ДБЭТ суут Ж.Вердийн “Макбет” дуурийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард тайзнаа тавьсан билээ. Тухайн үед уран бүтээлчдийн дундаас “Яагаад заавал “Макбет”- ыг тавих ёстой вэ. Сэдэв хүнд, олон улсад төдийлөн тоглодоггүй бүтээл шүү дээ. Тэгээд ч манай баритонууд нас залуу, таарч тохирох уу” гэх зэрэг асуулт гарч байсан билээ. Гэсэн ч тухайн үеийн удирдлага нь ивээн тэтгэгчдийн хүсэлтийг харгалзан уг дуурийг бүтээхээр зүтгүүлсэн түүхтэй. Найруулагчаар театрын ерөнхий найруулагчаар томилогдоод удаагүй байсан С.Баттулга ажилласан. Тэдний шинэ бүтээлийг үзэгчид таалан хүлээж авснаас хойш эдүгээ тав дахь удаагаа тоглолоо. Энэ удаа гол дүр Макбет жанжинд Ардын жүжигчин Э.Амартүвшин тоглосноороо онцлог байв. Тэрбээр амралтаараа эх орондоо ирсэн бөгөөд театрынхан өмнө нь хүсэлт тавьсны дагуу хамт олонтойгоо хамтран тоглолоо.
Дуурийн урлагийн мастер Ж.Верди нь суут У.Шекспирийн гурван ч бүтээлээс сэдэвлэсэн зохиолд хөгжим туурвиж, дуурь бүтээсний нэг нь “Макбет” юм. Нөгөө хоёр нь “Отелло”, “Фальтстаф”. “Макбет”-д тухайн үеийн буюу XVII зууны Англи, Шотландын улс төрийн бохир орчны тухай өгүүлдэг. Макбет хаанаа хөнөөж, өөрөө байр суурийг нь эзэлсэн ч удалгүй нас нөгчдөг. Эрх мэдэлд шунан дурлагч гэргий нь түүнийг хурцалж, “ташуурддаг”. Гэргийн оролцоо бүтээлд гол дүрээс дутахааргүй юм. Макбет нь хааны удмынхан суудал сэнтий булаалдах вий хэмээн болгоомжлохдоо цусан төрлийнхнийг нь хүүхдүүдтэй нь хөнөөлгөдөг. Энэ бүхний эцэст хатагтай Макбет шулмуудын хараал хүрч, зүүдэндээ шаналан үхнэ. Макбет мөн орчин үеийн хэллэгээр бусад улс төрчийн гарт насан эцэслэдэг. Энэ явдлыг өнгөц харахад Макбетыг хөнөөсөн дайчин сайн талын баатар мэт боловч мөн л алуурчин. Тийм болохоор улс төрийн орчин дахь тамын тогооны “үлгэр” үргэлжилсээр байдгийг домогт У.Шекспир утга зохиолын аргаар үзүүлснийг суут Ж.Верди хөгжмийн хэлээр тайзны бүтээл болгож, дэлхийн томоохон театрууд тайзнаа тоглуулсаар өнөөгийн бидэнд хүргэжээ.
