Эрсдэлд их, бага гэж байдаггүй аж. Учирсан эрсдэл бүхэн хохирол дагуулдаг гэдгийг хүн төрөлхтөн эртнээс мэдсэн тул үеийн үед үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ирсний үрээр айл гэр, хот суурингаараа усанд урсчихгүй, галд сүйдчихгүй зуунаас зуунд амьдарсаар иржээ. Байгалийн гамшиг бол өөр. Орчин үед эрсдэлийн тухай ойлголт шинжлэх ухаанжиж, ахуй, амьжиргаанаас гадна ажил, бизнес, үйлчилгээ, хэрэглэгчдээ ч эрсдэлээс сайтар хамгаалснаар бүхий л орчин, нөхцөлд харилцан ашигтай урагшлах юм гэдэг нь салбар бүрийн зорилтын чухал хэсэг болоод байна. Үүний хүрээнд удирдлагын ухаанд эрсдэлийн менежмент гэдэг ойлголт хүчээ авлаа. Мөн эрсдэлийн менежерүүд хэмээх албан тушаалтнууд төрийн болон бизнесийн байгууллагуудад ажиллах болсон.
Өндөр хөгжсөн оронд аливаа төслийг хэрэгжүүлэхдээ санаачилгаас эхлүүлэх алхам хүртэл маш их хугацаа зарцуулдаг нь чухамхүү эрсдэлийн менежменттэй холбоотой аж. Учирч болох бүхий л саад бэрхшээл, осол, аюул, ер нь гадаад, дотоод хүчин зүйлийг тооцон, тодорхойлж, хэрвээ болзошгүй эрсдэл учирвал авах арга хэмжээг бодлогоор урьдчилан зохицуулж, хэрэгжүүлэх алхмуудаа нарийвчилдаг байна. Бид гадаадын орнууд төрөл бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд юу юу зэхсэн байдаг талаар хангалттай жишээ мэддэг. Япон Улс далайн гэнэтийн хүчтэй түрлэгээс сэргийлэх зорилгоор томоохон хотууддаа газар доогуур өндөр байшингуудын хэмжээний хоосон, усан сангийн зориулалттай байгууламжууд барьчихсан байдаг. Тайван цагт түүнийг ашиглалтгүй дэмий байлгадаггүй. Жуулчдад харуулж мөнгө олдог. Энэ нь нийслэл болон бусад хотыг усанд автах эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ бөгөөд Засгийн газрын түвшний эрсдэлийн менежментийн бодлогын хүрээнд барьжээ.
Манай улс эрсдэлийн менежментээр тун тааруу гэж хэлэхийн өмнө монголчууд ер нь энэ талаар мэдлэгтэй юү гэдэг асуултад хариу хэлье. Монголчууд мэдлэгтэй. Захын айл гэр, байшин барихдаа араар нь хамгийн түрүүнд ус зайлуулах шуудуу татдаг. Мөн гэрээ салхинд хийсэхээс сэргийлж чулуу, элс, шавар шуудайлан хоёр талд нь хүндрүүлэг хийж өгдөг. Энэ нь мөн л эрсдэлээс хамгаалах арга юм. Энэ мэтчилэн ахуйн орчинд ойлголт, мэдлэгтэй монголчууд ажил хэргийн “ертөнцдөө” бол эрсдэл гээчид ихээхэн хайнга ханддаг. Үүний улмаас хаана, хаанаа хохирдгийг хариуцлагагүй байдал, хуулиар шийтгэл хүлээлгэдэггүй, задгай, назгай хандлагатай холбон тайлбарлахаас өөр аргагүй.
