Тайландын Бангкок хотод зохион байгуулж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголын үндэсний шигшээ багийн тамирчид оролцож байна. Эхний өдрийн тэмцээн эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн. Дээрх жинд хүч сорьсон Г.Наранцэцэг, М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, Б.Сүхбат, Б.Эрхэмбаяр нар хагас шигшээд шалгарсан ч медалиас мултарсан юм. Хоёр дахь өдрийн барилдаанд долоон тамирчин зодоглосноос Т.Ариунзаяа эмэгтэйчүүдийн 57 кг-д шагналын салхи хагалж, мөнгөн медаль хүртэв. Түүний амжилтыг буухиалж, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн дэд байрт шалгарч, тивийн тэмцээний иж бүрэн медальтан боллоо. Тэрбээр өмнө нь АНЭУ-ын Абу-Даби хотод 2019 онд болсон тэмцээнээс хүрэл, Хонконгод өнгөрсөн жил болоход алтан медальтай ирсэн юм. Эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Ням-Эрдэнэ медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт Д.Есүйтэй таарч, үндсэн цагт юүко үнэлгээгээр хожиж, Азийн АШТ-ээс хоёр дахь удаагаа хүрэл медаль гардсан. Тэгвэл сүүлийн өдрийн барилдаанд эмэгтэйчүүдээс А.Дуламсүрэн -78, А.Адъяасүрэн +78, эрэгтэйчүүдээс Б.Мөнхбаяр 90, А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун -100, Б.Гончигсүрэн +100 кг-д өрсөлдөнө.