Америкт ажиллаж, амьдардаг төгөлдөр хуурч У.Анутай ярилцлаа.
-Та Нью-Йоркт амьдардаг юм билээ. Хаана ажилладаг вэ?
-Өөрийнхөө төгссөн Нью-Йоркийн Их сургуулийн хөгжмийн тэнхимд концертмейстер багшаар ажилладаг. Мөн Манхэттенд байдаг Хөгжмийн академийн төгөлдөр хуурын багш, уран бүтээлийн захирал. Америкт амьдраад удахгүй 10 жил болох нь. 2013 онд ирээд, төгөлдөр хуурын чиглэлээр хэд хэдэн сургуульд суралцсан. Бакалавр, магистр, докторын өмнөх гэсэн шат шатны зэрэг хамгаалаад, одоо мэргэжлээрээ ажиллаж байна.
-Төгөлдөр хуурч байх амаргүй гэх юм билээ. Танд ямар санагддаг вэ. Яагаад энэ мэргэжлийг сонгов?
-Надад ээж болон эгч нар минь их нөлөөлсөн. Ээж дуурийн дуулаач байв. ЗХУ-ын Ленинградын Хөгжмийн их сургууль төгссөн юм. Намайг дөрвөн настай байхад эгч Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид элссэн. Эгч гэртээ төгөлдөр хуураа ээжтэй хамт давтдаг байлаа. Тэр үеэс би төгөлдөр хуур маш их сонирхож байсныг ээж анзаарч, намайг Хөгжим бүжгийн коллежид оруулахаар бэлтгэж эхэлсэн. Гэртээ ноот зааж, онолын зах зухтай танилцуулсан. Дараа жил нь шалгуулж, тэнцээд, хүссэн сургуульдаа элсэж байв. Ээж “Ямар хөгжим сонгохоо өөрөө шийд” гэхээр нь төгөлдөр хуурыг “онилж”, Ч.Тунгалаг багшийнхаа шавь болсон түүхтэй.
-Анх тоглосон хөгжмийн зохиолуудаа санадаг уу?
-Багш надад үргэлж маш сонирхолтой зохиолууд заадаг байлаа. Уран бүтээлч сонирхлыг хөгжүүлэхүйц, техникийн хувьд тохиромжтой, гарт тохирсон бүтээлүүд дээр ажиллуулдаг, би ч хичээлдээ их дуртай байсан. Яагаад ч юм бага байхаасаа мэргэжлийн шалгалтад дуртай байв. Их хөдөлмөрлөж, олон цагаар давтсан үр дүнгээ үзэх учраас тэр байх. Ер нь шалгалтуудыг бардам өгдөг байлаа. Тэгээд ч хүүхэд байхад тайзан дээр гарч, хүмүүсийн өмнө тоглохоос айдаггүй юм шиг байна лээ. Насанд хүрээд тоглосонтойгоо харьцуулахад тэгж санагдаад байдаг. Бага байхаасаа эхэлж, одоо ч хүртэл хамгийн дуртай тоглодог зохиолууд бол Л.В.Бетховен, Ф.Шопен нарынх. Бусад олон зохиолчийн бүтээлээс тоглодог ч энэ хоёр л үнэхээр зүрхэнд хүрэх шиг болдог.
-Хөгжимчин болох хүртлээ хэр олон багшаар хичээл заалгасан бэ?
-Мэргэжлийн таван багштай. Түрүүнд хэлсэнчлэн анхны багш минь Ч.Тунгалаг. Багшийнхаа удирдлагад 10 жил суралцаад, төгсөх жилдээ Ч.Тунгалаг багшийн шавь, Италид суралцаж төгсөөд удаагүй байсан Ц.Мягмарцэрэн багшийн ангид орсон. Америкт ирээд бакалавраар суралцахдаа Рик Андрюс, дараа нь магистртаа Алфрэд Мүлэдү багшийн шавь боллоо. Америк багш нарын арга барил монгол багш нарынхаас өөр. Өөрөөр хэлбэл, сургалтын орос дэг сургуулиас ондоо. Оюутнууд бие дааж сурах ёстой гэсэн зарчим баримталдаг. Оюутнууд өөрсдөө ямар зохиол тоглохоо сонгодог. Одоо бодоход хэрхэн уран бүтээлч, мэргэжлийн гоцлооч болох вэ, яаж ажилтай болж, амжилттай замнах вэ, өөрийнхөө урын сангийн, уран сайхны нөөцийг хэрхэн бий болгох вэ гэдэгт илүүтэй сургаж, хөгжүүлдэг байсан юм билээ. Докторын өмнөх зэрэг горилон суралцах шатанд Мэрилин Нонкэн багштайгаа учирсан.