Саяхан болсон явдал юм. Нийслэлээс зүүнтээ Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт соёлын биет бус өвийн “Нүүдэлчин” наадам болсон билээ. Санаачилга, арга хэмжээ сайхан, ялангуяа цаг үеэ олсон гэж дүгнэхээр. Харин зохион байгуулалтын хүрээнд нэгэн алдаа лав байсан нь иргэдэд унаагаар үйлчлэх. Эхний өдөр наадмыг зорьсон хүмүүст Офицеруудын ордноос зориулалтын том оврын автобусаар гомдох юмгүй үйлчилсэн гэсэн. Харин хоёр дахь өдөр нь унаа цөөн байв. Тэрэлжид гэр хүрээнүүдээр явж энэ тэрийг сонирхсон хүмүүс 18.00 цагийн үед бүгд буцах болсон бөгөөд сүүлчийн хэд нь автобусанд багтаагүй. Ганцхан автобусны хаалга онгорхой байхаар нь хүмүүс орсоор, дүүрсэн л дээ. Гэтэл жолооч нь ирдэггүй нэг цаг 40 минут хүлээлгэсэн. Бороотой байсан тул хүмүүс жиндэж даарсан байлаа. Сүүлчийн унаа ч юм билээ. Автобус явахгүй байхаар нь зарим нь дэмий даарч зогсохоор гээд зам даган явган алхахаар бууцгаасан юм. Жолооч 20.00 цаг болохын наахна ирж, нийслэлийг зорин хөдөллөө. Нийслэлийн зүгт явж байтал түрүүн унаанаас буусан залуусын хоёр нь бололтой, найз бүсгүйчүүд гар өргөж зогсоогоод орж ирсэн. Гэтэл 10 минут ч болоогүй байхад нэг нь ухаан алдаад уначихав. “Нүүдэлчин” наадмын талбайд түргэн тусламжийн машин харагдсан гэж ярилцаад, олсон дугаараараа залгахад, ойлгож хүлээж авсан ч тэндээс бус, Налайхаас түргэн тусламж ирэхээр боллоо. Автобусанд явсан эмч тэргүүтэй хэдэн хүн өнөөх бүсгүйн гар, хөлийг барьсаар арайхийн сэхээгээд, хөдөлтөл таван минут бололгүй дахиад татаад унав. Энэ удаа илүү аюултай байв. Аажим гар, хөл нь хөрч, бөмбөгнөтөл чичирч байсан юм. Эмч ирдэггүй. Зам, зайг нь тооцоход наадмын талбайд байсан түргэн тусламжийнхан ирвэл хурдан санагдаж байлаа. Гэтэл яагаад ч юм Налайхаас очих болсон нь ямар шалтгаантайг бүү мэд. Автобус дүүрэн хүн ухаангүй хэвтээ бүсгүйг сэхээсэй гэж залбирахаас өөрийг хийж чадахгүй байтал түргэний тэрэг дохио хангинуулсаар ирээд аваад явсан. Автобусанд маш олон хүн байсан тул бүгчим учраас тэр эмэгтэй ухаан алдаж унасан байж магад. Өөр шалтгаантай ч байж мэднэ. Зохион байгуулагч Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрынхан нийслэлээс 70 км-ийн зайд болсон наадамд хүмүүсийг урихдаа унаа тэргээр цаг, улмаар 30 минутын зайтай үйлчилнэ гэсэн амлалтдаа хүрсэн бол наадамчид бороотой өдөр явган, “нүцгэн” тийш зүглэхгүй байсан даа. Тэнд явсан хүмүүс “Унаа тэрэг хангалттай юм шиг байна. Ганц өдөр машинаа тавья, замын түгжрэл нэмээд яах вэ гээд хүүхдүүдээ дагуулаад гарсан. Ингэж гэнэдэх гэж” хэмээн ярьж байлаа. Ийнхүү хөглөсөөр бид 23.00 цагт Улаанбаатарын төвд буусан юм. Засгийн газрын хоёр том байгууллага олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахдаа үйлчилгээнд явуулах унаа тэргийг, өөрөөр хэлбэл, эрсдэлийг тооцоогүйгээс эрдэнэт хүний амь үрэгдэх шахсан. Энэ бол манай улсын төрийн байгууллагуудад эрсдэлийн менежмент байдаггүйн, тийм ойлголтыг хэвшүүлээгүйн гай, хор хохирол гэж харж байна.
