2022.06.22 Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг, “Хүннү-22” хорооллын дэргэдэх “Номин реалтор” ХХК-ийн барилгын талбайд сунадаг авто кран унаснаас 20 болон 36 настай хоёр залуу нас барав. Энэхүү ослын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэхдээ техник хэрэгслийг стандартын дагуу байршуулаагүйгээс үүдэлтэй гэжээ.
2022.07.29 Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг, Арванзургаагийн даваа хэмээх газарт бичил уурхайд ажиллаж байсан 37 настай эрэгтэй шороонд даруулж, амиа алдлаа.
2022.08.21 Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, Яармагийн нэгдүгээр буудлын дэргэд долоон метрийн гүн нүхэнд бохирын хоолой суурилуулж байсан 22 настай хоёр залуу шороонд даруулж, нас барав.
2022.08.24 Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хэсэг хүмүүс 40 дүгээр хороонд гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбай чөлөөлж байх үед 72 дугаар хотхоны СӨХ-ны ажилтан эмэгтэй хавтанд даруулж, амиа алдлаа. Тэрбээр уг ажилд туслах зорилгоор тоосго цуглуулж, ойр орчимд нь хөглөрсөн зүйлийг цэвэрлэж байхдаа осолд өртсөн аж.
Хэн нэгний хариуцлагагүй байдал, өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж харамсалтайгаар ийнхүү амиа алдсан хүний тоо нэмэгдсээр. Уурхай, барилга, зам, гүүрийн ажил гүйцэтгэх явцад, үйлдвэрийн орчинд осол гарч, хэн нэгэн хорвоогоос харамсалтайгаар буцсан тухай мэдээ байнга дуулдсаар. Сүүлийн хоёр сарын хугацаанд ийм явдал цөөнгүй гарч, олон хүн алтан амиа алдлаа. Дээр дурдсан жишээ бол зөвхөн олон нийтэд ил болсон, цаг хугацааны хувьд саяхных учраас ой тойнд тод буй тохиолдлууд. Харин үүний цаана энэ мэт харамсалтай жишээ ил, далд өчнөөн. Өнгөрсөн хавар гэхэд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулж байсан “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох талбайд нуралт үүссэнээс 53 настай ажилчин шороонд даруулж, амь эрсэдсэн. Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг шохойн чулууны үйлдвэрт осол гарсны улмаас 30 орчим насны эрэгтэй нас барсан хэрэг үүний өмнөхөн бүртгэгдсэн байдаг.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсантай холбоотой үйлдвэрлэлийн осол энэ он гарснаас хойш 299 удаа бүртгэгджээ. Үүний улмаас 31 хүн нас барсан байна. Осолд өртсөн хүмүүсийн 66 нь эмэгтэй, үлдсэн буюу 70 орчим хувь нь эрэгтэй. Сүүлийн найман сарын хугацаанд уул уурхай, олборлох салбарт 58 удаа осол гарсан нь тооны хувьд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож буй. Харин ослын улмаас учирсан хохирол, эрсдэлийн зэргээр барилгын салбар “тэргүүлжээ”. 24 удаагийн ослын улмаас долоон хүн нас барсан байна. Энэ хугацаанд төрийн удирдлага, батлан хамгаалахын салбарт 30 удаа осол гарч, таван хүн мөнх бусыг үзүүлжээ. Мөн үйлчилгээний салбарт 20 тохиолдол бүртгэгдэж, таван ажилчин эндсэн аж. Хурц хордлого хоёр, бүлэг осол найман удаа гарчээ. Цаг хугацааны хувьд авч үзвэл нэгдүгээр улиралд харьцангуй тайван, үйлдвэрлэлийн осол, түүнээс үүдэлтэй эндэгдэл бараг бүртгэгдээгүй гэнэ. Харин хоёрдугаар улирлаас аюул эхэлжээ. Гуравдугаар сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд зөвхөн барилгын салбарт хүнд, хөнгөн 11 осол гарсан бөгөөд таван хүн нас барсан аж. Зургадугаар сараас хойш өнөөг хүртэл барилгын талбайд зургаан ослын улмаас хоёр хүн алтан амиа алджээ.
Найман сарын хугацаанд 299 осол, 31 амь. Манайх шиг хүн ам цөөн, алан хядлага, зэвсэгт мөргөлдөөн зэрэг олныг хамарсан, сэтгэл түгшээсэн аюулаас ангид, цацраг болон биологийн идэвхт, химийн хорт бодисын хэрэглээ бага, ийм орчинд ажилладаг мэргэжилтэн цөөтэйд тооцогддог орны хувьд энэ нь яалт ч үгүй өндөр үзүүлэлт. Статистикаас харахад, сүүлийн найман сарын хугацаанд 30 хоног тутам 37 осол гарч, гурван хүн таалал төгсжээ. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол 253 удаа бүртгэгдсэн бол өнөө жилийн эхний найман сарын үзүүлэлт үүнийг 18 хувиар даваад байна. Өнгөрсөн жилүүдийн статистикийг харахад ч ийм төрлийн ослын тоо байнга 250-иас дээш бүртгэгджээ. Энэ нь манай улс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэр зэрэг чухалчилдаг, ажил олгогч (аж ахуйн нэгж, байгууллагууд)-д үүнд хэрхэн анхаарч, ач холбогдол өгдөг, иргэд ажлын байрны орчин нөхцөл болон өөрийн эрх, үүргийн талаар ямар хэмжээний мэдлэг, ойлголттой зэргийг илтгэх нэг төрлийн “барометр” болж байна.
