Зах, худалдааны төв, гадаа талбайд борлуулж буй тарвас чанарын баталгаагүй, хүний биед хортой бодис агуулсан гэх шүүмжлэл сүүлийн үед их гарах болсон. Тэгвэл улсын хэмжээнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэр дундаа тарвасыг хяналт шалгалтад хамруулж буйгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Дархан-Уул аймагт энэ жил гурван га талбайд тарвас тарьсан бөгөөд одоогоор болц нь гүйцээгүй тул хурааж, худалдаанд гаргаагүй гэнэ. Сэлэнгэ аймгийн тухайд 56.9 га талбайд тарвас тариалснаас 112 тонныг хураан авч, нийслэл болон Дархан-Уул аймагт худалдан борлуулж буй гэнэ. Үүнээс 71 тоннд нь гарал үүслийн гэрчилгээ олгосон бөгөөд хоёр дээжид шинжилгээ хийхэд шаардлага хангасан бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон гэв. Тарвасаараа алдартай Ховд аймгийн тухайд 532.3 га-д тариалалт хийжээ. Үүнээс гадна нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд бага хэмжээний талбайд тарвас тариалсан ч нийтийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгогүй гэж дээрх газраас мэдээлэв. Ховд, Сэлэнгэ аймгаас Улаанбаатарт авчирч, борлуулж буй тарвасаас дээж авч, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийхэд ноцтой асуудал илрээгүй, бүтээгдэхүүнүүд хүнсний шаардлага хангасан гэлээ. Хяналт, шинжилгээ өдгөө үргэлжилж буй юм байна. Тиймээс иргэд тарвас худалдан авахдаа гарал үүслийн болон лабораторийн шинжилгээний бичгийг нь шалгахыг зөвлөлөө.