Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрээр Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцов. Эрүүл мэндийг дэмжих төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр, эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай өгөх боломж бүрдэх ажээ. Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий мэс заслын тоног төхөөрөмж, автомашиныг тус эмнэлгийн удирдлагад гардуулан өглөө.
Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулсан. Говь-Алтай аймагт эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээнд 3421 хүн хамрагджээ. Эрт илрүүлгийн үзлэгээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг зонхилон илэрч байгаа аж. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс дөрвөн иргэн хавдраар оношлогдож, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Хавдраар оношлогдсон дөрвөн иргэний хоёр нь эрт үедээ оношлогджээ.