Солонгосын түүх ер бусын. Евроазийн захад жижигхэн, ядуу орон байснаа хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн баян улсын нэг болж орхив. Ийн өндийсөн нь ашигт малтмалтай холбоогүй, Өмнөд Солонгост тэр нь байхгүй, хөдөө аж ахуйгаас ч үүдэлтэй юм биш, байгалийн таатай бус нөхцөлөөс болоод тэнд түүнийг эрхлэх нь тун төвөгтэй. Амжилтын үндэс нь хөдөлмөрч хүмүүс хийгээд олигархууд болон ураг төрлийн холбоог эдийн засгийн тусын тулд ашиглаж чадсан өвөрмөц, үр дүнтэй дарангуйлах дэглэм юм. “Hyundai”, “Samsung”, LG, KIA, “Lotte” чухам ингэж гарч иржээ. Нэрт судлаач Андрей Паньков “Зөвхөн кимчи биш. Солонгосын түүх, соёл, өдөр тутмын амьдрал” номдоо Солонгосын гайхамшгийн тухай өгүүлснээс сонирхуулья.
1960-аад оны эхэнд Өмнөд Солонгосын эдийн засгийн байдал нь тун атаархамгүй байлаа. Улс орон нь хуваагдсаны дараа орчин үеийн бараг бүх аж үйлдвэр, эрчим хүч нь Умарддаа байв. Одоо үүнд итгэхэд хэцүү ч 60-аад оны эхээр Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) Мексик, Гватемалаас төдийгүй Мозамбикийнхаас бага, 1100 ам.доллар байжээ. Тэгвэл энэ үзүүлэлтийг 1990 оны ханшаар бодвол Филиппинд 1500, Гватемалд 2300 ам.доллартай тэнцэж байлаа. Пак Жөн Хи засагласан 20 шахам жилд (1961-1979) ДНБ-ий жилийн өсөлт 9-10, заримдаа 12-14 хувь болж, таван хувиас доош орж байсангүй. Өмнөд Солонгос 30 жилийн дотор хөгжиж буй орноос хөгжингүй улс болов.
Пак болон түүний хүрээллийн арга барил, стратегид Японы аж үйлдвэрийн шинэчлэлийн туршлага багагүй нөлөө үзүүлсэн байна. Төстэй үйл явц 1960, 1970-аад онд Зүүн Азийн Тайвань, Сингапурт өрнөжээ. Дарангуйлах дэглэмийн хөгжил гэж нэрлэх нь элбэг байдаг энэ загварыг 1980 оноос хойш Хятад, Вьетнамын дүр эсгэсэн коммунист дэглэмд хуулбарлан хэрэгжүүлсэн юм. Пак Жөн Хигийн сонгосон эдийн засгийн стратеги нь улс орноо аварга том фабрик болгож хувиргасан явдал. Өмнөд Солонгос руу хилийн чанадаас түүхий эд, хагас бэлэн бүтээгдэхүүн зөөж, тэдгээрийг дотооддоо дахин боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгоод гадагш гаргана. Тус улсад байгалийн нөөц гэхээр юм үгүй, түшиглэж болох ганц юм нь өчүүхэн улаан мөнгөний төлөө ч чин сэтгэлээсээ ажиллахад бэлэн хүмүүс л байлаа. Ийм хүмүүс хангалттай, тэдний хөдөлмөрлөх соёл нь олон зууны тэртээгээс Зүүн Азийн ард түмнүүдийн бусдаас ялгарах чанар байсаар иржээ.
1961 оны Өмнөд Солонгост хөрөнгө чинээ ч, мэргэжилтэй боловсон хүчин ч, тоног төхөөрөмж ч байгаагүй болохоор экспортод түшиглэсэн хөгжлийн үзэл баримтлалыг ажил хэрэг болгох нь тийм ч амар юм биш байлаа. Тиймээс эхний үед томоохон хөрөнгө, өндөр технологи, боловсролтой хүмүүс шаардаад байхгүй хөнгөн аж үйлдвэр хөгжүүлэхээр шийдсэн байна. Хөдөө орон нутгаас охид, хүүхнүүд олон мянгаараа хот, суурин газарт очиж, олон тоотой байсан оёдлын газруудад ажиллах болжээ. Тэдний хийснийг Өрнөдийн хөгжингүй орнуудад экспортолно. Хөдөлмөрийн нөхцөл нь асар хүнд, сард ганцхан амралтын өдөртэй, өдөрт 10 цагаас багагүй хугацаагаар ажиллана. Зүүн Азийн бодит түүхэнд дарангуйлах дэглэмд л эдийн засгийн шинэчлэл амжилт олж байсныг нь бид мэдэх юм. Зарим улсад хуурмаг ардчилсан, нөгөөд нь хуурмаг коммунист онол ашиглаж байсан эдгээр дэглэм хоорондоо их төстэй. Эдийн засгийн шинэчлэл хийхэд ганцаар захирах дэглэм давуу талтай оролцоход хэд хэдэн шалтгаан байжээ. Нэгдүгээрт, тогтвортой ийм дэглэм ажлаа удаан хугацаагаар төлөвлөхөд төвөггүй байв. Хоёрдугаарт, ялангуяа дарангуйлах дэглэм бэхжих эхний үе шатанд ажилчдын хөдөлгөөнийг дарах хатуу бодлого явуулж байсан. Дэлхийн тавцанд тухайн үед Зүүн Азийн орнуудын өрсөлдөх гол давуу тал нь хямд, сайн ажиллах хүч байжээ.
Зүүний үзлийг баримталдаг байсан генерал цолтой Ерөнхийлөгч Пак капитализмыг хурдацтай хөгжүүлэх үзэл зорилт нь хоосон орон зайд юм уу, “Пхеньян, Бээжин, Москвагийн хүмүүсийн арга мэхээр” хэрхэвч бий болохгүй гэдгийг сайн ойлгож байв. Тэрбээр тэгш бус байдалтай төдийгүй, дээдсийн үзүүлдэг тансаг хэрэглээний эсрэг тэмцэж байжээ. Энэ дургүйцлээ эрдэнийн чулуун чимэг зүүлтээр биеэ чимсэн гэргий нараа дагуулж олигархууд дайллага цайллагад заларч ирэхэд нь илэрхийлдэг байсан гэдэг. Өмнөд Солонгосын дипломат үйл ажиллагаа хүйтэн дайны үед бий болсон олон улсын байдлыг чадмаг ашигладаг байлаа.
Пак Жөн Хиг Зөвлөлтийн хэвлэл “Америкийн утсан хүүхэлдэй” гэж бичдэг нь үнэнтэй төдийлөн нийцэхгүй байжээ. Шаардлагатай гэж үзвэл Пак Америкийн аяыг дагаж, эрх чөлөөт энхийн үзэл санаанд үнэнчээ тангараглана. Тэгэхдээ коммунист нууц ажилтан байсан Пак Жөн Хи сэтгэлийнхээ гүнд Америкт яаж хандахаа сайн мэднэ. Харин гадаад талаас дэмжлэггүйгээр өөрийн төлөвлөснөө хэрэгжүүлэх боломжгүйг ойлгож, уг дэмжлэгийг хүлээхийн тулд байгаа хэрэгслийг бүрэн ашигладаг аж. Өмнөд Солонгосын тусгай албад Америкийн улс төрчдийг худалдаж авах хэмжээнд хүртлээ үйл хэрэг нь гүнзгийрч байв.
Тухайлбал, Өмнөд Солонгост тусламж үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгохыг дэмжсэн Америкийн Конгрессын гишүүдийг Сөүлийн тагнуулчид худалдаад авчихсан байсан нь 1976 онд тодорхой болсон аж. 1972 оноос өмнө тус улсад сөрөг хүчний улс төрийн намууд үйл ажиллагаа явуулдаг ч Умардын болон коммунистуудын тухайд хэвлэл нь нааштай хандлага илэрхийлж чаддаггүй, бусад зүйлийн хувьд харьцангүй чөлөөтэй байв. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээ Пак Жөн Хи 1972 онд зарлаж, үндсэндээ төрийн эргэлт хийж, ганцаар захирах аядуу дэглэмээ зарим талаар нэг хүнийг тахин шүтэх шинжтэй илт дарангуйлах дэглэм болгон хувиргаж, өөрийгөө бүх насаараа Ерөнхийлөгч байхаар болгож орхиж.
1972 оны энэ эргэлтээс хойш Ерөнхийлөгчийг шууд сонгуулиар тодруулахаа больж, хяналт эрс чангарч, сөрөг хүчний удирдагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулах болсон аж. Сөрөг хүчний удирдагчдын дотроос хамгийн нэрд гарсан Ким Дэ Жуныг 1973 онд Токиод хулгайлсан нь тэдгээр тусгай ажиллагааны нэлээд дуулиантай явдлын тоонд орно. Энэ ажиллагааны зорилго одоо хэр нь тодорхой болоогүй ч Кимийг зүгээр л айлгах гэсэн байж болох юм гэж үздэг ч амийг нь хороохоор төлөвлөж байсныг үгүйсгэж болохгүй. Уг ажиллагааг зохион байгуулагчид хэнд ч мэдэгдэлгүйгээр анхны төлөвлөгөөнөөсөө татгалзсан байдаг.
Пак Жөн Хи 1972 онд эргэлт хийхээр шийдсэн шалтгааны тухайд мэдээж удаан маргаж болно. Юуны урьд тэрбээр эрх мэдлээ алдахаас болгоомжилсон байж мэднэ. 1963, 1967 оны сонгуульд тэрбээр багагүй давуу санал авч, ихээхэн хэл амтайгаар ялсан, харин 1971 оны сонгуульд ердөө 51.2 хувийн санал авч Ким Дэ Жун сонгогчдын 43.6 хувийн дэмжлэг хүлээв. Энэ даруухан үр дүн олон талаар Сонгуулийн төв комиссын “илбэчдийн” ихээхэн хүчин чармайлтын үр дүн гэх хардлага байдаг байлаа. 1972 оны эргэлтийг үндэсний эрх ашгаа бодож хийсэн гэж Пак Жөн Хи өөрийн хүрээллийнхэнд тайбарласан байна. Улс орондоо тавих хяналтаа иргэний улс төрчдөд өгснөөр эмх замбараагүй байдал бий болгож, эдийн засгийн хөгжлийнхөө дараагийн үе шатанд гаргах боломжоо алдана гэж тэр үзсэн аж.
1972 онд болсон эргэлт хатуухан ганцаар захирах дэглэм авчирсан ч эдийн засагт гэмтэл учруулсангүй. Харин ч өөрчлөлт шинэчлэл шинэ шатанд орж, 70-аад оны эхнээс Өмнөд Солонгос хүнд аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлэх болжээ. Чухам тэгэхэд л хүнд аж үйлдвэрийн тэргүүлэх салбаруудаа Засгийн газар нь тогтоож, бүх анхаарлаа түүн рүү хандууллаа. Ийм салбарт автомашин, хөлөг онгоц, нефть хими, металлургийн үйлдвэрүүдийг хамруулсан байна. Өмнөд Солонгосын эдийн засагт тэр үед аварга том Чэболь концерн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов.
Чэболь нь тодорхой зориулалтгүй, олон талтай, оёдлын машинаас компьютер, ган цувималаас микросхем хүртэл үйлдвэрлэдэг нүсэр фирм юм. Ирээдүйтэй, чадалтай бизнеменүүдийг сонгон авч, тэдэнд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын бодлогын үр дүнд энэ Чэболь бий болжээ. Цөөн тооны том компанид найдлага хүлээлгэсэн нь эдийн засгийгэкспортын баримжаатай холбоотой байлаа. Томоохон компаниуд л дэлхийн зах зээлд дориухан амжилт олох боломжтой гэж Пак болон түүний зөвлөхүүд үзэж байжээ. Тэгтэл томоохон фирм Өмнөд Солонгост байсангүй, тэднийг хөгжлийн жам ёсоор гарч ирэхийг хүлээвэл их удах, тиймээс “аварга”-уудыг даруйхан бий болгохоор шийдэв. Тэгэхдээ халаасны олигархуудыг “өсгөж үржүүлэх” нь тухайн цаг дор шүүмжлэлд өртдөг байв. Ийм загвар авлига, хээлхахуулиас ангид байдаггүй гэж үзнэ. Энэ нь зарим талаар үнэн, хахууль байсан, гэхдээ Азийн ихэнх орны хэмжүүрээр хэр тааруу байсан аж. Үүнд Пак Жөн Хигийн бие хүний нөлөө нэлээд үүрэг гүйцэтгэсэн байх боломжтой. Түүний олон дайсан дундаас хамгийн эвлэршгүй нь ч Пакийг авлигын ямар нэг хэрэгт буруутгаж чадаагүй юм. Олигархуудаас Пак мөнгө авч байсан ч түүнийг орд харш барих, нууц амрагтаа гоёл авахад зориулсангүй, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулж байжээ. Харин түүний ашиг завшаан хардаггүй зүтгэлийг нь хүрээллийнх нь хүмүүсийн авлигын шунал сулруулсан байж болзошгүй.
Өмнөд Солонгосын эрх баригчид тээврийн дэд бүтэц, эрчим хүч, боловсролын буюу хувийн хэвшлийнхний хөрөнгө, чадал хүрэлцэхгүй юм уу, тэдний сонирхлыг татдаггүй салбаруудад томоохон хөрөнгө оруулсан байна. Тухайлбал, ард иргэдээ олноор нь машинтай болгохоосоо өмнө хурдны зам барьсан байдаг.
Гэвч эдийн засгийн амжилт нь Өмнөд Солонгосын ганцаар захирах дэглэмийн улс төрийн суурийг нь сүйтгэж орхижээ. Эдийн засгийн хөгжил хүн амын боловсролын түвшинг дээшлүүлж, дунд давхаргыг төлөвшүүлсэн нь улс төрийн өөрчлөлтийг зайлшгүй болгов. Ийм өөрчлөлт 1980-аад оны эцсээр Тайвань, Солонгост нэгэн зэрэг тохиосон юм.
1961 оны эргэлт болоход дундаж насанд хүрсэн байсан солонгосчууд юуны түрүүнд Пак Жөн Хигийн дэглэмийг дэмжиж байлаа. Эд бол ядуу зүдүү байдалд өсөжторнисон, эдийн засгийн үсрэнгүй өсөлт, түүнтэй холбоотой боломжийг үнэлж цэгнэж чадах хүмүүс.
1970-аад оны эцэс рүү өмнөд солонгосчуудын ихэнх нь амьдралдаа анх удаа цадталаа идэж, тохьтой байранд амьдарч, телевизор гэгчийг үзэх боломжтой болж, 80-аад оны төгсгөл болоход бүх нийтэд хүртээмжтэй ая тух дээр нэмээд хувийн машин авах боломж нэмэгджээ.
Сүрлэн дээвэртэй оромжинд эхээс мэндэлж, хүүхэд насанд нь томоохон баяраар л цагаан будаа ам руугаа хийх завшаан олддог, мах бол баячуудын л хүнс гэж үздэг байсан хүмүүст энэ үсрэлт ямар сэтгэгдэл төрүүлсэн нь ойлгомжтой. Түүнээс гадна 40-өөд оны төгсгөл үед Солонгост үндсэндээ иргэний дайн болж байсан, залгуулаад 1950 оны Умард Солонгосын цахилгаан дайн болсон цуст эмх замбараагүй байдлыг энэ үеийнхэн сайн санадаг. Энэ хүмүүс Умардын шинэ довтолгооноос, төрийн тогтворгүй байдлаас эмээж явсан юм. Ганцаар захирах дэглэмийг гадаад болон дотоод аюулгүй байдлынхаа төлөө гарцаагүй төлөх үнэ гэж тэд үзэж байв. Гэвч 50, 60-аад онд төрж, нийтээр дээд боловсролтой болсон тэдний хүүхдүүд болж буй бүхэнд огт өөрөөр хандаж байлаа. Эдийн засгийн өсөлтийг тэд үнэлж байсан ч долоо хоногт гурван удаа цагаан будаа идэх боломжийг байх л ёстой юм шиг бодож, өлсгөлөн гэгчийн тухайд ахмад үеэсээ л сонсож байв. 40, 50-иад оны байдал оюун санаанаас нь арчигдаж, өөрийнхөө хүчинд итгэх нь нэмэгдэж, 60-аад онд гарцаагүй тохиолдол хэмээн талархаж байсан дарангуйлах дэглэм заримд нь тун хэрэггүй зүйл мэт санагдах болж.
1980 оны Өмнөд Солонгос 20 жилийн өмнөхөөсөө эрс өөр болсон байлаа. Энэ хугацаанд нэг хүнд ногдох ДНБ нь барагцаалбал дөрөв дахин буюу 1100 ам.доллар байснаа 4300 болжээ. Хотын хүн ам 1.5 дахин өсөж, 1960 онд 35 байсан бол 1980 онд 53 хувь болсон байна. 1960 онд сургуулийн насны хүүхдийн 49 хувь нь дээд сургуульд орж байж. 1980 онд солонгосчуудын 96 хувь нь дунд сургууль нэгэнт төгссөн байлаа. 1980 онд залуучуудын 27.1 хувь нь дээд боловсролтой болсон байв. Урд үеийнхний олонход энэ бол мөрөөдөл байжээ. Энэ бүхэн хөгжлийн дарангуйлагч дэглэмийн амжилтыг илэрхийлэх ч улс төрийн үндсийг нь тамирдуулж орхисон байжээ.
Пак Жөн Хи 1979 оны аравдугаар сард өөрийн тагнуулын албаны даргын гарт амиа алдаж, тус улсад ардчиллын төлөө хөдөлгөөн эхэлжээ. Оюутнууд гудамжинд гарч, Үндсэн хуулиа эргэж харахыг, ардчилалд шилжихийг, Ерөнхийлөгчийг шууд сонгуулиар гаргаж ирэхийг шаардлаа. Сөүлийн хавар ийн эхэлсэн юм. Энэ тэмцлийн оргил нь Сөүлийн галт тэрэгний буудлын өмнөх талбайд болсон жагсаал байв. Түүнд 100 мянган хүн оролцжээ.