“Норфей арт” галерейд зураач Д.Чулуунбат “Тэнгэр” үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ. Байгалийн, түүхэн сэдэвт болон сюрреалист чиглэлийн бүтээлүүдээ тэнгэр заяат монголчууддаа зориулан дэлгэж буйгаа тэрбээр хэлсэн юм. Байгаль эхээ хайрлаж, үүх түүхээ санаж, эв эеийг хичээж амьдарвал өнөөдрөөс илүү сайхан нийгмийг хамтдаа бүтээх юм шүү гэсэн санаа, агуулгыг зургуудаараа илэрхийлэхийг тэрбээр хүсжээ.
Алс холоос нисэн ирж, нуурын мандалд дөнгөж буух гэж буй тогоруунууд, халиурсан шаргал талд тааваараа идээшилж буй адуун сүрэг зэрэг нь сэтгэл татам. Зураач “Зам байсаар байтал хүмүүс хаагуур ч хамаагүй нэмж зам гаргадгаа болиосой, босоод суухдаа, хоноглоод хөдлөхдөө эргэж харж, хог новш үлдээсэн, эсэхээ хянадаг байгаасай. Гол, нуурын усыг бүү бохирдуулаасай гэсэн санаагаа илэрхийлсэн. Энэ бүхнийг зурдаг нь байгаль гэдэг ийм цэвэр, ариун, хайрламаар шүү дээ гэж харуулж байгаа юм” гэлээ.
Тэрбээр түүхэн сэдэвт бүтээлүүд төрүүлэх дуртай. “Монголынхоо түүхийг уншиж байхад монголчууд хоорондоо эвтэй байх үедээ үргэлж ялж, мандан бадарч байсныг ойлгодог. Түүн шиг одоо ч гэсэн бид хоорондоо эвтэй, бие биеэ хүндэлж байя. Дундаасаа санал нэгтэй бий болгосон удирдагч, лидерээ зүг чиг болгон дэмжиж байвал хожно. Бүгд адил мандан бадарна. Ямар ч цаг үед удирдагчид, манлайлагчид байсаар ирсэн. Ер нь ч байх болно. Тиймээс тэднийгээ сонсож, алдаа, оноог нь хэлэхдээ эерэг, өөдрөгөөр хэлэлцэж, сануулж байж гэмээнэ цуг урагшилна. Эс бөгөөс намагтаа шавар хутган, хий эргэсээр байх болно гэж боддог юм. Энэ санаагаа түүхэн зургуудаараа илэрхийлэхийг хүсдэг” хэмээн зураач тайлбарласан юм.
Бурхан Халдун уулын оройд нарны цацраг туссан бүтээл нь анхаарал татав. Утга санааг нь асуухад “Онон голын эх энд байдаг. Энэ гол явсаар Амар мөрөнд, харин Амар мөрөн далайд цутгадаг. Тэгэхээр их далайн эх нь Хэнтийн нуруу, улмаар Монгол юм. Би Монголоо дэлхийн эх гэж боддог. Санал нийлэх хүн олон байх болов уу. Манай улсад ирсэн гадаадынхан өвс, ногоо үнэрлээд л дуу алдан баярладаг. Тэгж өөриймсдөг. Монгол эх орон минь харийн хүмүүст, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд тийм гоё мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Тэгэхээр Монгол бол тэдний ч эх орон, гэр нь байж болох юм” хэмээлээ.
Тэрбээр үүнээс тав, арван жилийн өмнө хүмүүст ингэж хэлээд нэмэргүй байсан болов уу гэдгийг дурдсан. Харин одоо хүмүүсийн ахуй амьдрал нь сайжрахын хэрээр илүү дээд түвшинд бодож, сэтгэдэг болсон гэж үзээд, чухамхүү ийм үед нь үзэл бодлоо уран бүтээлээрээ дамжуулан хуваалцаж буй ажээ. Үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.