Ардын жүжигчин Э.Амартүвшин төрөлх театрынхантайгаа хамт тоглох болохдоо “Макбет” байвал ямар вэ гэсэн санал өгчээ. ДБЭТ уг дуурийг тайзнаа тавиад удаагүй тул бэлтгэлтэй, бэлэн байгаа болов уу гэж ийнхүү сонгосон тухайгаа тэрбээр хэлж байлаа. Түүний хатагтайн дүрд энэ удаа дуурийн гоцлооч Б.Энхнаран тоглосон юм. Макбеттай хамт дайн тулаанд гавьяа байгуулж явсан ч хамтран зүтгэгчдээ хорлуулдаг Банко жанжинд басс хоолойт С.Бат-Эрдэнэ, хааны удмын дайчин Макдуфт дуурийн гоцлооч, тенор М.Даваадорж тоглолоо.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн дуурь төгсөхөд танхим дүүрэн цугласан үзэгчид уран бүтээлчдэд, тэр дундаа алс холоос зорин ирж, дуурийн урлагт дурлагсдад уран бүтээлийн бэлэг барьсан Ардын жүжигчин Э.Амартүвшинд баяр хүргэн, талархлаа илэрхийлж, арваад минут тасралтгүй алга ташиж байв. Ардын жүжигчин тайзнаас хариу талархал илэрхийлэн хэдэнтээ мэхийн ёсолж, урлагийн замд хөтөлсөн алтан тайзнаасаа адис авахад зарим үзэгч уяран, баярын нулимс унагаж ч харагдав.
Хүйтний ам цаашилж, хаврын нар наашилсан энэ цаг үед Монголын театрын урлагийн түүхэнд ийм нэгэн онцлох үйл явдал тохиолоо. Дэлхийн шилдэг баритонуудын нэг Ардын жүжигчин Э.Амартүвшин олон жилийн дараа эх орондоо саатах хугацаанд ийнхүү тоглов. Уг онцгой үйл явдлын талаар ДБЭТ-ын гоцлол дуучин, басс хоолойт Б.Алтанхуяг “Амартүвшинтэйгээ олон жүжигт хамт тоглосон. Тэр үед ч сайхан дуулдаг байсан шүү дээ. Харин түүнээс хойш зургаан жил өнгөрөхөд найз маань олон улсын түвшний боловсрол эзэмшиж, өөрийн болгосноор дуурьд дуулах ажлыг 100-гаас дээш хувь гүйцэтгэдэг болжээ гэж үнэлэхээр байна” хэмээлээ.
Тус театрын төгөлдөр хуурч, дуурийн концертмейстер Ү.Уртнасан “Би 2014 онд анх театрт ажилд орохдоо Э.Амартүвшин ахтай “Чингис хаан” дуурьд цуг ажиллахаарболсон юм. Бараг хүүхдээрээ шахуу намайг голоогүйд баярладаг. Одоо чхамт ажиллаж байна. Дуулах тухайд би юу хэлэх вэ. Зан ааш нь яг хэвээрээгэдгийг анзаарлаа. Хамт олон түүнийг тойрон хүрээлээд, уур амьсгал сайхан байна. Зүйрлэхэд тохиромжгүй байж мэдэх юм. Гэхдээ хэлмээр байна. Түүнээс боловсорч гүйцсэн жимс, дарс хүртэх ямар байдаг, тийм мэдрэмж авлаа” гэсэн юм.
Дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг “Бид олон жил хамтарсан. “Трубадур”, “Тоска”, “Аида” зэрэг том том дуурьд ажиллаж байлаа. Тэр үед нэлээд хичээн чармайж, өөрийгөө шавхан байж хоорондоо авцалдаж байгаа юм шиг, нийлэмжтэй мэт болдог байсан юм. Гала тоглолтод бэлтгэж байхад тэр үе санаанд орж байлаа. Ер нь чадвартай дуучинтай хамтрахад маш их хөглөгддөг. Э.Амартүвшин маань театртаа тоглосноор уран бүтээлчдийг ч, үзэгчдийг ч сэргээж, аль алинд нь дэлхийн түвшний мэдрэмж өгсөнд баяртай байна” гэсэн.
Социализмын үед Соёлын дэд сайдаар ажиллаж байсан Ж.Баатарцогт “Аливаа юм жигдэрнэ гэж байдаг. Дуучин Э.Амартүвшин бүх талаар жигдэрчээ. Тоглолтын өмнөх бэлтгэл сургуулилалтын үеэр ирж сонссон юм. Тэр үед оркестрт нэлээд ажиллагаа хэрэгтэй нь харагдсан юм. Өнөөдөр бол сайхан дуугарч байна” гэж байлаа.
