График зураач Т.Хулан уран бүтээлийн бие даасан 15 дахь “Хором Мөч” үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Сэдэв, агуулга ялгаатай, үзэг, тосон бал зэрэг хэрэгслээр голчлон бүтээсэн график төрлийн 69 зураг дэлгэжээ. Зураач нэг үе уран зургаар өдрийн тэмдэглэл хөтөлж байсан билээ. Өөрөөр хэлбэл өдөрт нэг бүтээл төрүүлж байснаар онцлог.
Уран бүтээлийн тэр л шаардлага, арга барил нь эдүгээгийн “Хором Мөч” үзэсгэлэнгээс нь харагдаж буй.
Хязгааргүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэх цаг хугацааны хором, мөч бүр үнэ цэнтэй, дурсгал, дурсамжтай, баяр цэнгэл, басхүү зовлон гунигтай байж, сургамж, ухаарал ч үлдээдэг. Гагцхүү хүмүүн хором, мөч бүрийг хэрхэн үдэж, яаж угтсан бэ гэдгээс амьдралынх нь өнгө хамаардаг мэт. Олноороо нэгэн жилийг үдэж, бас нэгэн жилийг утга учир, билэг ерөөлтэй угтахаар завдаж буй энэ үед зураач бүсгүй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж буй нь мөн л бэлгэдэлтэй.
Зураач Т.Хулантай уулзах үед тэрбээр “Би өмнө нь "Өдөрт нэг" гэж нэрлэсэн үзэсгэлэн гаргаж байлаа. Тэр санаа дахиан давтагдаж байна. Хаана ямар газар оронд очно, хаана ямар хүнтэй уулзана, юу сурч мэднэ, тэр агшин, хором, мөч бүрт төрсөн сэтгэгдлээ бүтээлдээ шингээн туурвидаг. Хэсэгхэн хугацаа өнгөрсөн байсан ч, эргээд харахад миний амьдралын хором, мөч бүхэн үнэ цэнэтэй байдаг. Бүх хүний хувьд адил шүү дээ. Тэгэхээр зураг, бүтээлүүд минь амьдралын утга учир, үнэ цэнийн тухай юм шиг” гэж ярьж байлаа.
Т.Хулан Монгол Улсдаа Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн. Мэргэжлийн багш нь “польш” хэмээн уран бүтээлч нөхдөдөө хүндлэгдсэн О.Дарамбазар агсан юм. Т.Хулан дараа нь Япон улсын Окинава мужийн Урлагийн их сургуулийг хүүхдийн номын зураач мэргэжлээр магистр цолтой дүүргэсэн.
Тэрбээр 2002 онд уран бүтээлийн бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргасан. Түүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд олон арван бүтээл туурвисан. Амьдралынхаа хором мөч бүрт шинэ зүйлтэй учирч, бас хуучнаас салж, дахин өөр, шинийн эрэлд гарч, түүнийгээ олж авсан ч алдаж, эсвэл хэн нэгэнд өгч ирсэн. Удалгүй түүнийгээ дахин шинээр бий болгохын төлөө бүтээж туурвина. Өөрөөр хэлбэл бусдын адил алдаж, онож амьдарсан.
Зураач бусдад ямар нэг юм өгөхдөө яг хэрэгтэй зүйлийг нь өгсөн байдгаа анзаарчээ. Үүнээс тэрбээр сэтгэлийн таашаал авч, зурах, бүтээх эрч хүчээр цэнэглэгддэг аж. Бүтээл туурвил нь байх ёстой газраа, хайрлаж, үнэлэх хүмүүнд оюун сэтгэлийн цэнгэл эдлүүлэн байгаад туйлаас баярладаг. Чухамхүү энэ сэтгэл ханамж нь уран бүтээлчийн хөгжил, цэцэглэлт гэлтэй.
Зураач Т.Хулан “Миний уран бүтээлийн хором, мөч бүхэн микроскопоор хайсан эрлийн хором, мөч байдаг. Амьдралын хүрд, цаг хугацаны хамгийн бага нэгж нь хором, мөч. Хүн гэдэг амьтан энэхүү багахан хугацааг хэрхэн ашигласнаар хорвоог яаж туулах болоод бусдад үнэлүүлж, дүгнүүлэх эсэх нь ч хамаардаг бололтой” гэсэн юм.
Зураач энэ бүхний талаар бүтээлдээ хэрхэн уусган шингээснээ, өөрийн уран бүтээлийн өдрийн тэмдэглэлээ үзэгч олонтойгоо хуваалцахаар шийдэж “Хором Мөч” үзэсгэлэндээ урьж байна.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолтон болоод удаагүй байгаа залуу уран бүтээлч цээжиндээ багтаж ядсан сэтгэлийн тэмдэглэлээ та бүхэндээ өргөн барьж байна.
Эрхэм хүндэт та зураач Т.Хулангийн “ХОРОМ МӨЧ” үзэсгэлэнд тухлан саатаж, таашаан болгооно уу.
Уран бүтээлч бүрийн хором, мөч бүхэн бүтээн туурвих хүсэл ундарч, зарим талаар тэрхүү хүсэл, тэмүүлэл цээжинд нь багтахгүй оволзож байдаг ХОРОМ, МӨЧ ажгуу.