БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн 5 жилийн ой тохиож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүдээ нээгээд таван жил болж, 42 мянган хүүхдэд нийгмийн хамгаалал, сэтгэлзүйн засал, протез, туслах хэрэгсэл үйлдвэрлэл, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлжээ. Төвийн ойн арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минь Жуан, НҮБ-ын Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра болон холбогдох албаныхан оролцлоо.
2025 оны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаа, сувилгаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх ДЭМЖИХ ТӨВ-ийг байгуулахаар 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулаад байна. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын ТЭТГЭМЖИЙГ 36 ХУВИАР нэмэгдүүлж, 500 мянган төгрөг хүртэлх живхний зардлыг ТӨРӨӨС хариуцдаг болно. Дэмжих төвүүдийн үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудтай хамтран явуулахаа сайд онцоллоо.