Ромын эзэнт улсын хувь тавиланг Европын Холбоо давтах тун дөхөж байгаа нь Гранадад саяхан болсон дээд хэмжээний уулзалтын дараа тодорхой боллоо гэж Лондоны их сургуулийн доцент Филип Канлифф бичсэн байх юм.
Энэ уулзалтын босгон дээр тус эвслийн хамгийн нөлөө бүхий улсууд болох Франц, Герман Европын Холбоонд системийн өөрчлөлт хийх санал бодлоо бэлтгэсэн илтгэлдээ илэрхийлсэн байна. Уг төлөвлөгөө Европын Холбоог Ромын эзэнт улс шиг дотроосоо идэгдэн аажмаар замхрахад хүргэх нигууртай. Сүүлийн жилүүдэд Европын Холбоонд огт өөр төгсгөл ирнэ гэлцэж байв. 2015-2019 оны хооронд богинохон хугацаанд нутаг дэвсгэр даяар нь болсон популист үйлдлүүдийн дараа тус холбоог дотроосоо сарних магадлалтай гэж үзэж болохоор байсан цаг бий. Сонгуулийн хэсгүүд дээр болсон цуврал үймээнийг Европын Холбоо харин аюул осолгүй давж чадсан юм.
Олон түмний төөрч будилсан, бүтэлгүйтсэн бослого тэмцлийн дараа тус тивийн үндэсний бүх популистууд Брюсселийн ивээл өршөөлд гараа өргөцгөөсөн юм. Энэ явдал 2015 онд сонгогчдынхоо саналыг сөрөн “Евро гурвал”-ын өмнө Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас шившигтэйгээр бууж өгснөөр эхэлж, Италийн Ерөнхий сайд, хатагтай ЖоржаМелони тавьсан хязгаарлалтыг нь хүлцэнгүй хүлээж авснаар үргэлжилж байна.
Популистууд харамсалтайгаар ялагдсан ч Европын Холбоо өнөөгийн хэлбэрээрээ тэсэж үлдэж чадахгүй болсныг Франц, Германы илтгэл ойлгууллаа. Цаг хугацаа өнгөрөх тусам холбоо нэгдэл, зорилгоо алдаж, түүний эцсийн уналт 1806 онд II Франц хааны шийдвэрээр Ромын эзэнт улс бутарсны адил явдал болох магадлал өндөр болжээ.
Оростой Европын Холбооны хийж буй тэмцлийн дотоод логик нь Украин, Молдавыг даруйхан элсүүлэх явдлыг сэдсэн гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Энэ сарын 5-нд Киев хотноо түүхэнд нь анх удаа Европын Холбооны гишүүн бус улсад болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Украины өмнө тус холбооны хүлээх үүргийг батлав. 2010-аад онд эвслийг өргөтгөх ажлыг алгуурлаж байсныг Украиныг яаравчлан элсүүлэх үйл явц зогсоож орхих бололтой. Хөршийг нь хэрхэн хурдан, түргэнээр элсүүлэхийг хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан орнууд гунигтайгаар харж байх нь. Европын Холбооны хүрээг тэлэхэд ядуу, протекторат (эзэрхэх) дэглэмтэй Босни Герцеговин, Умард Македон болон Албани, Черногор, Серб улсууд энэ бүс нутагт саад болж байна. Орост эзлэгдээгүй байгаа Украины газар нутгийн хэсгийг байлдаанд сүйтгэгдсэнийг, Балканы орнуудаас ядуу бас авлигад ихэд бохирдсоныг нь эс хайхран энэ саад тотгор олон дахин нэмэгдэх болно.
Гадаад байдал нь сэтгэл зовоомооргүй ч Европын Холбооны дотоодод Төв болон Зүүн Европын дуулгавар муутай Польш, Унгар, Словак зэрэг улсууд Брюсселийн “эзэнт улс”-ын шахаж тулгасан бодлогыг тууштай эсэргүүцэх болов.
Гишүүнчлэлийг олон түвшинтэй болгох санал нь Европын Холбооны гол улсуудын улс төрийн олон асуудлыг шийдэх юм. Энгийнээр хэлбэл, эдийн засаг, улс төрийн хувьд зардал чирэгдэлгүй Украин болон Балканыг өөрийн өвөрт оруулчихвал эдгээр төвөг бэрхшээл ихтэй орнуудыг одоогийн гишүүн орнуудтайгаа адил тэгш эрхтэй болгочихно. Олон түвшний гишүүнчлэл нь хэтдээ Дорнын өрсөлдөгчдийг эвслийн бүрэлдэхүүнд ёс төдий үлдээгээд, статусыг нь бууруулах боломжийг Парис, Берлинд олгохоороо ихээхэн чухал юм.
Брекситийг идэвхтэй дэмждэг Британийн хэвлэл энэ саналыг Лондонг Европын Холбоонд буцааж авчрах зорилготой “Франц-Германы хуйвалдаан” хэмээн үзэж байгаа юм.