Үйлдвэрлэлийн осол, түүнээс үүдэлтэй эрсдэлийг бууруулах чиглэлээр юу хийж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхнаас тодруулахад мэдээлэл, сурталчилгаа түгээхээс эхлээд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч буй гэв. Тодруулбал, тус яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн үндэсний холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагатай хамтран ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах нэг сарын хугацаатай аяныг жил бүр өрнүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгдөг гэнэ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны есдүгээр сарын А/151 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн агуулгыг урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарал хандуулжээ. Тодруулбал, өмнө нь ослын дараах үе шат буюу сэргээн засах, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг гол чиглэл болгодог байсан бол өнгөрсөн жилээс олон улсын жишгээр урьдчилан сэргийлэхэд анхаарч эхэлжээ. Түүнчлэн өмнө нь үүнтэй холбоотой харилцааг зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулдаг байсан бол шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд гэсэн тусгай бүлэг оруулж, ажил олгогч, ажилтны эрх, үүргийг тодорхой байдлаар, ялгаж салгаж тусгасныг дурдав. Тэгвэл үйлдвэрлэлийн осол буурахгүй, хүмүүс амиа алдаад байгаагийн гол шалтгаан юу вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Энхтайванд энэ асуултыг тавилаа. Тэрбээр “Нэгдүгээрт, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн дутмаг байгаатай холбоотой. Ийм ослын дийлэнх нь халтирах, унах, бүдрэх, эд зүйлд цохигдох, дарагдах, хавчуулагдах зэргээс үүдэлтэй байдаг. Он гарснаас хойш бүртгэгдсэн нийт ослын 58 нь ийм шалтгаантай байна. Тодруулбал, осол гарахааргүй нөхцөлд ч иргэд эрсдэлд өртөж, амиа алдаж буй нь хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн ажлаа хангалттай хэмжээнд хийж чадаагүйтэй холбоотой. Ажил олгогчид ажилтны тооноос үл хамааран тэднийг аюулгүй ажиллах арга барилд сургаж, зааж, зөвлөх ёстой. Ажил олгогч өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тухайн ажлын байрны онцлог, үйл ажиллагааны нөхцөлийн талаар мэдлэг, ойлголттой байж гэмээнэ ажилчдынхаа аюулгүй байдлыг хангана шүү дээ. Улмаар аюулгүй ажиллагааны нөхцөл бүрдсэний дараа ажил үүргийг хуваарилах учиртай. Үүнийг ер хэрэгжүүлэхгүй байна. Ажил олгогчид ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг орхигдуулдаг. Уг нь хамгийн чухал нь энэ юм. Хоёрдугаарт, иргэд үүний талаар ойлголт, мэдлэггүйгээс эрхээ хангуулж, ажил олгогчид шаардлага тавьж чаддаггүй. Холбогдох хуульд “Ажил олгогч нь ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй, шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд, хангуулахад ажилтны оролцоо чухал. Гуравдугаарт, аймаг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга нар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй нь нөлөөлдөг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой хууль, эрх зүйн орчин хангалттай сайн бүрдсэн. Бие даасан хууль бий. Үүнтэй холбогдолтой 30 гаруй дүрэм, журам, 151 стандарт байдаг. Тэдгээрийг хэрэгжүүлэхэд шат шатны байгууллагын оролцоо чухал. Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар бол аймаг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга нар тухайн харьяаны нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг ая тухтай ажиллах нөхцөлөөр хангаж, аюулгүй орчин бүрдүүлэхэд санаа тавих ёстой. Гэтэл тэд үүнийгээ биелүүлэхгүй, хяналт тавихгүй байна” гэв.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Судлаачид манай улсын хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хууль, эрх зүйн орчин, тогтолцоог боломжийн түвшинд байна гэж үнэлээд буй. Гэхдээ хэрэгжилтэд нь анхаарахыг зөвлөсөн. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл нь хувь хүний хандлага, ажлын туршлага, ур чадвартай салшгүй холбоотой. Тиймээс иргэдийг ажлын байранд гарахад багаас нь бэлтгэж, хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуйн талаар ойлголттой болгох нь чухал. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ талаарх агуулгыг тусгах шаардлагатай. Яам үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа” гэжээ.
Дээрх хоёр мэргэжилтний үзэж буйгаар бол ажил олгогч, ажилтан аль алинд нь буруу бий аж. Мөн үүнд хяналт тавих ёстой байгууллагууд нь чиг үүргээ хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай ажилладгийг онцоллоо. Тэгвэл энэ төрлийн эрсдэлийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?
Нэн тэргүүнд уул уурхай, барилга зэрэг улирлын чанартай, жилийн тодорхой үеүдэд уртасгасан цагаар, шахуу төлөвлөгөөтэй ажилладаг салбарт хуулийн хэрэгжилтийг ягштал мөрдүүлэх шаардлагатай гэнэ. Эдгээр салбарт хамгийн их осол, эндэгдэл гардаг учраас ажлын байрны нөхцөл, эрүүл ахуйн стандартад нь онцгой анхаарах хэрэгтэй аж. Наанадаж ажлын цагийг хуулийн дагуу байлгаж, алдсан энергиэ нөхөх амралтыг ажилчдад олгох шаардлагатай юм байна. Мөн иргэдэд энэ чиглэлийн боловсрол олгох сургалт, семинарыг өргөн хүрээнд зохион байгуулах, орон нутаг, дүүргүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхэд зориулж хөрөнгө төсөвлөх, осол их гардаг газруудад шалтгаан нөхцөлийг тогтоох суурь судалгаа хийсний үндсэн дээр зорилтот бүлэгт чиглэсэн ажлуудыг үе шаттай хийх хэрэгтэй гэсэн саналыг П.Энхтайван хэллээ.