ДБЭТ-ын гоцлол дуучин, баритон Б.Монголхүү “Бид оюутан байхдаа интернэт орчинд Д.Хворостовский, Пьеро Каппуччилли, Жоржио Занканаро, Лио Нуччи, Ренато Брасон зэрэг дэлхийн хүчирхэг баритоны дуулахыг сонсож, тэдний тухай уншиж, судалдаг байлаа. Тэр үед Э.Амартүвшин ах ч бас адилхан тэднийг сонсдог байсан байх. Харинодоо тэр өөрөө шилдгүүдийн дуулж байгаа, дуулсан бүхий л тайзан дээр гарч буй нь бахархмаар сайхан. Тэрбээр олон улсад судлагдахуун болоод удаж байна” гэв.
Энэхүү дуурийн хатагтай Макбетын дүрд тоглосон гоцлооч Б.Энхнарангаас сэтгэгдлийг нь сонсоход “Ардын жүжигчин Э.Амартүвшингээс дэлхийн стандартыг мэдэрлээ. Бас манай улсын театрын уран бүтээлчид дэлхийн хэмжээний уран бүтээл төрүүлж, тоглон, тун даруухнаар оршин байдаг юм байна гэсэн мэдрэмж ч төрлөө” гэж хэлсэн юм.
ДБЭТ-ын зүгээс Ардын жүжигчин Э.Амартүвшин гол дүрд нь дуулсан “Макбет” дуурь болон театрынхаа шилдэг дуучидтай хамтарсан гала тоглолтыг зохион байгуулах ажлыг “Mon¬gol events” ХХК-д хариуцуулах замаар хамтран ажиллав. Аль аль тоглолтын тасалбарын үнэ партер, бельэтаж гэлтгүй 300 000 төгрөг байв. Харин дээд давхрын захын суудлуудыг 150 000 төгрөгөөр үнэлж худалдахад зарласан даруйд тасалбар дууссан нь монгол үзэгчид Ардын жүжигчний тоглолтыг машид хүсэн хүлээсний илрэл гэлтэй.
Тоглолтын төгсгөлд театрын үүдэн хэсэгт гол дүрийн болон бусад жүжигчнийг шүтэн бишрэгчидтэй нь уулзуулахаар зохион байгуулсан байв. Үзэгчид дэлхийн шилдэг баритоныг хэсэгтээ бүчиж, зураг авхуулж, баяр хөөрт умбан байлаа.
Олон улсад “Вердийн дуучин” хэмээх ойлголт, хэллэг бий. Суут хөгжмийн зохиолч, дуурийн урлагийн мастер Ж.Вердийн туурвисан дууриудын ярвигтай, адармаатай гол дүрүүдийг жинхэнэ утгаар нь бүтээж, “амилуулдаг” дуучдыг ийм бүлэгт багтаадаг аж. Ийм дуучин ховор. Бүхий л шалгуур, үзүүлэлтэд тэнцэж, өөрөөр хэлбэл, стандарт хангаж гэмээнэ дэлхийн томоохон театруудад уригддаг. Сүүлийн жилүүдэд олон улсад нэр хүндтэй театрууд монгол баритон Э.Амартүвшинг энэ дүрд өрсөлдөн урьж байгаа. Тэрбээр Ж.Вердийн “Риголетто” дуурьд л гэхэд 99 удаа дуулаад байгаа ажээ. 100 дахь нь удахгүй Венийн Дуурийн театрт тохиох юм билээ. Дэлхийн дуурийн урлагт өөрийн байр суурь, орон зайг энэ мэтчилэн дархлаад буй хүчирхэг баритон эх орондоо суут хөгжмийн зохиолчийн Макбет жанжны дүрийг ийнхүү“ном ёсоор” нь бүтээн амилуулж, үзэгчдэдээ томоохон бэлэг барилаа.