Испанийн Гранадад болсон дээд түвшний уулзалтын үр дүнгээс үзвэл Европын орнуудын удирдагчид нэгдмэл байр суурьтай болж чадсангүй. Хэл ам гарснаас зарим арга хэмжээг цуцлахад ч хүрчээ. Цагаачлалд хэрхэн хандах тухайд Холбооны орнууд үг хэлээ олж чадахгүй байгаа нь түүний бусад төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг үгүй хийж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд, хатагтай Жоржа Мелони нар цагаачлалын асуудлаар Британийн Ерөнхий сайд Риши Сунактай төлөвлөөгүй уулзалт хийхийг зөвшөөрснөөр дипломат шуугиан өдөөчихөв. Энэ уулзалтад оролцогчдыг өөрийнх нь удирдан хийлгэж байсан албан ёсны яриа хөөрөөнөөс хөндийрүүллээ хэмээн Испанийн Ерөнхий сайд Педро Санчес үзэж, Сунактай хамтран хийхээр төлөвлөж байсан хэвлэлийн бага хурлаа цуцлав. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан цагаачлалтай холбоотой асуудлаар бусад улсын гаргасан шийдвэрийг Унгараар албадан зөвшөөрүүлэхийг оролдсон нь бэлгийн хүчирхийлэлтэй жишиж болохуйц үйлдэл хэмээн хэлж сурвалжлагчдыг гайхшируулав.
Цагаачлал нь Европын бодлогын эмзэг асуудал болоод буйнь хурцадмал байдлыг дэврээж байна. Энэ сэдэв хамтран зүтгэгчдийнх нь нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэхийг нэг бус удаа харсан болохоор Европын олон орны удирдагч түүнийг сэдрээхгүй байхыг хичээж байна.
Испанийн өмнөд нутагт Европын Холбооны улсуудын удирдагчид цуглаад шинэ гишүүн элсүүлэх асуудлыг ярилцаж, геополитикийн нөлөөгөө хүчтэй болгох арга замыг хайх, батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэх талаар тохиролцохоор төлөвлөсөн байв. Гэвч цагаачлал тойрсон маргаан энэ бүхнийг тасалдууллаа. Өөрийн тэргүүлж буй популист Засгийн газраа ард түмнээрээ дэмжүүлэх үйл ажиллагааг бэхжүүлж, Европын Холбооны түншүүдээ буулт хийлгэх зорилгоор цагаачлалыг Орбан олон жил улс төрийн зэвсэг болгон ашиглаж ирсэн юм. Хэдэн жил боловсруулсан цагаачлалын тухай баримт бичгийн заалтууд Орбаны санаанд нийцээгүй бөгөөд түүний маргаантай хэсгийг элчин сайд нар урьдчилан тохиролцсон байв. Унгар, Польш улсууд уг баримт бичгийн эсрэг санал өгсөн ч олонхын саналаар шийдвэр гаргадаг Европын Холбооны дүрмийн дагуу түүнийг дэмжсэн. Уг баримт бичгээр гишүүн улсууд тодорхой тооны цагаач хүлээж авах, эсэх, эсвэл нийтийн хүчин чармайлтад санхүүгийн болон санхүүгийн биш хувь нэмрээ оруулахад бэлэн, эсэхээ сонгохыг зөвшөөрсөн.
Орбаны дургүйцлийг үл хайхран ирэх онд болох Европарламентын сонгуулиас өмнө уг баримт бичгийг дэмжинэ хэмээн Европын Холбооны гишүүн орнуудын дипломатууд хүлээж байна. Тэд өөрийн улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд цагаачлалын сэдвийг ашиглахыг хичээж буй популистуудын байр суурийг сулруулна гэж үзэж буй юм.
Энэ нь цаашдаа улам даамжрах төвөг бэрхшээлийг шийдэх замд хийж буй маш жижигхэн алхам юм. Учир нь цаг уурын өөрчлөлт Газар дундын тэнгисийн экосистемийг Африкийн амьдралд улам тохиромжгүй болгож байна. Европын Холбооны доторх түгшүүртэй байдлыг халахын тулд Владимир Путин мэтийн өрсөлдөгчид цагаачлалын сэдвийг хэдийн ашиглаад сурчихсан. Орос улс Сири, Украинд цэргийн ажиллагаа явуулснаар Европ тивд цагаачлалын сүүлийн хоёр хямрал үүсэхэд түлхэц өгсөн юм.
Хэлэлцээрт оролцсон Францын төрийн нэгэн ажилтны хэлснээр өнгөрсөн долоо хоногт дэгдсэн шуугиан Европын Холбооны механизмд байгаа суурь дутагдлыг, тухайлбал, шийдвэр гаргах үйл явц нь нүсэр, гишүүн орнуудын хооронд сүлжилдэж байдаг ажилчдад сайнгүй ханддагийг нь ил тод харуулжээ. Энэ эх сурвалжийн үгээр бол Украин болон Өрнөд Балканы орнуудыг холбооны гишүүн болгох замыг нээхийн тулд энэ хоёр асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлэх нь чухал байгаа аж.
