Манай улс умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг товлолд оруулж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас 11 настай охид, хөвгүүдэд тарьж эхэлсэн. Эл вакцинд ийм насны 70 гаруй мянган хүүхэд хамрагдах ёстойгоос 30 гаруй мянга нь дархлаажуулагджээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд вакцинжуулалт 40 хувьтай буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь хамрагдсан гэнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Үндэсний товлолт вакцинаас хоцорсон хүүхэд байвал нөхөх дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Вакциныг өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй хийх тул өөрт хамгийн ойр эмнэлэгт хандаарай. Мөн 12, 13, 14 хүртэлх насны хүүхдүүд нэг удаагийн тунгаар дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Харин 15-аас дээш насныхан сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д вакцин хийлгэж болно” гэв.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд умайн хүзүүний хорт хавдрын 521 тохиолдол бүртгэгдэж, 167 эмэгтэй нас баржээ. Төвийн бүсэд өвчлөл, нас баралт өндөр байна. Энэ төрлийн хавдар Булган, Дархан-Уул, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймагт хамгийн их бүртгэгджээ. Харин Орхон, Говь-Алтай аймагт умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол харьцангуй бага хувьтай ч нас баралт өндөр гарсан байна. Үүний шалтгаан нь иргэд хожуу шатандаа эмнэлэгт хандаж буйтай холбоотой юм.
Ч.БОЛОР