Манай улсын төр, засагт, байгууллагуудад нь, бизнесийнхэнд ч тэр эрсдэлийн менежментийн бодлого байдаггүйтэй холбоотой учирдаг хохирол асар их. Эрсдэл хэзээ ч, хаана ч үүсдэг. Орчин үед бизнес, санхүүгийн талбарт ихээхэн нүүрлэх болсон. Ойрын жишээгээр манай улсын Хөгжлийн банканд үүссэн нөхцөл байдлыг дурдаж болно. Энэ сарын 24-нд болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын дунд Хөгжлийн банктай холбоотой нь байв. Тус банкны олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1.8 их наяд төгрөгт хүрсэн юм билээ. Засгийн газар нь Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр энэ сарын 19-ний байдлаар нийт 514.5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн, гэхдээ 262.9 тэрбумын зээл бүрэн төлөгдөөд байгаа тухай тус хуралдааны үеэр мэдээлсэн. Чанаргүй зээл их хэмжээгээр олгосноор банкны ашигт ажиллагаа буурч, өөрийн хөрөнгийн дутагдалд орж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдсан тухай энэ оны нэгдүгээр сарын 20-нд зарласан. Үйл явц өрнөсөөр өдгөө олон зээлдэгчид арга хэмжээ авахдаа тулаад байна. Үндэсний аудитын газраас 2019 онд тус банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийж, тайлбар гаргасан түүхтэй. Тухайн үед “Эрх зүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрдээгүй байсан төдийгүй банкны бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй” гэж дүгнэсэн юм. Аудит хийх үед эрх зүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй байхад буюу 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аар баталсан эл үйлдэл, үйл явдал нь манай улсад төр, парламентын түвшинд ч эрсдэлийн менежмент гээчийн талаар ямар ч ойлголтгүй, ойлгодог ч, санаатай болон санамсаргүйгээр тооцоолдоггүйг харуулж байна бус уу. Уг нь Хөгжлийн банканд Эрсдэлийн удирдлагын газар гэдэг нэгж ч бий. Гэсэн ч уг нэгж нь ямар ч үр дүнгүй ажиллажээ. Эрсдэлийн асуудалд ингэж ор нэрийн төдий хандахад улс, нийгэмд ямар их хохирол учруулдгийг бүгд харлаа.
Ойрын үеийн бас нэгэн жишээ хэлж болохоор байна. Эрүүл мэндийн даатгалын сангийнхантай холбоотой ихээхэн хэмжээний хөрөнгийн алдагдал, санхүүгийн зөрчил илрээд буй бөгөөд үүнийг мөн л эрсдэлийн менежмент байхгүйгээс үүдэлтэй хэмээн дүгнэсэн юм билээ.
Олон улсад бол эрсдэлийн менежментийн зорилгыг компани, байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж гэж үздэг юм байна. Тийм ч учраас өндөр ач холбогдол өгдөг бөгөөд энэ төрлийн менежмент сайтай нь үйл ажиллагаагаа хохиролгүй, эсвэл эрс бага хохиролтойгоор явуулдаг ажээ. Уг менежментийг хэд хэдэн үе шаттай явуулдаг гэнэ. Эдгээр нь эрсдэлийг илрүүлж, түүний хамрах хүрээг тодруулан үнэлэх, тохиолдлоо гэхэд боломжит сөрөг үр дагаврын магадлалыг бууруулах стратеги боловсруулах юм байна. Мөн эрсдэлийг удирдах арга, хэрэгслийг сонгох, шууд удирдах боломж бүрдүүлэх, хүрсэн үр дүнг үнэлж, эрсдэлийн стратеги зөв гэдгийг нотлох зэрэг аж. Үе шатуудаас хамгийн чухал нь эрсдэлийг удирдах арга, хэрэгслийн сонголт гэнэ. Менежментийн суурь арга, аргачлалаар эрсдэлээс татгалзах, бууруулах, дамжуулах, хүлээн авах зэргийг нэрлэдэг байна. Эрсдэлийн хэрэгсэл нь улс төр, зохион байгуулалт, эрх зүй, эдийн засаг, нийгмийн гэсэн өргөн хүрээг хамрах бөгөөд эдгээрийг нэгэн зэрэг хэрэглэснээр эрсдэлийг хохирол багатай даван туулдаг хэмээн орчин үеийн удирдлагын шинжлэх ухаанд үздэг ажгуу. Гэхдээ олон оронд эрсдэлээс хамгаалах хэрэгслээр юуны өмнө даатгалыг нэрлэж, хэрэглэсээр буй юм билээ.
Манай улсын тухайд даатгалын тогтолцоо бий болсон ч эрсдэлийн менежмент гэдэг ухааны учрыг олох анхан шатандаа ч хөл тавиагүй байна.