсан юм. Ажил хариуцсан мэргэжилтэн толгой мэдэж мэдээлэл өгдөггүй, заавал дарга нар нь хянаж байж үг хэлдэг журамтай гэв.
Тэгэхээр нь нэг удаагийн тариурын хувийн хэвшлийн анхдагч үйлдвэр “Монэнзим мед”-ийг “онилж”, “Танайх чанарын шаардлага хангахгүй тариур үйлдвэрлээд байгаа юм биш биз” хэмээн тулгаж асуусан юм. Тэгэхэд “Үйлдвэрлэлийн шат бүрт хатуу хяналт тавьдаг болохоор зөрүү, буруу бүтээгдэхүүн гаргах боломжгүй. Улсын үйлдвэр хаалгаа барихтай зэрэгцээд шахам үйл ажиллагаа явуулж эхэлсэн, арван жилийн туршлагатай байгууллага. Энэ хугацаанд гомдол гарч байгаагүй. Одоо ч стандартаа мөрдөн ажиллаж байна. Манайх бэлэн бүтээгдэхүүн оруулж ирдэггүй. Түүхий эдээ л БНСУ-аас авчирдаг. Түүхий эдийг цутгаж, хэвлэн, бичиглэл хийж, угсраад, ариутгаж, савладаг. Мөн шинжилгээ хийлгэдэг. Хариу сайн гарсан тохиолдолд худалдаанд нийлүүлдэг юм” гэлээ. Тус үйлдвэр дотоодын зах зээлийн 30 орчим хувийг хангадаг гэхээр үлдсэн 70-ыг нь энэ төрлийн “Мон тариур” үйлдвэр дангаараа нөхдөг үү гэвэл, үгүй аж.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхан эм ханган нийлүүлэх олон байгууллагад тусгай зөвшөөрлийг нь үндэслэж эм, эмнэлгийн хэрэгсэл импортоор оруулж ирэх лиценз олгодгийн дотор нэг удаагийн тариур ч багтдаг гэнэ. Ялангуяа цар тахлын дэгдэлтийн үед өмнө нь төдийлөн элбэг авч байгаагүй БНХАУ, ОХУ-аас ч тариур ахиу тоогоор оруулж ирэхэд хүрчээ. Яагаад гэхээр уламжлалт харилцаатай улсуудаас илгээсэн ачаа хилээр орж ирэх хүртлээ хэдэн сараар гацаж байсан тул эрэлтийг хангах үүднээс ийм арга хэмжээ авсан юм билээ. Өдгөө хоёр хөршөөс үргэлжлүүлэн авсаар буй бөгөөд манай улсын иргэд үндэсний үйлдвэрлэгчдийнхээс гадна дээрх хоёр улс болон БНСУ, Энэтхэг, Индонезээс оруулж ирсэн тариур хэрэглэдэг байна.
Эндээс хэд хэдэн асуулт урган гарна. Эм ханган нийлүүлэх байгууллага бүр гадаадын найдвартай үйлдвэрүүдтэй харилцаж, худалдаа хийж чадаж байгаа юу. Тухайлбал, БНСУ-ынх гэхээр бүхий л бараа, бүтээгдэхүүн чанар сайтай байж чаддаг уу. Тус улсад ч гэсэн бизнес эрхлэгчдийн сэтгэл, хандлага, туршлага, бэл бэнчин янз янз бөгөөд тэр хэрээр бүтээгдэхүүн нь ялгаатай байж таарна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхан үүнд хяналт тавьж дийлдэг үү.
Нэг удаагийн тариурын үндэсний үйлдвэрлэгчийн тоог нэмэх боломж бий юү. Хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжиж, өөрөөр хэлбэл, төр, хувийн байгууллагууд хамтарч энэ төрлийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо зах зээлийг бүрэн хангах боломж байхгүй юу. “Монэнзим мед”-ийн төлөөллийн хэлсэнчлэн үйлдвэрлэлийн шат бүрт хяналт тавих учир чанаргүй тариур худалдаанд гаргахгүй байж болмоор.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт хандан асууя. Нэг удаагийн тариур үйлдвэрлэдэг байгууллагуудын бүтээгдэхүүний чанарыг хэрхэн хянаж, шалгадаг вэ. Зөрчил илэрч байв уу. Тийм бол ямар арга хэмжээ авсан бэ. Монголд үйлдвэрлэж буй тариур муу байна уу, эсвэл гадаадаас оруулж ирсэн үү. Хянаж, шалгаж, ялгаж чадаж байна уу. Цаашид зах зээлийг чанартай бүтээгдэхүүнээр хэрхэн хангах вэ. Чанар муутай тариур хэрэглэхэд ямар, ямар хохирол, аюултай вэ. Аюул учирвал хэн хариуцах вэ. Энэ талаар тусгасан хууль, журам байна уу.
Поршень нь нааш, цааш хөдлөхдөө тааруу, өөрөөр хэлбэл, чөлөөтэй, гулгамтгай бус, огцом түлхэхэд соруулсан шингэний тодорхой хувийг алдаад байх нь сэтгэл санааны хохиролтой юм билээ. Өнөөдөр манай улсад ийм хэрэгцээгүй тариур хэдий хэр байна, худалдан борлуулж буй эзэн, холбогдогч нь хэн бэ, илрүүлж тогтоож, арга хэмжээ авах субъект нь хаанах вэ. Цаашид хэрэглэгчдийг хохироохгүйн тулд тодорхой ямар арга хэмжээ авах вэ гэсэн олон асуулт хариу нэхсээр байна.