Орчин үеийн, XX зуунаас хойших хөгжмийн зохиолуудыг тоглох урлагийн мастер. Түүгээрээ дэлхийн тавцангаас олон шагнал авсан хүн. Энэ багшаасаа орчин үеийн зохиолуудыг хэрхэн тоглохыг сурсан. Одоо би Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс Америкийн мужууд, хотуудад тоглохоор төлөвлөөд байна. Энд би монгол хөгжмийн зохиолчдоосоо Б.Шаравын “Зул” хэмээх бүтээлийг анхлан 2016 онд тоглосон юм. Бурхан болсон эмээдээ зориулсан. Б.Шарав гуай энэхүү зохиолыг өөрийн үеийн бурхан болсон найз нөхдөдөө зориулж бичсэн юм билээ. Тухайн үед завшаанаар Б.Шарав гуайтай интернэтээр холбогдож, энэ зохиолын тухай ярилцаж, хэрхэн тоглох талаар зөвлөгөө авсан юм. Тоглосон бичлэгээ Б.Шарав гуай руу явуулахад, маш их баяртайгаар хүлээж авсан. Одоо Америкийн мужууд болон хотуудаар Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн тоглолт хийхдээ “Зул”-аа Б.Шарав гуайнхаа гэгээн дурсгалд зориулна гэж бодож байгаа. Ер нь энд монгол зохиолуудыг хөгжимчид ч, сонсогчид ч их сонирхож хүлээж авдаг.
-Тоглолтын хөтөлбөрөө гаргачихсан уу?
-Б.Шарав гуайн зохиолуудаас гадна хөгжмийн зохиолч З.Хангалын вариац, С.Гончигсумлаагийн хэд хэдэн прелюди, тэр дундаа “Буриад бүжиг” зэрэг зохиолыг бэлдэж байна. Зохиолууд дээрээ ажиллаад бараг хагас жил боллоо.
-Монгол хүн Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглох амархан уу?
-Ямар үндэстэн тоглохоос хамааралгүйгээр авч үзэхэд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд техникийн талаасаа Баруун Европын зохиолчдынхтой харьцуулахад нэлээд амархан талдаа. Гэхдээ зохиолыг гүн судалж, сайтар ажиллахгүй бол монгол хэв маяг, шинжийг тоглолтоор харуулахад хүндрэлтэй гэж боддог. Би багаасаа гадаадын алдартай зохиолчдын бүтээлүүдийг тоглож ирсэнтэй холбоотой байх, тэдний туурвилуудыг ойлгоход, ойлгосноо илэрхийлж тоглоход амар байдаг. Гэхдээ одоо бол монгол зохиолуудаа давтаад, бэлдээд суухад их тааламжтай санагддаг болсон. Эх орноосоо хол байгаа болохоор хөгжмөөрөө Монголтойгоо холбоотой байж, заримдаа нутагтаа байгаа мэт мэдрэмж төрөх нь бий. Үзэгчдийн өмнө тоглохоороо улам л огших байх даа.
-Докторын зэрэг горилон сурч байгаа гэж ойлголоо. Ямар сэдэв судалж байна вэ?
-Тийм ээ. Гэхдээ сэдвээ хараахан сонгоогүй. Судалж л байна. Хүмүүсийн хөндөж байгаагүй сэдэв хайж байгаа. Лав гурван жилийн ажил бий. Бүтэн цагаар багшлахын сацуу уран бүтээлийн ажил ихтэй болохоор завгүй шахам байх юм.
-Америкт амьдрахын давуу тал юу вэ. Мэдээж цалин, орлого боломжийн байх. Бусдаар юу нь хүмүүсийг татдаг бол?
-Америк бол хөгжимчид амьдрахад маш тааламжтай газар. Яагаад гэвэл боломж их байдаг. Хөдөлмөрийн үнэлгээ сайн. Мэргэжлийн байх тусмаа, эрдмийн зэрэг өндөр байх хэрээр цалин сайн авдаг. Ялангуяа миний амьдарч буй Нью-Йорк бол дэлхийн хөгжмийн гол хот. Энд алдарт “Карнеги холл”, “Метрополитан опера”, Нью-Йоркийн филармони, “Линколн”, “Бродвей” театр гэхчлэн урлагийн томоохон байгууллагууд бий. Орой бүр хаа нэг газар заавал тоглолт, дуурьтай байдаг учир хүмүүс уйддаггүй. Мөн хөгжимчид, хөгжмийн сургуулийн сурагчид, оюутнууд өдөр бүр өөр өөр газарт очин тоглолт үзэж, мэдлэгээ нэмж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой.