"Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллага 35 дахь удаагаа "Номын баяр" зохион байгууллаа. 2007 оноос эхлүүлсэн, сүүлийн жилүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлэх болсон уг баяр хүрээгээ тэлсээр буй. Өдгөө гадаадын хэвлэн нийтлэгчид, зохиолчид, хэвлэлийн агентлагуудын төлөөлөл зорин ирдэг арга хэмжээ болжээ. Энэ удаа олон улсын хэвлэн нийтлэл, зохиогчийн эрхийн асуудлаарх "Andrew Nurenberg Associates" болон "Introtema" компаниудын төлөөлөгчид уг баярт оролцож, манай улсын хэвлэн нийтлэгчидтэй уулзсан юм.
Монголын хэвлэн нийтлэгчдийг олон улсын хэвлэлийн газрууд болон зуучлагч агентлагуудтай холбох зорилгоор "Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагынхан дээрх компанийн төлөөлөгчдийг урьжээ. Мөн манай улсын номын зах зээлийг дэлхий дахинд таниулах, монголчууд заавал гадаадын үзэсгэлэн яармагт оролцохгүйгээр номын зохиогчийн эрх авдаг байх, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох боломжийг бүрдүүлэх зорилго тавьсан байна. Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, Турк улсад төвтэй "Introtema" компанийн зохиогчийн эрх хариуцсан менежер Якупова Гульнара Есеповнаг номын баярт саатах үеэр нь цөөн хором ярилцлаа.
-Манай улсын номын баярын талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монголд томоохон хэмжээний номын яармаг үзэсгэлэн болдог юм байна. Би өмнө нь сонсож байсан. Гэхдээ ийм өргөн хүрээнд зохион байгуулдаг гэж төсөөлж байсангүй. Улсынхаа нийслэлийн төв талбайд номын баяраа тэмдэглэдэг нь онцгой сайхан санагдлаа. Эндээс Монголын төр засгаас энэхүү арга хэмжээнд сайтар анхаарал хандуулдаг, дэмждэг юм байна гэсэн бодол төрсөн. Гадаадын зарим оронд номын яармаг нь гудамжинд, бүр хотын зах хэсэгт ч болдог. Мөн Монгол Улс зохиолч, өөрөөр хэлбэл, туурвидаг хүмүүсийн зэрэгцээ хэвлэн нийтлэгч олонтой юм байна. Тэд Монголынхоо дээхэн үеийн шилдэг зохиолчдын бүтээлийг дахин хэвлэдгийг харлаа. Мөн гадаадын шилдэг борлуулалттай номуудыг бараг хэвлэгдсэн даруйд нь зохиогчийн эрхийг нь худалдан авч, орчуулан олон нийтэд хүргэдэг нь бахархмаар санагдлаа. Мэдээлэл сайтай, мэдрэмжтэй юм. Бас их хурдтай. Түүнчлэн номын баяр гэж нэрлэдэг энэ яармагтаа олон нийт их идэвхтэй оролцдог нь сайхан юм. Тэгэхээр монголчууд их уншдаг, утга зохиолын өндөр соёлтой юм гэж дүгнэхээр байна. Монгол ном, монгол соёл сонирхол татлаа.
-Манай улсын хэвлэн нийтлэгчид та бүхний санал болгосон номуудын зохиогчийн эрхийг хэр худалдаж авав?
-Нэлээд олон байгууллага гадаадын янз бүрийн номын зохиогчийн эрхийг худалдаж авлаа.
-“Introtema” компанийн тухай дэлгэрэнгүй танилцуулна уу. Танайхыг олон улсад сайн мэддэг бололтой.
-Манай компани дэлхийн 140 гаруй орны хэвлэн нийтлэгчдийг төлөөлдөг. Тэдгээрийн зарим нь нэг бус, 10-15 мянган номын зохиогч, зохиолчтой хамтарч ажилладаг. Бас түүнээс олон номтой нь ч бий. Үндсэндээ манай санд 60 гаруй хэлээрх 70 000 гаруй ном байна. Салбарынхаа хувьд Турк улсад хамгийн томд тооцогддог компани. Мөн Орост, Европт сайн мэддэг. Оросын хамгийн том хэвлэн нийтлэгч байгууллагыг Туркт төлөөлж байгаа. Мөн бид Казахстан, БНСУ, Малайз улстай нягт хамтарч ажилладаг. БНСУ-д төлөөлөгчийн газартай. Латин Америкт бас төлөөлөгчтэй. Тус бүсэд алдартай зохиолч, зохиогч олон. Нобелийн шагналтан ч хэд хэд бий шүү дээ. Манай байгууллага тэднийг бас хэд хэдэн оронд төлөөлөн ажиллаж байна. “Introtema” нь мөн “Оксфорд” хэвлэлийн газрын нэрийн өмнөөс Киргиз, Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна. Манай компанийн үйл ажиллагаа зөвхөн зохиогчийн эрх худалдахаар хязгаарлагддаггүй. Номтой холбоотой сонирхолтой, олон улсын түвшний арга хэмжээ зохион байгуулдаг. Жил бүр дэлхийн олон орноос зохиолч, хэвлэн нийтлэлчдийг урьж, хооронд нь танилцуулах, туршлага судлуулах зорилготой, гурав хоног үргэлжилдэг хөтөлбөр хэрэгжүүлдэг уламжлалтай. Энэ жил 60 орноос 300 гаруй хэвлэн нийтлэх байгууллагын төлөөлөл цугласан.
-Монголд ирсэн зорилго тань биелэв үү?
-Бид голчлон зохиогчийн эрх худалдах ажил эрхэлдэг ч түрүүнд хэлсэнчлэн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Түүнчлэн Монголд болон энэ бүс нутагт ном ард түмнүүдийн оюуны хэрэгцээнд ямар байр суурьтай байдаг, номын бизнес хэр хөгжиж буй зэргийг судалж, танилцахаар ирсэн. Зорилго биелж байна аа. Монголчуудад гадаадын уран бүтээлчдийн зохиогчийн эрхийг худалдах зорилго тавьсан. Үүний сацуу Монголын зохиолч, зохиогчдын бүтээлийн зохиогчийн эрхийг ч бусад орныхонд санал болгохыг зорьсон юм. Монгол ном, монгол соёл бидний хувьд төдийгүй бусад олон орны хэвлэн нийтлэгч болон иргэдийнх нь сонирхлыг татаж байна. Энэ тухай олон оронд мэддэггүй шүү дээ. Тэгэхээр гадаадад Монголын тухай мэдээлэл хүргэхийн тулд тухайн орных нь хэлээр ном орчуулж гаргана, хэвлэнэ гэсэн үг. Энэ удаа лав англи хэлээрх ном нэлээд байдгийг олж мэдлээ.
-Номын дэлгүүрүүдээр тухтай явж амжив уу. Гадаадын зохиолчдын бичсэн ном хэр элбэг санагдав. Орчуулан хэвлэсэн бүтээлүүдийн сонголтын тухайд та юу хэлэх вэ. Бид сайныг нь онож орчуулж чадаж байгаа болов уу?
-Хэд хэдэн дэлгүүр орсон. Дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг бүх ном өрөөстэй байна лээ. Танай улсын хэвлэн нийтлэгчид гадаадын тэргүүлэх авторууд, хүчирхэг хэвлэн нийтлэгчидтэй харилцаатай ажилладаг, чадамж өндөртэй юм байна. Өөрөөр хэлбэл, тэдний хүчин чармайлтаар Монголын уншигчид олон улсад дөнгөж гарсан сайн ном, бүтээлийг тэр даруйд нь шахам уншдаг гэсэн үг. Энэ тухайд монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхдаг юм байна.
-Таныг олон хэл эзэмшсэн болохыг анзаарлаа. Орос, англи, турк хэлээр чөлөөтэй ярьж байна. Өөр ямар хэлээр харилцдаг вэ?
-Татар, орос бол миний унаган хэл. Анхны гадаад хэл турк. Дараа нь англи хэл сурсан. Араб хэл гадарладаг. Ямар ч тохиолдолд харилцаж чадна. Харин бичгийн түвшинд сураагүй.
-Олон хэлтэн болоход ном их нөлөөлсөн үү?
-Маш их нөлөөлсөн. Ном бол мэдлэг, мэдрэмж, ер юм бүхний эх үндэс. Хүч чадал, хил хязгааргүй эрх мэдэл ч гэж хэлж болно.