Шинэ гишүүн элсүүлэх нь нарийн төвөгтэй асуудлаар шийдвэр гаргах ажлыг эцэс төгсгөлгүй мухардалд оруулчихгүй байлгахын тулд хэрхэн дасан зохицохыг Европын Холбоо одоо эргэцүүлж байна. Одоо мөрдөж буй дүрмээр бодлогын олон асуудалд гишүүн орон бүр хориг тавих эрхтэй, тэдэнд ийм эрх байхгүй байлаа ч шийдвэрийг хамтран гаргах зарчмыг нийтээр дагаж мөрддөг нь аливаа улс зорилгодоо хүрэх боломж үгүй болгодгоос цухалдахад хүргэдгийн тодорхой илрэл нь Орбаны дургүйцэл юм.
Нэгэн дипломатчийн хэлснээр хэрэв Зүүн Европын 60 сая гаруй хүн эвсэлд нэгдвэл цаашдаа улам бүр нэмэгдэх цагаачдын тоо Европын Холбооны олон хүний сэтгэлийг түгшээж байгаа юм. Эвслийг өргөтгөх эхний давлагаа Британид ирэх боломж цагаачдад олгосноос 12 жилийн дараа тус улс Европын Холбооноос гарахын төлөө санал өгсөн билээ. 2016 оноос хойш Итали энэ онд илүү олон цагаач хүлээж авах хугацаа ойртож, цагаачдыг эсэргүүцдэг, Канцлер Олаф Шольцын социал-демократуудыг гүйцэж түрүүлж болзошгүй болоод байгаа “Германы боломж” намыг дэмжигчийн тоо тогтвортой нэмэгдэж байна. Италийн Ерөнхий сайд Мелони цагаачлалын бодлоготой холбоотой асуудлаар Шольцтой санал зөрөлдсөн нь санамсаргүй юм биш байлаа. Германы Засгийн газрын бус байгууллагууд Газрын дундад тэнгист цагаачдыг аварч Италийн усан буудлуудад авчирч байгааг шүүмжлээд Мелони цагаачлалыг нэг улс л нөгөөгийнхөө нуруун дээр тохохыг оролдвол энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж мэдэгдэв. Тэрбээр Германы Засгийн газрын бус байгууллагууд аварсан цагаачдаа Германдаа аваачихыг хүсэж байгаа юм. Гранадад хоёр талын уулзалт хийхдээ Шольц, Мелони нар цагаачдын урсгал далай, тэнгисээр Итали руу цутгахыг зогсооход туслахыг Тунист ятгах бүтэлгүй оролдлогын талаар ярилцжээ. Италийн удирдагч Макронтой харилцаагаа эвд нь оруулж чадсан ч Мелонигийн Засгийн газар цагаачдын урсгалын учрыг олж чадахгүй гэж Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен мэдэгдлээ.
Марин Ле Пенийн зүгээс Францын Ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлж буй юм. Макрон Ерөнхийлөгчийн сүүлийн хоёр сонгуульд Францын үндсэрхэг үзэлтнүүдийн төлөөллийг ялсан, гэхдээ Макроны бүрэн эрхийн хугацаа дуусахад Ле Пен дараагийн сонгуульд ялах вий гэх болгоомжлол бий. Цагаачдын тоо нэмэгдэх нь Ле Пенд ашигтай байж ч бас болох. Европын зөвлөлийн өөр нэг ахмад зүтгэлтэн Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте арваннэгдүгээр сард хугацаанаасаа өмнө болох сонгуулийн дараа суудлаа орхихоор зэхэж буй. Цагаачдын тоог эрс хязгаарласан шийдвэр гаргуулах гэж түншүүддээ шахалт үзүүлэхийг оролдсоны улмаас Рюттегийн эвсэл долоодугаар сард унасан юм. Саяхан болсон Словакийн сонгууль Европын Холбооны хүч чармайлтад бас нэг саад тотгор боллоо. Шинэ Засгийн газраа эмхлэн байгуулахаар бэлтгэж буй Роберт Фицо цагаачдын урсгалтай дангаар тэмцэхээ амлав. “Бид хүч хэрэглэхэд хүрэх нь. Энэ бол тийм ч аятайхан дүр зураг биш” гэж тэр мэдэгдэв. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий ч Гранадад Европын Холбооны шийдвэрийг шүүмжилж Орбаныг дэмжив. Моравецкий цагаачлалын асуудлыг сонгуулийн өмнөх (сонгууль нь өчигдөр болсон) сурталчилгаандаа зэвсэг болгож ашиглахыг хичээсэн. Тэрбээр өөрт нь халаагаа өгсөн Дональд Тускийг цагаачдыг тараан байрлуулах тоо хэмжээг зөвшөөрсөн хэмээн шүүмжилж байсан юм. Моравецкий, Орбан хоёрын холбоо Европын зөвлөлийн дарга Шарель Мишелийг дээд хэмжээний уулзалт дээр тун эвгүй байдалд оруулав.